bolderdene@mininginsight.mn
Засгийн газраас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гуравдугаар сарын 27-нд яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ-ын гишүүдийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарснаар дөрөвдүгээр сарын 22-нд хуулийн төслөө эргүүлэн татахаар болсон юм. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний арилжаа ихээхэн буурсан тул нөхцөл байдалтай уялдуулан хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд (УУББТ) 9 заалт нэмж, 1 заалт хасаж, 2 заалтыг өөрчлөх хуулийн төсөл байв. Гэвч уг хуулийн төслөөр УУББТ хуулийн анхны үзэл баримтлалыг өөрчилж, нүүрсний хулгайг дахин бий болгох гэж байна гэсэн эсэргүүцэлтэй тулсан юм. Уг нь хуулийн өөрчлөлт нь БНХАУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хуулийн заалтуудыг өөрчилж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Чайна Энержи” компанитай урт хугацааны гэрээ байгуулахад хуулийн зөрчилгүй болгох үндсэн зорилготой байсан хэрэг. Мэдээж УУББТ хуулийн практикт үл нийцэж буй заалтуудыг өөрчилж, УУББ-ийн худалдан авагчдын хүрээг дотоодын боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдээр нэмэгдүүлэх, шар нунтгийн арилжааг уг хуульд нийцүүлэх гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой байв. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалттай холбоотой зарим нэг заалтаас болж уг хуулийн төсөл “төрхөмдөө” буцлаа.
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХУУДУУТАЙ ЗААЛТУУД ЮУ БАЙВ?
Хамгийн их эсэргүүцэлтэй тулсан заалт нь хуулийн 10.3 дахь заалтыг өөрчлөн найруулах тухай байв. Уг нь дээрх заалтыг 2023 онд нэмэлтээр оруулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани Хил холболтын төмөр замтай холбоотойгоор “Чайна Энержи” компанитай нүүрсний урт хугацааны гэрээ байгуулахад зориулж хийсэн зохицуулалт байсан юм. Харин өөрчлөн найруулсан шинэ заалтад нь “... урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэж болно” хэмээсэн нь УИХ-ын гишүүдийг бухимдуулсан хэрэг. Дээрх хэсэгт “бүтээгдэхүүн солилцох” гэсэн үг орсон нь дахин оффтейк гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн УИХ ын гишүүн Ж.Золжаргал, Б.Энхбаяр нарын олон гишүүн эсэргүүцсэн. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг дахин оффтейк гэрээ байгуулахыг хориглож, бүх нүүрсээ биржээр арилжаалж, нээлттэй ил тод байдлыг хангахын тулд УУББТ хуулийг баталсан юм. Дээрх заалтыг өөрчилснөөр уг хуулийг анх баталсан үзэл баримтлалтай зөрчилдөж байна хэмээн үзсэн хэрэг. Энэхүү заалттай холбоотой дараагийн заалт нь одоогийн хуулиас 10.4 дэх заалтыг хасах тухай байв. 10.4 дэх заалтад урт хугацааны гэрээ байгуулахдаа биржийн арилжааны дундаж үнийг баримтална гэсэн байдаг. Уг заалтыг хүчингүй болгосноор БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрт тусгасан үнийн нөхцөлийг ашиглах эрх нээгдэх юм. УИХ-аар соёрхон баталсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нүүрс нийлүүлэх үнийг уурхайн ам нөхцөлөөр, мөн сонгож авсан улирлын индексийн тохируулгыг ашиглахаар тохирчээ. Өөрөөр хэлбэл “Чалко” компанитай 2012 онд байгуулсан гэрээний үнийн нөхцөлөөр “Чайна Энержи” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулна гэсэн үг. 10.4 дэх заалтыг хүчингүй болгосноор Засгийн газар хоорондын хэлэлцээр хэрэгжих гарц нээгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани “Чайна Энержи” компанитай гэрээ байгуулж, нүүрс худалдахдаа хууль зөрчихгүй болох байв. УИХ-ын гишүүд УУББТ хуулийг анх баталсан үзэл баримтлал, зорилготой зөрчилдөж байна гэх үндэслэлээр өөр нэг заалтыг эсэргүүцсэн нь шинээр нэмэхээр оруулж ирсэн 16.5 дахь заалт.
Засгийн газрын бүрэн эрхэд биржээр борлуулах нүүрсний байршлыг шийдэх эрхийг олгож буй нь хил нөхцөлөөр нүүрсээ худалдаалах нөхцөлийг уурхайн ам болгож өөрчлөх боломжтой болгож байна хэмээн мөн л нэр бүхий УИХ-ын гишүүд үзсэн. Хэрэв уурхайн ам нөхцөлөөр худалдаалах эрхтэй болвол хэдэн жилийн өмнөх “нүүрсний хулгайн хэрэг” дахин гарах боломжтой болж магадгүй юм. Дээрхээс гадна биржээр бүтээгдэхүүнээ худалдаж, гэрээ байгуулсан компаниудыг алдагдалд оруулж болзошгүй шинэ заалтыг оруулж ирсэн нь мөн л эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр нь 14.6 дахь заалт бөгөөд бүтээгдэхүүний чанар болон үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан борлуулсан үнийг өөрчилж болно гэж байв. Энэ нь биржээр арилжаалсан үнийг дахин өөрчилж, бууруулж гэрээ байгуулахыг зөвшөөрнө гэсэн үг. Энэхүү өөрчлөлтийг хийх үндсэн шалтгаан нь Ганцмод боомтын үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 орчим хувиар буурсан, үүнтэй холбоотойгоор ЭТТ компанийн 31 арилжаагаар арилжаалсан 6.8 сая тонн нүүрсний татан авалт зогсож, худалдан авагчид ихээхэн хохирч байгаа тул худалдан авагчдын эрсдэлийг бууруулах зорилготой гэнэ. Үүнийг олон гишүүн эсэргүүцсэн. “Бирж бол үнэ өссөн ч буурсан ч ажиллаж байдаг механизм. Биржээр арилжаалагдсан үнэд өөрчлөлт оруулна гэдэг байж болохгүй зүйл. Чанараас болж тохирсон үнэд өөрчлөлт оруулна гэж байхгүй. Олон компани үнээ буулгана гэж ЭТТ-г шүүхэд өгнө. Маш их асуудал дагуулна” хэмээн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал онцолсон.
“ОЮУТОЛГОЙ”-ГООС БУСАД АСУУДАЛ ХЭРХЭХ ВЭ?
УУББТ хуулийн нэмэлт өөрчлөлтийн бусад заалтаар тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх шийдэлтэй байсан. Монгол Улсын хэмжээнд хайлуур жонш, нүүрс, төмрийн хүдэр баяжуулах 47 үйлдвэр ажиллаж байгаа ч УУББТ хуулийн улмаас түүхий эдийн хомсдолд орж, зогсонги байдалд оржээ. Тэдэнд түүхий эдээ биржээр авах эрх зүйн орчин байхгүйгээс хүнд байдалд байгаагаа учирлаж байна. Учир нь биржээр зөвхөн экспортлох түүхий эдийг борлуулахаар зохицуулсан байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмэлт өөрчлөлтийн тухай хуульд “Энэ хуулийн 10.2-т заасан этгээд нь уул уурхайн бүтээгдэхүүний баяжуулалт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, экспортлох зорилгоор дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжиж болно” гэсэн шинэ заалт оруулснаар баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих боломжтой байв. Үүнээс гадна төрийн болон орон нутгийн өмчит эрчим хүчний нүүрсний компаниудад тулгараад байгаа асуудлыг зохицуулах заалт ч нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан байсан юм. Мөн төрийн өмчийн оролцоотой “Бадрах Энержи” компанийн үйлдвэрлэн экспортлох шар нутгийг борлуулах зохицуулалтыг шинээр уг хуульд тусгаж өгсөн гээд олон шийдэл хуулийн төсөлтэй хамт буцаагдаж байна. Харин уг хуульд хамрагдаж, сүүлийн хэдэн сар бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байсан “Оюутолгой” компани уг хуулийн өөрчлөлтөөс үл хамааран бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болжээ. УУББТ хуулийн 10.1 дэх хэсэгт биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг Засгийн газар батална хэмээн заасан байдаг. Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор хайлуур жонш, төмөр, нүүрс, зэс, молибденийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалахаар заасан байдаг. Тэгвэл Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны тогтоолоор дээрх тогтоолдоо нэмэлт оруулж, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр “Оюутолгой” компани Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалаа арилжаалах үүрэггүй болж байгаа аж. Тус компанийн хувьд өнгөрсөн хугацаанд 200 мянга гаруй тонн зэсийн баяжмалаа борлуулж, экспортолж чадахгүй хүлээгдэж байсан юм. Засгийн газартай байгуулсан ХоГ-ний дагуу бол тус компани бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, эскпортлох эрхтэй байдаг болохоор “Оюутолгой” компанид биржийн хууль үйлчлэхгүй болж байна. УУББТ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин боловсруулж, УИХд өргөн барихаар болсон.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Хэд хэдэн зарчмын ноцтой өөрчлөлтүүд хуулийн төсөлд байна. Олон мега төслийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа үед төрийн өмчит компаниуд томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно гэсэн заалтыг хаа хамаагүй УУББТ хуульд оруулж ирж байгаа учир дэмжих боломжгүй. Мөн үнийн индекс гэдэг ойлголт оруулж ирж, нэгэнт худалдаад гэрээ байгуулаад хил дээр агуулах дээр овоолсон нүүрсний үнийг буулгах юм шиг заалт орж ирлээ. Худалдааны компаниудын алдагдлыг нөхөх лобби явж байгаа юм шиг харагдаж байна. Тээврийг худалдан авагч тал хариуцна гэж орж ирж байна. Үүний цаана юу байна гэвэл нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр борлуулж, тээвэрлэлтээ Хятадын компаниудаар хийлгэх юм байна. Монголбанкны тайлангаар үйлчилгээний салбарын хамгийн том алдагдлыг тээврийн салбар бүрдүүлж байна. Нэг тэрбум ам.доллар давчихсан. Тэр дундаа нүүрсний тээвэр, Хятадын компаниудад энэ нь хамааралтай. Бирж ажиллаж байна. Сайжруулах зүйл бий. Сонгодог биржийн зарчим руу явах ёстой. Гэхдээ ингэж биш.”
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “Бирж дээр үнэндээ дуудлага худалдаа яваад байгаа юм. Сонгодог биржийн зарчмаар ажиллахгүй байгааг шулуухан хэлэх ёстой. Бэлтгэл хангаж байгаа. Биржийн үнэ өсөж байх үед ямар нэг хэл ам гарахгүй байгаа. Үнэ унаж байгаа үед нүүрс авсан компаниуд нь цаашаагаа нүүрсээ борлуулж чадахгүй маш их хэмжээний алдагдал хүлээх бодит нөхцөл байгаа юм. Нүүрсний үнийг өсөх үед нь өсөж, буурах үед нь буурдаг индексжүүлдэг асуудлыг хуульд тусгаж өгч байгаа. Индексжүүлээгүйгээс болоод биржийн арилжаанд худалдан авагч оролцохгүй байгаа. Яагаад гэхээр үнэ хаа хүртэл унахыг мэдэхгүй учир алдагдалд орохоос сэргийлж арилжаанд оролцохгүй байна. Бид 2-12 сарын дотор биржээр арилжаалсан нүүрсийг хүргэж өгөх гэрээний үүрэг хүлээж байгаа. Дунджаар 3-4 сарын дотор DAP нөхцлөөр Ганцмодонд байгаа терминал дээр ЭТТ буулгаж өгч байгаа. Худалдан авсан хүн өөрөө тээврээ шийднэ гэвэл худалдан авагч нүүрсээ Цагаанхад, Ганцмод алин дээр нь буулгахаа шийдэж, хурдтай болж, арилжаа нэмэгдэнэ гэдэг үндэслэлээр заалтыг оруулж ирж байгаа. 44 гэрээ гацчихсан, татан авалтаа хийхгүй, Ганцмодны терминал дүүрчихсэн учир чингэлгээ суллаж өгөхгүй байгаатай холбоотой.”
Майнинг Инсайт сэтгүүл, 2025 №04 (041)