НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх Интегра” санаачилга болон “Хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 24 төслийг танилцуулах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2025.07.03) НҮБ өөрийн байранд зохион байгууллаа.
Интегра санаачилгын хүрээнд шалгарсан төслүүд нь эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг дэмжин, шударга байдлыг хангахад чиглэсэн шинэлэг шийдлүүдийг туршиж, хэрэгжүүлэх; Оролцоо төслийн хүрээнд шалгарсан төслүүд нь иргэний оролцооны хурдасгуур механизмуудыг туршиж, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах бодлогын түвшний шинэчлэлүүдэд хувь нэмэр оруулах юм.
Төслийг танилцуулах үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэлэхдээ, “Төрийн үйлчилгээг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад ард иргэдийг оролцуулах нь төрийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх суурь болно. Энэхүү тэтгэлгүүд нь засаглал, нийгмийн шударга ёсыг сайжруулахад чиглэсэн орон нутгийн дуу хоолой, санал санаачилгыг илүү хүчтэй болгож өгнө” гэв.
АҮЭБЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, “Уул уурхайн салбарт ил тод, хариуцлагатай, тогтвортой шийдэлд хөрөнгө оруулалт хийх нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжилд чухал нөлөөтэй. Энэ нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах бодит алхам болно” гэж мэдэгдлээ.
Монгол дахь НҮБХХ-ийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхаджаев хэлэхдээ, “Нийгэмд бодит өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгоход нягт түншлэл, хамтын хариуцлага шаардлагатай. Энэхүү тэтгэлгүүд нь орон нутгийн болон үндэсний оролцогчдын санаачилгуудыг дэмжиж, төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Хамтын ажиллагааны үр дүнд бид хүн бүрд хүртээлтэй, хариуцлагатай, тогтвортой тогтолцоог бэхжүүлж чадна” гэлээ.
Тус хоёр хөтөлбөрт шалгарсан төслүүдийг Люксембург, Дани, БНСУ-ын Засгийн газрын 200 мянга гаруй ам.доллароор санхүүжүүлж байна. Олон нийтэд нээлттэй зарласан хөтөлбөрт Монголын 90 гаруй төслийг хүлээж авснаас 24 төсөл ийнхүү шалгарчээ. Төслийг 2025 оны долоодугаар сараас 2026 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Интегра санаачилга төсөл нь Ази, Африкийн 4 оронд хэрэгжиж байгаа бөгөөд нийтийн баялгийг тэгш хүртээмжтэй ил тод захиран зарцуулахад шударга байдал, ёс зүйг бэхжүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд зорилготой. Энэхүү санаачилга нь олборлох салбар дахь байгалийн баялгийн тогтвортой, ил тод менежментийг сайжруулахад чиглэсэн шинэ шийдэл, арга хэрэгслийг судлан турших зорилготой Интегра тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Оролцоо төсөл нь Ази, Африкийн 5 оронд хэрэгжиж байгаа бөгөөд иргэдийн оролцоог дэмжсэн бүтцийн шинэтгэлийг дэмжиж, үүнд иргэний орон зайн зохицуулалтын орчин, оролцооны дэд бүтэц, иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Оролцоо төслийн хүрээнд оролцооны шинэлэг арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэхэд чиглэсэн “оролцооны хурдасгуур” санаачилгуудыг дэмжихээр Оролцоо тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.