Алтны хоёр баяжуулах жижиг үйлдвэр жилд 58 кг мөнгөн ус ашиглахаас сэргийлнэ


“planetGOLD Монгол” төсөл зургаан жилийн турш хэрэгжиж, албан ёсоор өндөрлөж байна. Төслийн хаалтын үйл ажиллагаанд (2025.05.20) төрийн албан хаагчид, олон улсын хамтрагч байгууллага, төслийн зорилтот Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ аймгийн бичил уурхайчдын төлөөлөл бүхий 70 гаруй оролцогчид чуулж, төслийн үр дүнг хэлэлцлээ.  


Хаалтын үйл ажиллагаанд тус төслийн Технологич инженер О.Бямбасүрэн “Алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр хэлэхдээ, “Алтны бичил уурхайд хамгийн том сорилт нь хайгуул, өрөмдлөг байдаг. Мандал сумын 15 га, Түнхэл тосгоны 51 га-д 165 ширхэг дээжийн шинжилгээ хийж, туршилтын үйлдвэрлэл явуулсан. Туршилтын үр дүнд Мандалын боломжит алт үйлдвэрлэл 8.8-14.2 кг/жил, сэргийлэх мөнгөн усны хэмжээ 11.4-.18.4 кг/жил, Түнхэлийн боломжит алт үйлдвэрлэл 17.6-48.6 кг/жил, сэргийлэх мөнгөн усны хэмжээ 22.9-63.2 кг/жил байхаар байна. Энэ хоёр мөнгөн усгүй баяжуулах цехэд “Шижир Хишиг”, “Түнхэл Манлай” гэсэн хоёр нөхөрлөл хамтарч ажилласан. Цаашид үйлдвэрлэлийг албан ёсоор явуулахын тулд ТЭЗҮ-ийг дуусгаж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, цехийг улсын комисст хүлээлгэн өгч үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байна” гэв. 


Бичил алт үйлдвэрлэл эрхлэхэд учирч буй хүндрэлд дараах зүйлсийг төслөөс онцолж байна. Үүнд:

  • Ихэнх зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр жишиг үнийн дагуу боловсруулах үүрэгтэй,
  • Бичил уурхайн бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадамж муу байдаг,
  • Үйлдвэрийн хүчин чадал, хөрөнгө оруулалтаас үл хамааран нэг ижил шаардлага тавигддаг,
  • Орон нутгийн уялдаа холбоо, хариуцлага, ойлголт сайжруулах шаардлагатай,
  • Зөвшөөрөл авах үйл явц олон шаттай, өртөг их байгаагаас баяжуулах үйл ажиллагаа эрхлэгчдийг хууль бус ажиллагаа руу түлхэх эрсдэлтэй,
  • Хууль, журам, эрх зүйн орчин ойр ойрхон солигдож байгаа нь сөргөөр нөлөөлдөг гэсэн хүндрэлүүд байгааг төслийн багийн зүгээс илэрхийллээ. 


Төслийн хаалтад "planetGOLD Монгол" төслийн менежер Д.Хишгээ, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга, "planetGOLD Монгол" төслийн Удирдах хорооны дарга Г.Энхмөнх, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Төслүүд хариуцсан менежер Б.Алтанбагана, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Төслийн ажилтан Хой Лай, Байгалийн нөөцийн хамгааллын зөвлөлийн Олон улсын хөтөлбөр хариуцсан Дэд дарга, planetGOLD хөтөлбөрийн Даян дэлхийн зохицуулагч Сюсан Кийн нар үг хэллээ. 


ТӨСЛИЙН ГОЛЛОХ ҮР ДҮНГЭЭС

Хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх чиглэлд гарсан үр дүнгүүд  

"planetGOLD Монгол" төсөл нь Монгол Улсын алтны бичил уурхайн салбарын бодлогын орчинг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Засгийн газрын 296 тоот тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг дэмжиж, Сэлэнгэ аймагт орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж,  хариуцлагатай уул уурхайн загварыг нэвтрүүлсэн нь өнөөдөр бусад бүс нутагт жишиг болж байна. Түүнчлэн төслөөс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндэсний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бичил уурхайчдыг албажуулах, тэднийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллав.   

Жендерийн тэгш байдал болон санхүүгийн хүртээмжийг хангах чиглэл дэх үр дүнгүүд

 

Төслийн бүх бүрэлдэхүүн хэсэгт жендерийн тэгш байдлыг чухалчилж үзсэн. Төслийн хүрээнд эмэгтэйчүүд манлайлсан хадгаламж, зээлийн хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэхүү санхүүгийн механизм нь бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг  бүрдүүлэв.  Түүнчлэн, орон нутагт Жендерийн зөвлөл байгуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгууллаа.


Алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй бага оврын үйлдвэр байгуулах болон чадавх бэхжүүлэх арга хэмжээний үр дүнгүүд 


Төслийн томоохон амжилтуудын нэг нь Сэлэнгэ аймагт алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй хоёр бага оврын хоёр үйлдвэр байгуулсан нь алт барилтын түвшинг 70 хүртэл хувиар нэмэгдүүлж, жилд ойролцоогоор 58 кг мөнгөн ус ашиглахаас сэргийлэх юм. 


Хууль эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи, байгаль орчны нөхөн сэргээлт, нийлүүлэлтийн сүлжээний магадлан шинжилгээ, жендерийн тэгш байдлын талаар бичил уурхайчид, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл зэрэг 3,500 гаруй хүнд сургалт зохион байгуулав. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газрын зөвшөөрөл авах, алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэр байгуулах, түүний үйл ажиллагаа эрхлэх болон хадгаламж, зээлийн хоршоо байгуулах зааварчилгаа зэрэг техникийн шууд дэмжлэг авсан 398 уурхайчнаас 158 нь үйл ажиллагаагаа албажуулсан нь энэ салбарт гарсан томоохон ахиц юм. Энэ нь БОУАӨЯ, орон нутгийн засаг захиргаа болон бичил уурхайн нөхөрлөлүүдийн хамтын ажиллагааны үр дүн билээ.