2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байна. Өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Манай яамнаас экспортын бүтээгдэхүүний үнийг тодорхойлж Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ жилийн хувьд орлого 3.3 их наяд төгрөгөөс тасарч байгаа учраас зарлагаа 2.3 их наяд төгрөгөөр танаж байна” (2025.06.25) гэсэн. Тэгвэл 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгад экспортын голлох түүхий эдийн биет хэмжээг өөдрөгөөр төсөөлжээ.
Нүүрсний биет хэмжээ буурахгүй
Хуулийн төсөлд, 2025 оны тавдугаар сард Ганцмод боомтын түүхий коксжих нүүрсний дундаж үнэ 802 юаньд хүрч, өмнөх оноос 40.8 хувиар буурсан. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн БНХАУ-ын дотоодын олборлолт сэргэж, үйлдвэрлэл эрчимжиж, гангийн үйлдвэрүүд худалдан авалтаа танаснаар нийлүүлэлт эрэлтээс давсан байна. Үүнээс үүдэн хоёрдугаар сарын сүүлээр нүүрсний үнэ тав орчим хувиар буурсан. Гуравдугаар сард Хятадын гангийн үйлдвэрлэл сэргэж, зах зээл тогтворжсон боловч удаан үргэлжлээгүй. Тавдугаар сарын дунд үеэс зургаадугаар сарын эхэн хүртэл коксжих нүүрсний үнэ ойролцоогоор 120 юаниар огцом буурав.
Газрын тосноос бусад экспортын голлох түүхий эдийн биет хэмжээ өмнөх оноос нэмэгдэнэ
Зэсийн экспорт Оюутолгойн гүний уурхайн нөлөөгөөр 2 сая тоннд хүрч, өмнөх оноос 300 мянган тонноор өсөх төлөвтэй байна. Лондоны металлын бирж дээрх цэвэр зэсийн дундаж үнэ 2025 оны эхний таван сард 9,340 ам.доллар болж, өмнөх оноос 2.1 хувиар өссөн. Олон улсын шинжээчдийн таамаглалаар зэсийн дундаж үнэ 2025 онд 9,200 ам.доллар байхаар тооцоолжээ.
Алтны экспорт "Алт-3" аяныг хэрэгжүүлснээр 16.5 тоннд хүрнэ гэж төсөөлж байна. Энэ нь өмнөх оноос 4.8 тонноор нэмэгдэх төлөв болжээ. Лондоны металлын бирж дээрх алтны дундаж үнэ 2025 оны эхний таван сард 3,021 ам.доллар болж, өмнөх оноос 26.5 хувиар өссөн байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар алтны дундаж үнэ 2025 онд 2,900 ам.долларт хүрэхээр байна.
Төмрийн хүдрийн экспорт 8.1 сая тонн хүрч, өмнөх оноос 600 мянган тонноор өсөх дүр зурагтай байна. Харин төмрийн хүдрийн (62 хувийн агууламжтай) үнэ 2025 оны эхний таван сард 101 ам.доллар болж, өмнөх оноос 7.9 хувиар буурсан. Олон улсын шинжээчдийн таамаглалаар төмрийн хүдрийн дундаж үнэ 2025 онд 95 ам.долларт хүрэхээр байна. Манай улсын төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 2025 онд 72 ам.доллар байхаар тооцоолж байна.
Газрын тосны экспорт өмнөх онтой харьцуулахад 200 мянган баррелиар буурч, 3.8 сая баррельд хүрэх төлөвтэй байна. Брент төрлийн газрын тосны дундаж үнэ 2025 оны эхний таван сард 69 ам.доллар болж, өмнөх оны эцсээс 7.9 хувиар буурсан. Олон улсын шинжээчдийн таамаглалаар Брент төрлийн газрын тосны дундаж үнэ 2025 онд 75 ам.долларт хүрэхээр байна. Манай улсын газрын тосны экспортын дундаж үнэ 2025 онд 75 ам.доллар байхаар тооцоолжээ.