Стратегийн ордуудад төрийн хувь эзэмшил тогтоохтой холбоотой өрнөж буй үйл явцын талаар эдийн засагч Ч.Отгочулуутай Майнинг Инсайтын Н.Ариунтуяа ярилцлаа.
ТӨРД АВНА ГЭСЭН ЭНЭ ПОПУЛИЗМААС ЦӨӨН ХЭДЭН ДАРГА ХОЖИЖ, АРД ТҮМЭН ХОХИРДОГ
Стратегийн ач холбог долтой ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтооно гэж байгаа нь уул уурхайн сал барын хөгжил, хөрөнгө оруу лалтын орчинд сайн, муу ямар үр дагавартай вэ?
Баялгийн сангийн санаа зөв, бүгд л дэмжиж байгаа. Гэхдээ манайх л анх удаа хийх гээд байгаа юм биш. Дэлхий дээр маш олон ийм сан байсан, байгаа. Гэхдээ ихэнх нь дампуурсан. Хамгийн ойрын, сайн мэдэх жишээ бол Венесуэлийнх. Газрын тосны асар их нөөцтэй энэ улс “Тогтворжуулах сан”, “Үндэсний хөгжлийн сан” гэсэн хоёр том үндэсний баялгийн сан байгуулсан ч эцэстээ хоёулаа дампуурсан. Тухайн үед Хөгжлийн сан нь л гэхэд 150 тэрбум ам.долларын хуримтлалтай байв. Гэвч төр бүхнийг мэдэлдээ авах бодлого явуулж, хувийн өмчийг хураан ард түмэнд шударгаар хуваарилах нэрийн дор олборлолтын суурь бүтэц, мэргэжлийн менежментийг үгүй хийсэн. Эрх мэдэл хэт төвлөрч, төрийн өмчит компаниуд, баялгийн сан нь хяналтгүй болж, авлигын сүлжээнд орсон. Улмаар бизнесийн эрүүл орчин, нээлттэй ил тод байх, бодлогын мэтгэлцээний зарчим алдагдаж, чадвартай мэргэжилтнүүд системээсээ шахагдан гарсан. Олборлох салбар бол өндөр технологи, нарийн ур чадвар шаардсан, өндөр цалинтай мэргэжилтнүүдийн хүчээр оршин тогтнодог салбар. Харин Венесуэлд даргадаа үнэнч хүмүүс удирдлагад томилогдсон.
Төр бүхнийг дангаараа удирдах оролдлого нь улс орноо эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядууралд оруулж, иргэдээ дүрвэхэд хүргэсэн.
Хожим нь хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, олон улсын мэргэжилтнүүд оролцсон зөвлөл байгуулж, сангаа удирдан, нөхцөл байдлыг залруулахыг оролдсон ч хожимдсон байсан. Сайн жишээ гэвэл Норвегийн тэтгэврийн сан байна. Энэ сангийн амжилтад хүрсэн цор ганц шалтгаан нь улстөрөөс хараат бус байдал. Гадаад зах зээл дэх хамгийн сайн хувьцаа, бондыг худалдаж авдаг. Авсан үнэт цаас нь өсөхөөр дагаад сангийн хөрөнгө өсөж байдаг. Сангийнхаа 4%-ийг төсөв рүү нийлүүлж болдог байснаа 2% болгосон. Манайх шиг сангийн хөрөнгийг төсөв рүү нийлүүлэх, бэлэн мөнгө тараах гэсэн ойлголт байхгүй. Өөр нэг амжилттай жишээ бол Хятадынх. Баялгийн сангийн хөрөнгөө барууны ноу-хауг худалдаж авахад зарцуулдаг. Анх 2-3 тэрбум доллароор эхэлж байсан энэ сан одоо 3 триллион доллартой. Хэзээ ч манайх шиг бэлэн мөнгө тараагаагүй, сонгуульд ашиглаагүй. Манай улсын хувьд анх “Хүний хөгжил сан”-г хүн бүхэнд хувьцаа өгнө, бэлэн мөнгө тараана гэж эхлүүлсэн. Дампуурахад нь “Ирээдүй өв сан” болгосон. “Ирээдүй өв сан” руу роялти (АМНАТ) болон өсөн нэмэгдэх роялтийн тодорхой хэсгийг оруулж, бараг нэг их наяд төгрөг болчхоод байсныг сонгуулийн өмнө тараагаад дуусгасан. Сонгуулиар хэлэх юмгүй болонгуутаа яаралтай горимоор Үндэсний баялгийн сангийн хуулийг гаргасан. Үндэсний баялгийн сангийн “Ирээдүй өв сан”, “Хуримтлалын сан”, “Хөгжлийн сан” бол байсан л сангууд. “Ирээдүй өв сан” нь тусдаа хуультай. Орон нутгийн хөгжлийн сан, хуримтлалын сангийн хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа сангууд. Тиймээс Үндэсний баялгийн сан шинэ зүйл биш, байсан зүйлээ пиарын зорилгоор тусдаа хууль болгон сонгуульд зориулж будаад баталсан. Саяхан Н.Учрал сайд УИХ-ын чуулган дээр “Үндэсний баялгийн сангийн хууль концепцээрээ буруу байна. Үүнийг өөрчилнө” гэж хэлж байсан. ЗГХЭГ-ын дарга ажиллаад эхлэхээрээ согогийг харсан хэрэг.
Хамгийн ноцтой нь Баялгийн сангаар далимдуулан, хөлөө олсон хувийн бизнесүүдээс 34 хувийг нь булааж авах гэж байгаа нь Венесуэлийн араас явж байгаа хэрэг. Үндэсний баялгийн сангаа “Чингис хаан сан” гэж нэрлээд, хэн ч мэдэхгүй хэдэн хүүхэд авчраад суулгачихсан. Бодвол дарга нарын хүүхдүүд байх. Ямар ч сонгон шалгаруулалтгүй, хэн очиж байгаа нь ил тод биш. Яг л Венесуэлийн дампуурсан сангийн араас явж байна. Тэгээд ч, Үндэсний баялгийн сангийн хуулийг 2024 оны дөрөвдүгээр сард чуулган завсарлах гэж байхад яарч сандран 200 гаруй хууль батлахад дунд нь баталсан. Энэ бол зөвхөн сонгуульд зориулж батлагдсан хууль. Ядуу ард түмэндээ ийм түүхий хуулиа таалагдуулахын тулд, “хэдэн баян компани хууль зөрчөөд, Монголын хамаг баялгийг хулгайлсан, одоо буцааж авна” гэдэг суртал ухуулга гэх үү тархи угаалт явуулж байна. Улс төрийн ийм жүжгээс хэн хожих вэ гэвэл 2027, 2028 оны сонгуульд нэр дэвших цөөн хэдэн улстөрч хожно. Үр дүнд нь Монгол Улс тэр чигтээ хохирно. Яагаад гэвэл Монгол руу орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь геологи, уул уурхайнх. Маш их эрсдэл үүрч хөрөнгө оруулдаг. Хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл авна. Дээрээс нь баахан хүнд суртал, чирэгдэл туулна. Тэгээд үйл ажиллагаа явуулж, арайхийн ашигтай болонгуут 34 хувийг нь авна гэчихээр яаж хөрөнгө оруулалт орж ирэх вэ? Манайх шиг нээлттэй эдийн засагт экспорт их байлаа гээд буцаад импорт болоод гарчихдаг тул төгрөгийн ханш тогтвортой байхгүй. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгадаг зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Геологи хайгуулын ажил хийгдэхэд ядаж нэг оффис түрээсэлнэ, ажилтан ажилд авна, өрөм тавина, шинжилгээ хийлгэнэ, төлбөр төлнө. Тэр мөнгө Монголд үлддэг. Гэтэл экспортоор орж ирсэн мөнгө шатахуун болоод Орос руу, гар утас болоод Америк руу, хуучин машин болоод Япон руу, хавар намарт хүүхдүүдийн сургалтын төлбөр болоод гадагшаа гарчихна. Өвөл болохоор манай дарга нар Япон, Солонгос, Тайланд руу эмчлүүлэх гээд явна. Дээрээс нь нүүрс тээврийн ихэнхийг Хятадын компаниуд хийж байна. Экспортоор орж ирсэн доллар ингээд урсаад алга болдог. Ийм байхад, “экспорт өндөр байхад яагаад төгрөгийн ханш унаад байгаа юм” гэж яриад байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтвортой үлддэг учраас үүний төлөө дэлхий өрсөлдөж байна. Трамп яагаад тариф тогтоогоод байна гэхээр Хятадад байгаа үйлдвэрүүдийг Америк руу оруулахын тулд шүү дээ. “Хятадад үйлдвэрлээд оруулбал, 100 хувийн импортын тариф төлнө. Манайх руу хөрөнгө оруулбал импортын тариф төлөхгүй. Америкт үйлдвэр баривал татварын хөнгөлөлт үзүүлье, манайд хөрөнгө оруулаад, ажлын байр бий болгооч” гэсэн үг. Энэ мэт дэлхийн бүх улс орон хөрөнгө оруулалтын араас хөөцөлдөж байна. Гэтэл манайх л “гаднын хулгайч нар манайхыг дээрэмдэх гээд байна” гээд хөөчихдөг. Гаднын бодлого ч явдаг байж магадгүй. Жишээ нь, Германаас “Тесла”-г хөөж гаргахын тулд тэнд байдаг байгаль орчны хөдөлгөөнүүдийг гаднаас турхиран санхүүжүүлж байсан түүх ч байна. Итали, Словак ч ялгаагүй. Энэ бол нууц биш.
Өрсөлдөгч улс орнуудын бодлого ингэж л явдаг. Ийм үед Үндэсний баялгийн сан одоогийн зарчмаараа явбал асуудлыг шийдэх биш улам ужгируулна. Хамгийн аймшигтай нь манай улстөрчид Үндэсний баялгийн сан бүх зүйлийг сайн сайхан болгочих юм шиг тархи угааж байна. Социализмын үед жаахан л тэсчих, тэгвэл бид 1980 он гэхэд социализмын материал техникийн бааз байгуулаад, 2000 он гэхэд коммунизм руу ороод диваажинд байгаа юм шиг амьдарна гэсэн. Хойд Солонгос, Куба диваажинд хүрсэн үү, мэдэхгүй. Түүн шиг л Үндэсний баялгийн сан байгуулчихлаа, одоо хэдэн хулгайчаас хөрөнгийг нь авчихвал бүх юм сайхан болно гэсэн ойлголт төрүүлж байгаа нь яг л 2012 оны сонгуулийн өмнөх алдааг давтаж байна.
2012 оны сонгуулийн өмнөх алдаа гэж юуг хэлж байна вэ?
2012 онд яасан гэхээр говь сэргэж байна гээд баахан хүлээлт үүсгэсэн. Оюутолгойн гэрээ байгуулчихлаа, бүх юм сайхан болно. Тавантолгой хөдөлчихвөл бүх юм сайхан болно гээд л. Үгүй шүү дээ. Гэрээ байгуулагдана, үйлдвэр ашиглалтад орно. Тавантолгойн хувьд сорчлоод явчихлаа, нүүрсний мөчлөг ч ерөнхийдөө дуусаж байна, үнэ ахиад унана уу гэхээс өсөхгүй. Ингэж халууруулж, хийрхэл үүсгэдэг. Тэр үед хийрхүүлж байсан улстөрчдөөс одоо хэн нь ч байхгүй. Хүүхдүүд нь харин том дарга, гишүүд, сайд болоод явж байна. Тухайн үед манай Засгийн газрын гадаад өр маш бага байсан. Одоо 4 дахин өсчихлөө. Доллар өсөөд, төгрөгийн ханш сулраад байхаар бидний төлөх хэмжээ улам өсөөд, хүү нь нэмэгдээд байна. Одоо нэг бондыг нөгөө илүү үнэтэй бондоор солих байдлаар явж байна. Ийм хийрхлээс цөөн хэдэн улстөрч хожиж, тархиа угаалгасан ард түмэн л хохирдог. Инфляц бодитоор 10 хувь болно гэдэг нь нийтээрээ 10 хувь ядуурсан гэсэн үг. Тэтгэврийн хөгшин 10 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол бодитоор 9 сая болоод унаж байгаа хэрэг. Гадагшаа сургуульд явахад 10 мянган доллар буюу 30 сая төгрөг хэрэгтэй байсан бол одоо 35 сая төгрөг хэрэгтэй. 100 мянгаар авдаг байсан зүйлийг 150 мянган төгрөгөөр авдаг болж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд л хохирч байгаа биз дээ. Сонгууль дөхөхөөр уул уурхайгаас мөнгө оруулаад, Эрдэнэс Тавантолгой (ЭТТ)-н хувьцааны ногдол ашиг гээд мөнгө тараалаа. Хоршооны зээл гэж өглөө. Хэн төлөх юм гэсэн ЭТТ. Хэнд ч хэрэггүй нэг төмөр зам барилаа. Бас л ЭТТ зардлыг нь төлнө гэсэн. ЭТТ үнэ өндөр үед сорчлоод баахан олборлолоо. Гэхдээ бөөн өр. Маш олон нууц оффтейк гэрээ байгуулсны 7-г л ил болгосон. Гэрээг нь харахаар үнэхээр ашиггүй. 60-70 доллароор таазлаад, өчнөөн их нүүрс гаргалаа гээд данс, бүртгэл дээр эдийн засаг өсөлттэй харагдана. Гэхдээ мөнгө нь орж ирэхгүй өрөндөө явчихна. Цаана нь ил болоогүй оффтейк гэрээнүүдэд юу байгааг бид мэдэхгүй шүү дээ. Эрдэнэтийн хувьд яг үнэндээ 49 хувийнхан л ашиглалтын хайгуул хийж, нөөцийг өсгөсөн. Орос хоригт орсон болон Ковидын үед “Эрдэнэт” зогсох шахсан. БелАЗ-ууд нь сэлбэг хэрэгсэлгүй үндсэндээ зогсож, 49-ийнхний авсан хэдэн техникийн хүчээр хүнд үеийг давж гарсан. Одоо 49-ийнхөн төрийн мөнгөөр “Эрдэнэт”-ийг авсан хулгайч нар болчихлоо. Хэрвээ “Эрдэнэт”-ийг аваагүй, “Ростех”-т хэвээр байсан бол одоо хоригт орсон байгаа. Яагаад гэвэл “Ростех” хоригт байгаа. Бас нэг уурхайг хятадуудаас булааж аваад нэг даргын хамаатан очоод суусан. Одоо ямар ч ашиггүй, бөөн өр сууж байна. Төрд авна гэсэн энэ популизмаас цөөн хэдэн дарга нар л хожиж байгаа биз дээ. Монгол Улсын төрд найдаад, хуульд итгээд, өчнөөн эрсдэл гаргаад, нэг орд олоод, ажлын байр бий болгоод, зээл аваад, ашигтай, ашиггүй байсан ч АМНАТ төлөөд явж байгаа хүмүүс хулгайчаараа дуудуулаад, дээр нь 34 хувиа өг, эсвэл түүнтэй дүйцэхүйц хэмжээнд ахиад АМНАТ өг гээд огт тооцоогүй шинэ зардал гаргаж ирээд байхаар хөрөнгө оруулалт яаж орж ирэх вэ?
Стратегийн ордын шалгуур үзүүлэлтийг маш зөрчилтэй, бүрхэг тодорхойлолт, тиймээс шалгуурыг эргэж харах ёстой гэсэн байр суурь байдаг ч одоо Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар энэ маргаантай тодорхойлолт улам баталгаажиж байна?
Стратегийн орд гэдэг нь манайхаас өөр хаана ч байхгүй томьёолол юм билээ. Стратегийн ордын жагсаалт дотор хуулийн шаардлагад нь нийцэхгүй маш олон орд байна. ДНБ-ий 5 хувиас дээш бол стратегийн орд гэсэн мөртөө дийлэнх нь түүнд хүрэхгүй жижигхэн ордууд. Дээрээс нь үнэ унаж, өсөхийн хэрээр нөөц дээш доош болно. Манай ДНБ томорсоор байна. Тэгвэл энэ шалгуурт нийцэхгүй ордууд жагсаалтаас гарах ёстой. Мөн ДНБ-ний 5 хувийг юугаар хэмжих нь ойлгомжгүй, нөөцөөр үү, эсвэл жилийн борлуулалтын орлогоор уу. Стратегийн орд бол эхнээсээ буруу концепци, алдаа завхрал. Үүнийг засахын оронд нэмж Баялгийн сантай хутгаад, өмнөх алдаагаа улам ужгируулаад байна. Үр дүн нь тодорхой. Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, том орд нээгдэхгүй гэсэн үг. Улмаар эдийн засаг томрох боломжоо алдаж байна. 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд байгаа. Үүний цаана улс төрийн сонирхолтой зээл л орж ирж магадгүй. Нэг бол Оросоос, нэг бол Хятадаас. Тэдний сонирхол бол Монголд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг оруулахгүй байх. Орос, Хятадын хөрөнгө оруулалтын хариуд манай түүхий эдийг маш хямдаар авна. Тэднийг дэмждэг улстөрчид, тэднийг дэмждэг шүүгчид гарч ирнэ. Орос, Хятадаас орж ирдэг их хэмжээний импортыг дэмждэг хүмүүс төрийн толгойд гарна. Стратегийн орд ч гэсэн анхнаасаа ийм л зорилготой байсан нь одоо улам төгөлдөршиж байна.
Үндэсний баялгийн сангийн хамгийн том геополитикийн аюул бол эргээд хоёр том хөршийнхөө аль нэгний түүхий эдийн бааз, хавсарга колони болж хувирах явдал.
Баялгийн санг би ингэж харж байгаа. Дахиад хэлэхэд, Стратегийн орд гэдэг нь улс төрийн хийрхлийг уул уурхай руу оруулж ирдэг суваг болчхоод, сүүлдээ бие биеэ татаж унагаад эхэллээ. Улс төр нь одоо уул уурхайгаа татаад унагаж байна. Эргээд уул уурхай нь улс төрөө татаж унагана. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт орж ирэхгүй, нөгөө том амлалтуудаас ард түмний найдаж байгаа их хүлээлт биелэхгүй бол улс төр нь унана.
Тодорхой орд газруудыг стратегийн гэж тодорхойлсон УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдсанаасаа хойш 17 жил үндсэндээ хэрэгжээгүй. Үндэсний баялгийн сангийн хуулиар энэ нь хэрэгжих хэр боломжтой вэ?
2007 оны УИХ-ын тогтоол хоёр хавсралттай. Эхнийх нь 15, хоёр дахь хавсралтад 39 ордыг оруулсан байсан. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдаж, Тавантолгой дээр тендер зарлагдаж, эргэж буцсаар 2012 оны сонгууль болж, сонгуулийн дараа Гацуурт, Хөшөөтийн ордын асуудал 2-3 жил яригдсан. Хоёрхон орд дээр яригдахад УИХ тэр чигээрээ ажил хийх боломжгүй болж байлаа. Маш их халуурал үүссэн. Гацууртыг стратегийн ордод хамааруулаад, төр хувь эзэмших хэрэггүй юм байна, тусгай роялтигаар сольё гээд хуульдаа өөрчлөлт оруулаад явсан. Хөшөөт дээр яригдаад стратегийн ордод оруулаагүй зогссон. Цагаансуварга дээр төр хувь эзэмшихгүй, тусгай роялтигаар сольё гэсэн шийдвэр гарсан. Тэр нь ч зөв байсан байх. Ураны хоёр гурван төсөл байсан. Бас “Эрдэнэт” дээр 49 хувийн асуудал явсан. Ингээд харвал 2012-2016 онд огт яваагүй биш, багагүй ажил болсон. Гэхдээ тухайн үед 2014 онд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гарсан. Төр хувь эзэмшихээр бизнестээ ч хэцүү, төрдөө ч хэцүү юм байна. Тиймээс төр хувь эзэмшихгүйгээр роялтигаа аваад, хяналтаа сайжруулаад явъя гэсэн бодлого батлагдсан. Тэр санаа их зөв байсан. Даанч тэр бодлого 2016 оны сонгуулийн дараа хүчингүй болсон. 2016-2020 онд үндсэндээ юу ч хийгээгүй, харин ч уул уурхайд их халтай бодлого явсан. Одоо 30 ордыг стратегийн ордын нэгдүгээр хавсралт руу оруулна гэж байна.
Ганц ордыг стратегийн орд руу оруулах гэж 2-3 жилийн ажил болсон бид 30 орд дээр 100 жил болно.
Дээр нь ийм парламенттай үед бүтэхгүй. Ийм байхад юун 30 стратегийн орд. Тэр 30 орд дотор зарим “эх оронч” улстөрчид өвөөгийнхөө өвөлжөөг хүртэл оруулсан гэдэг. Гэтэл энэ нь хүмүүст одоо 30 Оюутолгой, 30 Эрдэнэт, 30 ЭТТ байна гэсэн ойлголт төрүүлээд байна. УИХ бол хууль тогтоох байгууллага. Гэтэл одоо компани хоорондын хэлэлцээр рүү ороод, компани хоорондын хувь эзэмшил яриад явдаг боллоо. Тэр нь үнэхээр эдийн засгийн агуулгаараа төр түмний төлөө учраас явж байна уу гэтэл тийм биш, улс төрийн хэдэн фракц хоорондын л зодоон болж хувирлаа. Тиймээс Үндэсний баялгийн сангийн санаа зорилго сайхан ч асуудлыг шийдэхгүй, харин нэмж улам олон асуудал бий болгоно.
УИХ-ын гишүүн Б.Уянга зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр уул уурхайн төслүүдээс нийт борлуулалтын орлогын тодорхой хувийг, магадгүй хоёр хувийг жил бүр Үндэсний баялгийн санд төвлөрүүлдэг байх зохицуулалтыг хуульчлах санаа дэвшүүлсэн. Энэ нь боломжит хувилбар мөн үү?
Ийм хувилбар байж болно. Гол нь төр хувь эзэмшихгүй тохиолдолд шүү дээ. Төр оролцохын хамгийн сул тал нь санхүү эрхэлсэн захирал, хүний нөөцийг авчихдаг. Тэгээд нэг хүн хийх ажлыг 10 хүн ирж хийнэ. Шалгуур нь ердөө л бяртай улстөрчийн фракцын хүн, эсвэл сонгуульд нь гүйсэн хүн байдаг. Зарим нь хий цалин авна, зарим нь ажил хийсэн болох гээд самарч самарч хаяад, мэргэжлийн хүмүүсийг байхгүй болгоод явдаг. Төрийн хувь эзэмшлийн цаана хүмүүсийн нүдэнд харагддаггүй, хамгийн аюултай, хамгийн урхагтай бэрхшээл бол хүний нөөц, менежмент рүү орж хутгаж хаядаг явдал. Төрийн өмчийн уул уурхайн компани, байгууллагуудын хамгийн мэргэжлийн байх ёстой албан тушаалууд дээр нэг ч мэргэжлийн хүнтэй газар байхгүй болсон. Иймд, төр бизнест огт оролцохгүйгээр 2 хувийн роялти аваад явах бол байж болох хувилбар. Гэхдээ уул уурхайн салбар хангалттай роялти төлж байгаа. Бусад улс оронтой харьцуулахад хэд дахин өндөр. Суурь АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх нийлээд 20 хүртэлх хувийг төлж байгаа. Үүнээс гадна манайх АМНАТ-ийг бохир орлогоос тооцдог. Гэтэл бидний өрсөлдөгч гэдэг Норвеги, Чили, Перу улсад зардлыг хасаад үлдсэн ашгаас АМНАТ боддог. Тэнд АМНАТ 5%. Бид 100 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувийг авдаг бол бусад улсад 100 төгрөгийн борлуулалтын орлогоос 80 төгрөгийн зардлыг хасаад, үлдсэнээс нь 5 хувийн АМНАТ авдаг. Хувь хэмжээ нь ижил мэт боловч бодож байгаа суурь нь тэс өөр. Хувь хэмжээ биш татварын бодит ачааллыг тооцоход “Эрдэнэт”, “Оюутолгой” 30-40 хувь байдаг. Гэтэл дэлхийн дундаж 20 хувь. Манай өрсөлдөгч гэгддэг улсууд 10 хувь байгаа.
Жагсаагаад үзвэл магадгүй манай татварын ачаалал дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байна.
Гэхдээ манай уул уурхай чинь бас өрсөлдөж байгаа шүү дээ. Хятад, Орос, Австрали, Казахстантай өрсөлдөж байна. Тэд аль болох зардлаа бууруулахыг зорьж байхад манайх аль болохоор дарамт нэмж байна. Тэр мөнгө нь үнэхээр төсөв рүү ороод, санд хуримтлагдаад, өгөөжөө өгч байна уу гэвэл үгүй. Гэтэл сонгууль болохоор л шинэ хууль гаргаж, нэрийг нь өөрчилж, сангаа алаад байна шүү дээ. Монголд одоо тоногдоогүй, цөлмөгдөөгүй сан үлдсэнгүй. ЖДҮ сан, Хүний хөгжил сан, Ирээдүй өв сан бүгдийг цөлмөсөн. Баялгийн санг мөн л цөлмөнө. Хэдэн улстөрч, тэдний пиарыг хийсэн нөхөд хожиж, ард түмэнд жоохон юм дусаагаад, түүний хариуд нь өндөр инфляц, ядуурал бий болж, үр хүүхэд нь ажилгүйдэлд өртөж төлнө. Нэг бол Солонгост очиж шал угаах, нэг бол даргын "бөгс долоож", төрийн албанд орох хоёроос өөр сонголтгүй тийм ирээдүйг бүтээж байна. Баялгийн хараал гэдэг нь энэ юм.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН, “ЭРЧИС МОНГОЛ” ЗЭРЭГ ГОЁ НЭРТЭЙ КОМПАНИ БАЙГУУЛАХ НЬ НОГООН АВТОБУСНЫ ХЭРГЭЭС ЯЛГАРАХ ЮМГҮЙ
Цар тахлын хүнд үеийг төрийн өмчит уул уурхайн компаниудын хүчээр давж гарсан жишээ зэргээс үүдэн харин ч төр хувь эзэмших, төрийн оролцоо тэлж байгааг дэмжих хандлага бас байх шиг?
Эрдэнэт, Оюутолгойн хүчээр ковидыг давж гарсан нь үнэн. Яагаад гэвэл бусад нь бүгд зогссон байсан. “Оюутолгой” ханган нийлүүлэгчдэдээ мөнгийг нь найдвартай өгсөн. Татварын маргаантай байсан 3 их наяд төгрөг өгснийг тараагаад дууссан. Хэрвээ 49 хувийг Монголд авч ирээгүй бол Ковидын үед “Эрдэнэт”-ийг ашиглаж чадахгүй ч байсан байж магад. Европын холбоо Орост хориг тавиад эхэлчихсэн байсан. Хятад хилээ хаагаад, ЭТТ нүүрсээ борлуулж чадахгүй нам зогссон. “Бөмбөлөг тээвэр” зэрэг дампуу бодлогоос болоод манай улс тээврээ Хятадад алдчихсан. Одоо тээвэрт жилд 500 сая доллар Хятадад өгч байна. Гэтэл “Энержи ресурс” нүүрсээ гаргаж байсан. Тэгэхээр үндсэндээ “Оюутолгой” ачааны хүндийг авч гарсан. “Оюутолгой” бол хувийн өмчийн компани. Тэгэхээр төр биш хувийн хэвшил авч гарсан байгаа биз дээ.
Манай улсад төрийн өмчит 2 том холдинг компани бий болж байна. Уул уурхайн салбарт “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бусуудыг нэгтгээд “Эрчис Монгол” компани байгуулчихлаа. Эдгээр нь төрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр маш далайцтай үйл ажиллагаа явуулдаг зарим улсын компаниуд шиг үйл ажиллагаатай байж чадаж байна уу, чадах уу?
Ирээдүй өв сангийн тухай хуульд үйл ажиллагааг нь корпорац хэрэгжүүлнэ гэж байгаа. “Үндэсний баялгийн сан” дээр “Чингис хаан” сан гэж корпорац байгуулагдах нь гэж ойлгосон. “Хүний хөгжил сан” дээр тулгуурлаж байгуулсан нь “Эрдэнэс Монгол”. Иймэрхүү байдлаар шинэ хууль батлах болгонд нэг компани байгуулдаг. Жишээлэхэд, манайд цахим аюулгүй байдлыг хариуцсан яам, агентлаг, ТӨК, УҮГ, дата центр гээд чиг үүрэг нь давхацсан баахан байгууллага байна. Гэтэл цахим аюулгүй байдлын үзүүлэлтээрээ дэлхийд сүүл мушгих жишээний. Үүн шиг баахан төрийн өмчийн компани байгуулагдаж байна. Нэг хэсэг Төрийн өмчийн хороонд “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол”-д ЭТТ, “Оюутолгой”, нэг сүлжээний “Багануур”, “Шивээ Овоо” нь Эрчим хүчний яаманд харьяалагддаг байлаа. Түүнийгээ олигтой цэгцэлж чадаагүй мөртөө нэмээд “Эрчис Монгол” гээд байгуулж байна. Би үүнийг сонгуульд ялагдсан хүмүүсийн амыг хаадаг томилгоо л гэж хардаг. Үнэхээр баруунд байдаг компаниуд шиг, эсвэл Казахстаны “Самрук-Казына”, Сингапурын “Темасек” шиг болгох гэж байгаа бол өр ширийг нь дараад, хуучин бүтцийг эвдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ЭТТ-н ТУЗ “Эрдэнэс Монгол”-д харьяалалтай ч, ЗГХЭГ аас бүх чиглэл, удирдамжаа авдаг өнөөгийн байдлаар яваад байвал утгагүй. “Багануур”, “ШивээОвоо” Эрчим хүчний яамнаас хамааралтай ч ахиад дээр нь “Эрчис Монгол” тавигдчихлаа. Ийм хоёр эзний нэг зарц шиг компаниуд олон байгуулагдах сайн зүйл биш. Тэр олон салбарын, тэр олон өөр өөр компанийн дээр “Эрчис Монгол” гэж байгуулаад яах гээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй. “Эрдэнэс Монгол” бол цаасны л компани. Бүх шийдвэр нь ЗГХЭГ дээр гардаг. “Эрчис Монгол” ч ялгаагүй болох байх. Манайд салбарын сайд, ХЭГ-ын сайд асар их нөлөөтэй. Энэ нөлөө байхгүй болоогүй цагт өчнөөн гоё нэртэй, өчнөөн олон компани байгуулаад асуудлаа шийдэж чадахгүй. Гэхдээ нэгэнт улс төрийн эргүүлэгт ороод эрчээ авчихсан процессыг шүүмжлэх нь хад руу чулуу шидэхтэй адил. Хүсэх ганц юм гэвэл “Самрук-Казына”, “Темасек” шиг улс төрөөс хараат биш байгаасай л гэж бодож байна. Германд иймэрхүү компаниуд байдаг. Гэхдээ олон нийтийн өмчийн, хувьцаа нь бирж дээр чөлөөтэй эргэлдэж байдаг. Гүйцэтгэх удирдлага, менежментийг нь хувийн хэвшил хийдэг. Норвегийн баялгийн сангийн менежментийг хувийн хэвшлийн компани хийдэг. Мандатаа төв банкнаасаа авна, Сангийн яамд тайлагнана, тэгээд Парламент руугаа оруулдаг. Гэтэл манайд ХЭГ, Сангийн яам үндсэндээ хуваагаад авчихсан. Өөрсдөө төлөвлөнө, өөрсдөө томилно, өөрсдөө тайлагнана, өөрсдөө хянана. Ямар ч бизнес төрийнх байна уу, хувийнх байна уу ялгаагүй, хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа, хяналт, тайлагнал нь бүгд тусдаа байдаг. Засаглалын ийм зарчмаа дагасан нь цаашаа явна. Манайд бол муу битгий хэл, ерөөс зарчим алга. Тийм байж гоё гоё нэртэй компани байгуулах нь ногоон автобустай л адилхан. Хуучин автобус оруулж ирээд будсан шиг л зүйл. Үндэсний баялгийн сан, “Эрчис Монгол” бол бүгд л “ногоон будаг” нь.
Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин өнөөдөр ямар нөхцөлд байна вэ?
Маш муу, ерөнхийдөө гадагшлах урсгал явж байна. Төв банкны төлбөрийн тэнцлээс үүнийг хялбархан харчихна. Экспорт нь зэс, нүүрс, жаахан алт байна. Импорт нь бензин дизель, хуучин япон машин, шинэ хуучин гар утаснууд байна. Хажуугаар нь жаахан идэж уух зүйл, эм тариа орж ирнэ. Гадаад худалдааны тэнцэл маань энэ. Хоёр дахь нь үйлчилгээний тэнцэл. Бид үйлчилгээ дээр асар өндөр алдагдалтай. Хэдэн тэрбум долларын алдагдалтай байгаа. Нүүрсээ хүртэл гаднынхнаар тээвэрлүүлж байна. “Оюутолгой” цахилгаанаа Хятадаас авч байна. Аялал жуулчлал дээр олж байгаагаасаа ихийг гадагшаа аялахад зарцуулж байна. Эрүүл мэнд дээр маш их мөнгө гадагшаа урсгаж байна. ТЭЗҮ, хуулийн үйлчилгээ мөн адил. Үйлчилгээний энэ алдагдал экспорт импорт дээр гарч байгаа давуу талаа байхгүй болгочихдог. Гурав дахь нь хөрөнгө оруулалт. Шууд болон хувьцааны хөрөнгө оруулалт хоёулаа хасах байгаа нь манайхаас капитал зугтаж байна, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэсэн үг. Лиценз олгохгүй, лицензтэйг нь хайгуул хийлгэхгүй болохоор яаж хөрөнгө оруулалт орж ирэх билээ. Монгол руу уул уурхайгаас өөр юу руу хөрөнгө оруулах юм. Барилга руу оруулъя гэхэд нам зогсчихсон. Худалдаа үйлчилгээ нь ханачихсан, франчайзинг жаахан явж байна. Өөр юм алга. Тэгээд орууллаа гэхэд маш өндөр татвар төлнө, төрийнхөн бүгд ил, далд хээл хахууль нэхнэ. Уоррен Баффет, манай улсыг хөрөнгө оруулалт татъя гэвэл валютын ханшаа тогтвортой байлга гээд хэлчихлээ. Манайд инфляц албан ёсоор 10 хувь, албан бусаар 30-40 хувьтай байна. Гаднын хөрөнгө оруулагч 100 доллар оруулаад, 120 долларын орлого олмоор байна гэхэд үндэсний мөнгөн тэмдэгтээр явна гэчихсэн хуультай тул 100 доллароо оруулж ирээд төгрөг болгоно. 20 доллартой тэнцэх төгрөгөөр ашиг хийгээд буцаагаад доллар руу шилжүүлэхээр ханш дээр алдаад дуусаж байгаа. Тиймээс ямар ч гаднын хөрөнгө оруулагч орж ирэхийг хүсэхгүй. Харамсалтай нь гаднын хөрөнгө оруулалтгүйгээр манай улс хөгжихгүй, ажлын байр бий болохгүй. Дотоодын хөрөнгө оруулалт гэхээр бүгдийг дээрэмдчихлээ. Мөнгөтэй хэн байна гэвэл сайд болсон бизнесменүүд л байх. Тэгэхээр яаж бизнес хийх билээ.
ТОМРОХ ГЭЖ ЯДАЖ БАЙГАА ҮНДЭСНИЙ ХЭДЭН БИЗНЕСЭЭ БҮГДИЙГ ҮНДЭСНИЙ ДАЙСАН БОЛГОХ БОДЛОГО ЯВЖ БАЙНА
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын үнэ цэн улам бүр нэмэгдэж байна. “Ногоон шилжилт”, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн эрэлтийн өсөлт, тэр дундаа критикал минералын эрэлт манай уул уурхайд хөгжлийн боломж нээх үү?
Уг нь манайд боломж мөн. Анх барууны орнууд стратегийн ашигт малтмал гэдэг нэр томьёо хэрэглэж байснаа критикал минерал болгочихлоо. Аж үйлдвэрийн салбарынх нь үндсэн түүхий эд болсон газрын ховор элемент, уран зэрэг нь байхгүй бол үйлдвэрүүд нь зогсож, асар их ажилгүйдэл нүүрлэх тул үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд хэрэгцээт ашигт малтмалуудаа критикал минерал гэж нэрлэж байгаа. Манайхаас бусад нь бие даасан хууль, бодлоготой болчихлоо. Саяхан Европын холбоо баталсан. Түүх сөхвөл, 2011 онд ХБНГУ нь Казахстан, Монгол хоёртой туршилтын гэрээ байгуулсан. Манайх нь хэрэгжээгүй, Казахстаных харин маш сайн явж байгаа. Манайд судалгаа шинжилгээ хийгээд, дээжээ гадагшаа явуулах гэхээр явуулдаггүй. Үнэхээр дампуу. Германтай хийсэн тохироонуудаас ганц бүтсэн нь Налайхад байгуулсан АМТИС байна. Америкт Хууль зүйн яам нь критикал минералын жагсаалтаа албан ёсоор зарладаг боллоо. Австралид Засгийн газар нь зарласан. Ингэж зарлахын давуу тал нь хөрөнгө оруулалт хийвэл илүү давуу эрхтэй баталгаа өгч байгаа хэрэг. Мөн худалдаа, тээвэр дээр давуу эрхтэй гэсэн бодлогоо илэрхийлж байгаа юм. Гэтэл манайд маш ойлгомжгүй. Тэр стратегийн ордод нэр дэвшигч 30 хэдэн орд дотор газрын ховрын хэдэн орд байгаа юм. Газрын ховрыг хайя гэвэл хатуу ашигт малтмалын зохицуулалтаар явах уу эсвэл Цөмийн энергийн хуулиар явах уу. Стратегийн орд болчихвол яах юм, болохгүй бол яах юм. 34 хувийг авах юм уу, тусгай роялти авах юм уу. Дээр нь Үндэсний баялгийн сан гарч ирээд бүр ойлгомжгүй, хуулийн хувьд хэдэн салаа замтай болчихлоо. Гэтэл, дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг Хятад эзэлж байна. Тэр дотроо манай хилийн цаахна байх Баяннуур нэлээд том байр суурьтай. Энэ нь геологийн тогтцын хувьд манайд боломж бийг харуулж байна. Уг нь үүнийгээ ашиглаж чадвал 2011 2012 оны үед уул уурхай гоё болж байсан шиг сайн түүх давтагдаж болох юм. Гэхдээ энэ боломж одоо хажуугаар өнгөрч байх шиг байна. Саяхандаа, дайтаж байгаа Украйн хүртэл Америктай газрын ховор элемент дээр тохироо хийгээд, хамтарсан сан байгуулна, АНУ хөрөнгө оруулна, Америкийн компаниудад давуу эрх олгоно. Хамт хайгуул хийгээд, юм олбол олборлоё гэчихлээ. Дайнтай улс хүртэл энэ эрэлтийг ашиглаж байна шүү дээ. Америк улс Хятадын газрын ховор элементийн нөлөөллөөс гарахын тулд маш олон улс оронд хайгуул хийхийг зорьж байна. ХБНГУ, Европын Холбоо мөн ялгаагүй. Энэ бүхэн бидэнд маш том боломж байсан.
Боломж зөвхөн өнгөрсөн цаг дээр л үлдсэн гэж үү?
Одоо 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл юм хийхгүй, хийлгэхгүй. Энэ жил ингээд дууслаа. 2026 онд нэр дэвшигчээ тодруулах гэж намууд дотроо зодолдоно. Хэн нь хамгийн эх оронч, хэн нь хамгийн гадаадын хөрөнгө оруулалтад дургүй вэ, хэн нь хамгийн ард түмэндээ хайртай вэ гэдгээрээ уралдана. 2027 оны сонгууль дуусаад 2028 онд УИХ-ын сонгууль. Юун уул уурхай, газрын ховрын салбар хөгжүүлэх.
Сүүлийн үед үүсээд байгаа геополитикийн зөрчлүүд Монголын уул уурхайд хэрхэн нөлөөлж байна вэ? Нөлөөллийг нь юунаас харж болох вэ?
Манай улсын эдийн засаг, худалдаа түүхийнхээ туршид их гүрнүүдийн өрсөлдөөн, зөрчлийн нөлөөнд байсаар ирсэн. Богд хаант улсын үед алтны “Монголор” үйлдвэрийг Америк, Швед, Герман, Японы хамтарсан хөрөнгө оруулалттай байгуулж байснаас харахад Богд хаан одоогийн биднийг бодвол маш бодлоготой удирдагч байж. Харин Ардын хувьсгалын дараа оросууд орж ирээд, барууны хөрөнгө оруулалтыг шахан гаргасан. Эрдэнэтийн зэсийн орд ч геополитикийн нөлөөгөөр л ашиглалтад орсон. Анх Чехүүд олж, хамтран ажиллах санал тавьсан ч олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ЗХУ Эрдэнэтийг байгуулж, хэт өндөр үнээр Монголд шахсан. 300 сая доллароор барьсан гэдэг. Гэтэл үүнээс хамаагүй том уурхайг яг адилхан цаг хугацаанд Австралийн Грасбергт 170 сая доллароор барьсан байдаг. Үүн дээр нэмээд, Эрдэнэт дэх 11 мянган ширхэг 3-4 давхар орон сууцууд, цахилгаан станцаа их өр гээд 300 сая доллароор бидэнд тулгасан. Манай баяжмалыг үнэгүй шахам аваад, оронд нь маш үнэтэй тоног төхөөрөмж, мэргэжилтэн нийлүүлсэн. Ураны салбарт ч Оросын нөлөөгөөр Канадын компаниудыг шахан гаргаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн хувь зарагдахад ч геополитикийн нөлөө туссан. Оросууд Крымийг эзэлж авангуут Европын холбоо хориг тавьсан. Өмч хувьчлалын яаманд нь Эрдэнэтийн 49 хувь байсныг “Ростех” рүү шилжүүлсэн. “Ростех” тухайн үедээ зэсийн үнэ уначихсан, Эрдэнэтийн нөөц багасчихсан, 400 сая доллароор авбал ав гэсэн. Монголын “49-ийнхөн” аваад нэлээд хэдэн өрөм тавьж нэмэлт нөөц өсгөсөн л дөө. Дээрээс нь зэсийн үнэ өсөхөөр ашигтай болчхож байна. Өнөөдөр ч Хятад-Австрали, Хятад-Хойд Солонгосын харилцаа нүүрсний экспортод шууд нөлөөлж байна. Жишээ нь, тэдний харилцаа сайжрах үед Монголын нүүрсний экспорт эрс багасдаг. Бид Бээжингээс хараат 200 жил явж үзсэн, Москвагаас хараат 70 жил явж үзсэн. Хараат байдлаас ангижрахад нөлөөлөх гол зүйл маань уул уурхай. Гэвч буцаад л хавсарга болгох бодлого давамгайлчихлаа. Түүнийг маш зальтайгаар хийж байна. Тэр нь ард түмнийхээ төлөө хэдэн хулгайчтай тэмцэж, алдагдсан баялгаа буцааж авна гэсэн хийрхлээр халхлагдаж байна. Томрох гэж ядаж байгаа үндэсний хэдэн бизнесээ бүгдийг үндэсний дайсан болгох бодлого явж байна. Гэхдээ сайн харж чадвал ямар ч өөрчлөлтөд давуу тал байдаг. Тэрийг л ашиглах хэрэгтэй.
Тэгвэл одоо бид ямар давуу талыг олж авч болохоор байна вэ?
Гаднын шууд хөрөнгө оруулалтыг л татах хэрэгтэй. 2-3 том төсөл явуулахад л манай эдийн засаг босоод ирнэ. Боломжийн нөөцүүд байгаа ч одоо бүгд стратегийн орд, баялгийн сангаас айгаад нам дараад, ашиглахгүй тал руугаа орчихлоо. Тиймээс үүлэн чөлөөний нар шиг боломжийг алдаж байна. Манай уул уурхай анхнаасаа л олон улсын геополитикийн давлагаан дунд хөгжсөн. Нэг их бизнесийн зарчмаараа явсан юм байхгүй. Хятад манайхаас асар их нөөц баялагтай. Шинжаан Уйгарт бол хатгаад л юм гарна. Үймээн самуунтай учраас эрсдэлтэй байсан бол одоо мөргөлдөөн нь намжаад тийшээ дэд бүтэц байгуулж, заавал Монголоос авна гээд байхааргүй болж байна. Бид ганц зүйл дээр азтай байгаа нь хятадууд ажлын байр бий болгох гээд маш олон баяжуула
х үйлдвэр барьчихсан. Гэхдээ суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийн ашиглалттай байгаа тул манайхаас одоохондоо баяжмал авах сонирхол байгаа. Гэхдээ тэр үйлдвэрүүд нь удаан хугацаагаар ашиглалтгүй байвал өөр тийш шилжүүлж магад. Тэгвэл бид байршлын давуу талаа алдана. Одоо байгаа нэг гэрэл гэгээ бол гуравдагч хөрш Францтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ явахгүй бол тэгээд л гуравдагч хөршүүддээ нэр нүүрээ алдана гэсэн үг.
2-3 том төсөл явуулахад манай эдийн засаг босоод ирнэ гэлээ. Тэгвэл Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа?
Ихэнхийнх нь хувьд аль арваад жилийн өмнө галтай шийдвэрүүд нь гараад, шийдлүүд нь бэлэн болчихсон төслүүд. Ардын нам дангаараа эднийг өнгөрсөн жилүүдэд явуулж чадсангүй. Аргаа ядаад Хамтарсан засгаар явуулъя гэж үзсэн. Дэмжүүштэй зарим төслүүд бий. Ураны төсөл байна, Тавантолгойн төмөр замын хил холболтын цэг байна. Усны ганц хоёр төслийн санаа нь зөв. Говьд гүний ус хамаагүй ашиглаад байж болохгүй. Хэрлэн, Орхоныг үерлээд байгаа үед нь цөөрөм байгуулж хуримтлуулаад, ус татах нь хэрэгтэй. Гэхдээ хамгийн хэрэгтэй энэ хоёр төсөл нь мөнгөгүй, төсөвгүй юм билээ. Зэс хайлуулах үйлдвэр зэрэг хэрэгжих боломж тааруу төслүүд ч бас байна. Манайд зэс хайлуулах үйлдвэрийн маш олон ТЭЗҮ байгаа. Шинээр хийнэ гэдэг бас нэг мөнгө угаах сонирхол байж магад. Асар өндөр өртөгтэй юм билээ. ТЭЗҮ бол дараа нь хэмжиж болдоггүй зүйл учраас манайд ТЭЗҮ-ээр мөнгө хийдэг нэг арга бий болчихлоо. Тэгээд сонгуульдаа зарцуулдаг, тэр утгаараа хэцүүхэн харагдсан. Яг Оюутолгой, Тавантолгой шиг том нөлөө үзүүлэх, эдийн засгийг татах хэмжээний төслүүд бол байхгүй. Бүгд л олон жил яригдсан төслүүд, шинэ гэчих төсөл харагдаагүй. Ерөнхийдөө эдийн засгийн гэхээсээ Хамтарсан засгийг гоё харагдуулах гэсэн улс төр байсан. Энэ 14 мега төслөөс эхний 2-3 нь л яст мэлхийн хурдаар явж байна. Цаана нь хөдөлгөөнгүй зогсож байгаа 10 гаруй төсөл байна. Энэ хурдаар явахад 2-3 жилийн дараа ямар ч хэрэгжсэн мега төсөлгүй сууж байх вий.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар, 2025 №05 (042)