Г.Дамдинням: Монгол газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилтийн явц болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон (2025.07.01) байна. 


Уулзалтын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрээр “Төслийн EPC-01 багц ажил 2024 онд бүрэн дууссан. Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжуудыг хамарсан EPC-02 болон EPC-03 багц ажлууд, түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил төлөвлөсөн графикийн дагуу үргэлжилж байна. 


Харин хамгийн сүүлийн шатны буюу EPC-04 багц ажил–лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компанийг 2023 онд сонгон шалгаруулсан хэдий ч, төслийн нэмэлт санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэхэд удаашрал гарсан. 

Үүнтэй холбоотойгоор тус багцын ажлыг 2025 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж байж эхлүүлэх нөхцөл бүрдсэн нь үйлдвэрийн ашиглалтад орох хугацаанд нөлөөлсөн. Түүнчлэн Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй зардлыг дотоод эх үүсвэрээр шийдвэрлэх, улмаар төслийн санхүүжилтийг бүхэлд хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” гэв.

Уулзалтын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн бүтээн байгуулалт нь стратегийн ач холбогдол бүхий төсөл болохыг онцлоод, төсөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр  хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж АҮЭБЯ-наас мэдээлэв.