2021 оны төсвийн орлогыг зэс чирэв


Б.ЭНХМАА

Монгол Улс цар тахлын хоёр дахь жилийг гал алдахгүйхэн шиг давахад эрдэс баялгийн салбар чухал нөлөө үзүүлэв. Өнгөрсөн онд улсын Нэгдсэн төсвийн нийт орлого 14 их наяд 255 тэрбум төгрөг болж өмнөх оноосоо 37 хувиар буюу бараг 4 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэ бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр орлого төвлөрсөн жил болж байна. Төсвийн орлогын өндөр өсөлтөд эрдэс баялгийн салбар хамгийн том нөлөөг үзүүлсэн. Нийт 4 их наяд 114 тэрбум төгрөгийн татварын орлогыг зөвхөн эрдсийн олборлолт, борлуулалтаас олсон нь Нэгдсэн төсвийн орлогын бараг 30 хувийг бүрдүүлж байна. Үүний 60 орчим хувь буюу 2.4 их наяд гаруй төгрөгийг зэс бүрдүүлснийг УУХҮЯ-ны мэдээнээс харж болно. Энэ бол эрдэс баялгийн салбарын хувьд онцгой жил болсон гэхэд болно.

Ердөө 10 жилийн өмнө буюу 2012 онд Нэгдсэн төсвийн орлого 5 их наяд төгрөг болж, үүнээс татварын орлого нь 4.2 их наяд төгрөг байв. Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлт үзүүлж, хурдацтай тэлэн хөгжиж байсан жилд улсын нийт татварын орлогоор төвлөрч байсан орлогыг өнгөрсөн жил зөвхөн эрдэс баялгийн салбар бүрдүүлсэн байна. Татварын орлогыг эрдсийн төрлөөр нь ангилж үзвэл зэсийн салбарынхан 2 их наяд 422 тэрбумын татвар төлжээ. Үүний 1.2 их наядыг Эрдэнэт үйлдвэр төлсөн бол үлдсэнийг нь Оюутолгой компани төлсөн байна. Хоёр том үйлдвэрлэгчийн төлсөн татвар өсөхөд зэсийн үнийн өсөлт чухал нөлөө үзүүлсэн. Хэдий зэсийн баяжмалын экспортын хэмжээ 2021 онд өмнөх онтойгоо харьцуулахад найман хувиар буурсан ч экспортын орлого 2.9 тэрбум ам.доллар болж, бүтэн 1.1 тэрбум ам.доллараар өслөө. Энэ хэрээр зэсийн татварын орлого 2.2 дахин буюу 1.3 их наяд төгрөгөөр огцом өссөн байна. Цар тахлын хоёр жилд Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр хоёр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж чадсанаараа төсвийн орлого төдийгүй эдийн засагт олон талын томоохон дэмжлэг болж чадлаа.
Гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал, ажлын байр тогтвортой хадгалах, иргэдийн цахилгаан, дулааны мөнгийг төлөх гээд хүнд ачааг ажрахгүй үүрч гарсныг дээрх ганц тоо илтгэнэ. Бусад ашигт малтмалын тухайд цайрын салбарын төлсөн татвар гурав дахин, жоншны салбарынх 2.5 дахин, төмрийн хүдрийнх 92 хувиар, алтных 31 хувиар өссөн нь нийтдээ 272 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Алтнаас бусад эрдсийн экспортын хэмжээ буурсан ч экспортын орлого, төлсөн татварын хэмжээ өссөн нь дэлхийн зах зээл дээрх үнэ өссөнтэй шууд холбоотой юм. Харин экспортын орлого болон татварын “алтан найдвар” байсан нүүрсний салбар нэлээд уналттай байлаа. Экспортолсон нүүрсний биет хэмжээ бараг 45 хувиар буурсан бол татварын хэмжээ 23 хувиар татарчээ. Гэхдээ нүүрсний экспортын орлого 650 сая ам.доллараар өсөж, 2.8 тэрбум орчим ам.доллар болсон байна. Тэгвэл эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлого өмнөх онтойгоо харьцуулахад 52 хувиар өссөн ч 2021 оны төлөвлөсөн хэмжээнээс 700 тэрбум төгрөг буюу 14 хувиар дутсан байна. 2021 оны төсвийн тодотголыг долдугаар сард баталсан. Уг тодотголоор эрдэс баялгийн салбар 4 их наяд 743.7 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээр тооцсон.

Төсвийн тодотголтой харьцуулахад зэс, нүүрс, газрын тосноос бусад эрдсийн төвлөрүүлсэн орлого 108 орчим тэрбум төгрөгөөр давж биелжээ. Харин нүүрсний орлого 531 тэрбум, зэсийнх 262 тэрбум, газрын тосны орлого 15 тэрбум төгрөгөөр тус тус дутжээ. Энэ бол эрдэс баялгийн салбараас орох орлогыг хэт өөдрөг тооцсоныг харуулж байгаа юм. Ялангуяа нүүрсний орлого бараг 40 хувиар дутаж байна. Сангийн яам нүүрсний экспортыг 36 сая тонноос 28 сая тонн болгож бууруулж тооцсон ч эцсийн дүндээ 16 сая тонныг л экспортолсон. Хятад улсын талаас тавьсан хилийн хориг, Коронавирусийн үед боомтын нэвтрүүлэх хүчин чадлын эрсдэлийг тооцоолж чадаагүйн буруу юм. Харин оны сүүлийн улиралд Хятадын зах зээлд нүүрсний үнэ огцом өссөн нь Монголын компаниуд болон татварын албанд “шархаа” нөхөх боломж олгосон байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад нүүрсний экспортын дундаж үнэ 2020 онд 74.2 ам.доллар байсан бол 2021 онд 172.2 ам.доллар болж өсжээ. Ялангуяа сүүлийн улиралд 300 ам.доллараас дээш гарч нэмэгдсэн нь Монголын нүүрсний экспортын түүхэнд хамгийн өндөр үнэ болов. Энэ өндөр үнэ дээр 3.7 сая тонн нүүрс экспортолж, 1.26 тэрбум ам.долларын экспортын орлого олсон байна.
Графикаас илүү дэлгэрэнгүй харах боломжтой. Цар тахлын хүнд цаг үед уул уурхайн салбарынхан зогсох эрхгүй зүтгэсэн. Коронавирусийн хоёр ч давлагааг даван туулж, улс даяарх хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, хил гаалийн гацааг амжилттай даван туулсны үр дүнд улсын нийт орлогын 3 төгрөг тутмын нэгийг нь уул уурхайн салбарынхан бүрдүүллээ. Эрдэс баялгийн салбарын хувьд зөвхөн олборлох салбарын компаниудын улсын төсөвт төлсөн татварын дүнгээр хэмждэг. Үүнээс гадна ханган нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч компаниуд ч идэвхтэй ажилласан болохоор тэдний төлдөг гаалийн болоод НӨАТ-ын хэмжээ ч Нэгдсэн төсвийн орлого 37 хувиар өсөхөд гол нөлөөг үзүүлсэн нь ойлгомжтой юм. Эрдэс баялгийн салбараас үүнээс илүү их орлого олох Засгийн газрын “мөрөөдлийг” биелүүлж чадаагүй ч хангалттай их татварыг уул уурхайн салбарынхан төлжээ.