2050 он гэхэд дэлхийн нүүрсний салбар 1 сая ажлын байр алдах магадлалтай

Э.ОД

Эрчим хүчний шилжилтийн улмаас 2050 он гэхэд дэлхийн нүүрсний салбар 1 сая орчим ажлын байраа цомхотгож болзошгүй гэж АНУ-д төвтэй Global Energy Monitor-ийн (GEM) судалгаагаар гарчээ. Хамгийн ихээр Хятад, Энэтхэг улсын нүүрсний уурхайнуудад тулгарах магадлалтай аж.

Улс орнууд илүү цэвэр, нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрийг сонгож буй тул ажиллах хүч ихээр шаардагддаг нүүрсний уурхайнууд ойрын арван жилд хаагдах төлөвтэйг судалгаанд өгүүлсэн байна. Нүүрсний уурхай хаагдах нь гарцаагүй. Тиймээс эдийн засгийн хүндрэлээс зайлсхийх, ажилчдыг хохироохгүй байх төлөвлөгөөг Засгийн газрууд гаргах хэрэгтэйг анхааруулжээ.

GEM нь тус судалгаагаа дэлхийн хэмжээнд ойролцоогоор 2.7 сая ажлын байр бүрдүүлж байгаа нүүрсний 4300 уурхайн төслийн хүрээнд явуулжээ. 2035 оноос өмнө үйл ажиллагаагаа зогсоох төлөвтэй уурхайнуудад 400 мянга гаруй хүн ажиллаж байна. Судалгаанд тооцсоноор, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлахын тулд нүүрснээс үе шаттай татгалзах төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дэлхий даяар 250 мянган уурхайчин шаардлагатай болно. Энэ нь одоогийн ажиллах хүчний 10 хувьтай тэнцэх юм.

Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс Хятадын нүүрсний салбарт одоогоор 1.5 сая гаруй уурхайчин ажиллаж байна. GEM-ийн судалгаагаар, 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд нүүрсний салбар дахь 1 сая ажлын байр үгүй болохоос 240 мянга гаруй нь зөвхөн Хятадын Шанси мужид хамаарах магадлалтай гэжээ.