2023 онд дэлхийн хэмжээнд 1.92 тэрбум тонн ган үйлдвэрлэнэ

Э.ОД

Металл, уул уурхайн түүхий эдийн үнийн таамаглалаа Fitch-ээс шинэчилжээ. Тэр дундаа дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнийг өснө гэж үзсэн бол бусад металлын ханшийг бууруулсан байна. 2023-2024 онд зах зээлд илүүдэл үүсэх, 2025 он хүртэл эрэлт сул байснаар хөнгөн цагааны ханш буурна гэсэн төлөвийг гаргажээ. Энэ онд цайрын үнийг бууруулж, харин 2025-2026 онд нэмэгдэнэ гэж таамагласан байна. Хэдийгээр цэвэр эрчим хүчний шилжилтээр зэс урт хугацаанд дэмжигдэх ч ханш тогтворгүй байх эрсдэлтэйг Fitch-ээс анхааруулжээ.
Зөвхөн зэс гэлтгүй гангийн, түүний үйлдвэрлэлд шаардагддаг гол түүхий эдийн эрэлт, хэрэглээнд ч цэвэр эрчим хүчний бүтээн байгуулалт нөлөөлж байна. Цахилгаан машинд 900 кг ган, үүнийг үйлдвэрлэхэд 690 кг коксжих нүүрс ордог бол салхин сэнс бүтээхэд 285 тонн ган, үүнд 220 тонн коксжих нүүрс хэрэгтэй.

Дэлхийн гангийн холбоо (WSA) сүүлийн тайландаа дэлхийн гангийн үйлдвэрлэл өмнөх оны 1.88 тэрбум тонноос энэ онд 1.92 тэрбум тоннд хүрч өсөх төлөвийг дурджээ. Улмаар коксжих нүүрсний дэлхийн эрэлт энэ жил 2.25 хувиар нэмэгдэнэ гэж таамагласан байна. Коксжих нүүрсний дэлхийн эрэлт 2022 онд ойролцоогоор 800 сая тонн байсан бол энэ онд 819 сая тонн хүрнэ гэсэн тооцооллыг CoalMint хийжээ. Гангийн үйлдвэрлэлийн өсөлтөд Хятад, Энэтхэгийн үйлдвэрлэл голлож, мөн бусад улс орнуудын ногоон эрчим хүчний бүтээн байгуулалт нөлөөлж байна. Хятад нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 56 хувь, коксжих нүүрсний 60 гаруй хувийг эзэлдэг. Тус улсын гангийн хамгийн том хэрэглээ болох үл хөдлөх хөрөнгийн салбар нь энэ оны ихэнх хугацаанд зогсонги байгаа үед дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гол хүчин зүйл нь гангийн экспорт болж байна. Хятадын гангийн үнэ өрсөлдөх чадвартай, "Бүс ба Зам" санаачилгын төслүүдийг эрчимжүүлэх хүчин чармайлтаар гангийн экспортоо идэвхжүүлсэн. Энэ жил тус улсын гангийн экспорт 90 сая тоннд хүрч өнгөрсөн оноос 30 орчим хувиар өсөхийг SteelMint таамаглажээ. Оны эхний найман сард Хятад 712 сая тонн түүхий ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.07 сая тонноор нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн газар мэдээлсэн. Мөн хугацаанд Хятадын дотоодын гангийн хэрэглээ 651.88 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс бараг өөрчлөгдөөгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар огцом унасан ч дэд бүтэц, үйлдвэрлэл, ялангуяа автомашин, усан онгоц, эрчим хүчний шинэ байгууламжуудын барилга угсралт Хятадын гангийн хэрэглээг нөхөж буй.
Гэхдээ өнгөрсөн жил 1.018 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн тус улс өнгөрсөн хоёр жил дараалан үйлдвэрлэлээ бууруулсан. Тиймээс энэ онд ч гангийн үйлдвэрлэлийн хэмжээг өмнөх жилийн түвшинд хязгаарлаж болзошгүй юм.

Саяхан “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Хятадын сүүлийн хорин жилийн гангийн хэрэглээний хурдацтай өсөлт өндөрлөж, эрэлт дээд цэгтээ ойртож байгаа”-г ярьсан. Metallurgical Mines' Association of China мэдээлснээр 2025 он гэхэд Хятадын төмрийн хүдрийн импортоос хамаарах хамаарал 71 орчим хувь болж буурах ба тэр үед жилд 880 сая тонн төмрийн хүдэр импортлох хэрэгцээ Хятадад бий болно гэнэ. Тус улс оны эхний найман сард 775.7 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар өссөн байна. Хэдийгээр Хятад төмрийн хаягдлыг дахин боловсруулж гангийн үйлдвэрлэлдээ ашигладаг ч барилгын үйл ажиллагаа сул буйгаас хаягдал бага гарч, илүү үнэтэй тусаж байна. Тиймээс төмрийн хүдрийн импорт сүүлийн гурван жилд анх удаа 2023 онд өсөх төлөвтэй гэж шинжээчид үзэж буй.

Зах зээлийн судалгааны 5 байгууллага Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн оны 1.11 тэрбум тонноос энэ онд 40-60 сая тонноор нэмэгдэнэ гэсэн ижил таамаглал дэвшүүлжээ. Тэдгээрийн нэг Wood Mackenzie-ийн ерөнхий зөвлөх Лоуренс Жан "2023 оны түүхий гангийн үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхтэй адил гэж үзвэл гангийн хаягдлын хомсдолыг нөхөхийн тулд Хятад улс төмрийн хүдрийн импортыг нэмэгдүүлэх шаардлагатай" гэжээ. Энэтхэгийн хувьд энэ жил гангийн үйлдвэрлэл 10 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа нь дотоодын барилга, төмөр зам, үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойг Энэтхэгийн гангийн холбоо (ISA) тайлбарлажээ. Дэд бүтцийн барилга эрчимжиж, хотын хэрэглээний өсөлтөөс шалтгаалан тус улсын гангийн хэрэглээ 2026 он хүртэл жил бүр 8-9 сая тонноор ахина гэж ISA мэдээлсэн. Сонирхол татахуйц судалгааг IEEFA, JMK танилцуулсан нь 2021 онд Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь 92 хувь байсан бол 2030 он гэхэд 70 хувьд буурна. Учир нь гангийн үйлдвэрлэлдээ ногоон устөрөгчийг түлхүү ашиглах болсон байна. 2050 он гэхэд тус улсын гангийн үйлдвэрлэлийн 42 хувийг ногоон устөрөгч, 29 хувийг нүүрс эзэлнэ гэдгийг уг тайланд дурджээ. Дэлхийн төмрийн хүдрийн салбарт томоохон шинэ төсөл ашиглалтад бэлтгэгдэж байна.

Гвиней дахь Simandou ордын дэд бүтцийг байгуулахад хамтрах гэрээг наймдугаар сард Гвинейн Засгийн газар, Рио Тинто группийн охин компани Simfer SA болон Winning Consortium Simandou консорциум үзэглэсэн билээ. 1997 онд нээсэн ч өнөөг хүртэл ашиглаагүй төмрийн хүдрийн хамгийн "баян" ордод тооцогддог. Симандоу нуруунд орших уг орд 65.8 хувийн агууламжтай 2.8 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй. 

Майнинг Инсайт сэтгүүл, №09 (022)