Хууль бус уул уурхайд ирээдүй үгүй

Б.Баяртогтох

Хууль бус уул уурхайн “золиос” болж эвдэгдсэн газрын хэмжээ 30,790 га талбайг хамарчээ. Энэ нь хамгийн сүүлийн үеийн судалгааны дүн. Эрдэс баялаг, түүнийг олж нээхээс олборлон борлуулах хүртэлх бүхий л шат дамжлага хууль ёсны дагуу өрнөх учиртай. Харамсалтай нь хууль, журмын хэрэгжилт хангалтгүй, түүнийг хэрэгжүүлэхээс зайлхийсэн эс үйлдэл болгон байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулсаар байна. Тэрчлэн уул уурхайн салбарын хөгжил, нэр хүндэд энэ байдал хамгийн том сөрөг “мессеж” болсоор өнөөдрийг хүрэв.
Тухайлбал, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дамнан орших Говийн их дархан газарт алт олборлосон нь хууль бус уул уурхайн нэг жишээ юм. Ийм жишээ цөөнгүй.
Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь уул уурхай гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааны онцлог байдлыг нь хүндэтгэн үзэх болсон. Монгол Улсын ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, экспортын 80 гаруй хувь, улсын төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Том салбарын нийгэм, эдийн засгийн оролцоо, ач холбогдлыг эдгээр статистик тоонууд бүрэн дүүрэн илэрхийлнэ.
Гэвч үүний хажуугаар хууль бус уул уурхайн хариуцлагагүй жишээ давтагдсаар. Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймаг хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд хамгийн их өртжээ.
Уул уурхайн салбар дотроо хууль ёсны, хууль бус гэсэн хоёр хэсэгт ч хуваагдлаа. Соёл нь, үйл ажиллагаа нь, засаглал нь, компанийн хариуцлага нь энэ байдалд хүргэв. Хууль бус нь бичил уурхайн салбарт хамгийн түгээмэл. Үүнээс гадна хуулийн этгээд болсон, байгалийн баялаг олборлох эрхтэй зарим аж ахуйн нэгж хууль бус уул уурхайг хамгийн том бизнес болгон ашиглаж байна.
Уул уурхайн компани нь ашигт малтмалын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын тулд хэд хэдэн тусгай зөвшөөрөл хууль, журмынхаа дагуу авдаг. Эхлээд хайгуулын, дараа нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гээд үргэлжилнэ. Үүний хажуугаар дагалдах зөвшөөрөл, эрх гээд бий. Бичиг цаасны ажил, тайлан, дүгнэлт, ТЭЗҮ, төлөвлөгөө гээд шаардлагатай болдог. Хамгийн наад зах нь эдгээрийг хууль журмынх нь дагуу бүрэн дүүрэн бүрдүүлэх учиртай.
Гэтэл эдгээрийг бусдад авлига өгөх замаар амар хялбар шийдэх, улсаас зааж өгсөн бус дурын газраа хууль бусаар олборлолт хийх, олгогдсон талбайд олборлолт явуулсан ч нөхөн сэргээлтээ хийхгүй орхих, усны хэрэглээг норм хэмжээнээс нь хэтрүүлэх, гол горхи бохирдуулах, зөвшөөрөөгүй техник, тоног төхөөрөмж хэрэглэх, химийн хорт бодит ашиглах зэрэг үйлдлээс болж уул уурхайд итгэх нийгмийн итгэл алдагдаж байна. Хууль бус уул уурхайн түгээмэл шинжүүд энэ.
Тусгай зөвшөөрөл авах үйл явц нь хүртэл авлига болон бусдын нөлөө орсон байвал хууль бус үйлдэлд энэ нь тооцогдоно. Үүний нарийн шалтгаан, үр дагавар, хариуцлага, олон нийтийн хяналт, ил тод байдлыг энд хөндөж, ярилцахаас өөр аргагүй. Ингэснээр урьдчилан сэргийлэх, хууль бус уул уурхай цаашид хүрээгээ тэлж газар авахаас хамгаалах юм.
Хууль бус олборлолттой холбоотойгоор сүүлийн 5 жилийн хугацаанд 224 хүн ял шийтгэл эдэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас нийт 252 иргэн, 9 хуулийн этгээдэд 2.06 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 878,8 сая төгрөгийг буюу 42.5 хувийг нөхөн төлүүлж, 466,8 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
Тусгай зөвшөөрөл олгохоос олборлолт хүртэлх мэдээлэл харилцан адилгүй нээлттэй бус хаалттай байна. Тэр тусмаа орон нутгийн иргэдэд бодит мэдээлэл хүрдэггүй, үүнээс болж тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал сэтгэгдэл хэлэх боломж бүрддэггүй нь хууль бус уул уурхайн нэг хүнд суртал юм.
Мөн уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө орон нутгийн иргэд тухайн ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, олборлолт явуулах эсэхэд дуу хоолойгоо хүргэх эрхтэй атал энэ үйл явцыг алгасах эсвэл үгсэн хуйвалдах зэргээс болж тухайн компанид давуу эрх мэдлийг олгодог нь хууль бус уул уурхайн нэг тод жишээ.
Энэ байдал нь хууль бус үйл ажиллагааг таних, тухайн үед бусдад мэдээлэх, таслан зогсоох иргэдийн мэдэх эрхийг хааж, нөхцөл байдлыг улам дордуулж байна.
Нутгийн иргэдийг үл тоох, байгаль орчин, соёлын дурсгал бүхий газрыг эрсдэлд оруулах нь хууль бус уул уурхайн үйлдэл юм. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдсон шийдвэр гаргах, оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, оролцоог хангах, эрх ашгийг нь хамгаалах, нөхөн сэргээлт, уурхайн хаалт зэрэг цогц ойлголт энд яригддаг.
Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалыг боловсруулсан бөгөөд Засаглал, ил тод байдал, Хүний эрх, хөдөлмөрийн харилцаа, Байгаль орчны хамгаалалт, Орон нутгийн хөгжил болон олон нийтийн оролцоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг чухалчилж байна.
Дан ганц татвар төлөлтөөр тухайн компанийг хариуцлагатай гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм. Компаниудын хувьд ч өөрсдийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх цаг үе нь болсон байна.
УИХ 1995 онд анх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталсан бол 1998 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль баталж, дараа нь шинэчилсэн билээ.
Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага байгаль орчныг эрсдэлд оруулсан, холбогдох хууль, журмыг дагаж биелүүлээгүй, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах эрхтэй. Иймд та хууль бус олборлолт эрхэлж буй сэжигтэй тохиолдлыг анзаарсан бол цаг алдалгүй Экологийн Цагдаагийн албаны 7019 1070 дугаарт мэдээллээрэй.