Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чилийн төрийн өмчит Codelco компани Chuquicamata уурхайн шинэчлэлд нэмэлт 720 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Компанийн шинэ гүйцэтгэх захирал Рубен Алварадо үйлдвэрлэлийн түвшнийг нэмэгдүүлэх ажлыг удирдаж байна. Тэрээр, ирэх жил компанийн олборлолтын хэмжээг 1.34 сая тоннд хүргэхээр зорьжээ. Codelco компани 1.315 сая тонн орчим үйлдвэрлэлээр энэ оныг дуусгана гэж тооцоолж буй.
Chuquicamata ил уурхайг далд уурхай болгоход одоогоор 5.7 тэрбум ам.доллар зарцуулжээ. Холбогдох дэд бүтцэд 1.3 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйг хувьцаа эзэмшигчдийн хурлаар (2023.05.12)мэдэгдсэн байдаг.
Teck Resources компани Чилийн хойд хэсэгт орших Quebrada Blanca уурхайг өргөтгөх явцад 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Зээлийн хүү өндөр, металлын үнэ буурсан нь нэмэлт хөрөнгө оруулалтад эрсдэл учруулсныг шинжээчид анхааруулж байна.