Айвенхоу Майнз: Анголд зэсийн хайгуул хийнэ

Э.ОД

Айвенхоу Майнз компани ирэх оны эхээр Ангол улсад зэсийн хайгуулын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа (2023.11.27) мэдэгджээ. Канадын уул уурхайн компанид тус улын Моксико болон Куандо Кубанго мужид нийт 22195 хавтгай дөрвөлжин километр талбайд хайгуулын эрх олгосон байна. Энэ нь өндөр ирээдүйтэй зэсийн хайгуулын талбай гэж Айвенхоу Майнз үзэж буй. Компани таван жилийн хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулна. Зөвшөөрлийн хугацаагаа дээд тал нь долоон жилээр сунгах боломжтой ч үүний тулд эхний таван жилийн хугацаа дуусахад хайгуулын эрхийнхээ 50 хувиас татгалзах шаардлагатай аж.

Айвенхоу Майнз-ийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Бидний зорилго бол Ангол улсыг стратегийн ашигт малтмалын дэлхийн хэмжээний чухал үйлдвэрлэгч болгох явдал” гэжээ. Одоогийн байдлаар энэхүү шинэ талбайд хязгаарлагдмал хэмжээнд урьдчилсан хайгуул хийсэн байна. Зөвшөөрөгдсөн талбайн ихэнх хэсэг нь Конго дахь Камоа-Какула төслийн талбайтай адил элс, галт уулаар бүрхэгдсэн учир уламжлалт хайгуулын аргуудыг ашиглах нь хүндрэлтэй аж.

Ангол дахь хайгуулын эхний ээлжинд 10 сая ам.доллар зарцуулахаар Айвенхоу төсөвлөж байна. Хайгуулын баг нь Камоа-Какула болон Баруун Форландыг нээсэн туршлагад тулгуурлана гэж компани мэдэгджээ.

Айвенхоу 2021 оны дундаас Камоа-Какула цогцолбороос зэс экспортолж эхэлсэн. Бүтээгдэхүүнээ Анголыг дайран Атлантын далайд төгсдөг Лобито коридорын төмөр замаар тээвэрлэж байна. Түүнчлэн тус компани Конго дахь өндөр агуулгатай цайрын Кипуши уурхайн үйлдвэрлэлийг сэргээхээр бэлтгэж буй. Мөн Баруун Форланд төслийн талбайд хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. Өмнөд Африкт компани 64 хувийн эзэмшилтэй паллади, роди, никель, цагаан алт, зэс, алтны Platreef төслийн барилгын ажлыг урагшлуулж байгаа юм.