-Эрдэнэт үйлдвэр энэ төслийг хүчтэй лоббидоно-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой Mining Insight-ийн Н.Ариунтуяа, С.Болд-Эрдэнэ нар ярилцлаа.
Уул уурхайн 7 хоног (Mining Week 2023)-т танилцуулсан илтгэлдээ та, Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурахын хэрээр зардлууд нэмэгдэж байна. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих нь Эрдэнэт үйлдвэрт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл юм гэсэн санаа дэвшүүлсэн. Энэ үндэслэлээ манай уншигчдад тодруулан тайлбарлаж өгнө үү?
Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2023 он ихээхэн утга учиртай жил. Эрдэнэтийн Овоо ордыг Монгол, Чехийн геологчид нээсний 60, уг ордыг хамтарч ашиглах тухай (хуучин нэрээр) БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50, Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэр 4 сая тоннын хүчин чадлаар ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргасны 45 жилийн ой тохиож байна. Ихэнх уурхайн уул геологийн нөхцөл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүндэрч байдаг. Нөгөө талаар, уурхайнууд хөрөнгө оруулалтаа хурдан нөхөхийн тулд гол төлөв хамгийн өгөөжтэй хэсгээ ашиглаж эхэлдэг. Уурхай гүнзгийрэхийн хэрээр металлын агуулга буурч, хүдрийн хатуулаг нэмэгддэг зүй тогтолтой. 45 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэт үйлдвэрт ч энэ бүхэн явагдаж байна. Уул геологийн үндсэн өгөгдөл болох хүдэр дэх зэсийн агуулга жилээс жилд буурч байна. Дагаад зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний тоо хэмжээ буурна. Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй нэг арга хэмжээ бол хүдэр олборлох болон баяжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх. Өнгөрсөн жил бид хүдэр баяжуулах төслийн хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүлж, 38 сая тонн болгосон. Одоо дахиад 2 сая тонноор нэмэгдүүлэхээр өргөтгөл хийж байна. 1978 онд 4 сая тонн хүдэр баяжуулж байсан бол 2024 онд 38, 2025 онд 40 сая тонныг баяжуулснаар уг үзүүлэлтээрээ Оюутолгойтой ижил түвшинд очих юм.
Гэхдээ Оюутолгойн хүдэр дэх металлын агуулга өсөж байгаа. Хамгийн өндөр агуулгатай Хюго Дамметын хэсгийн ашиглалт 2022 онд эхэлсэн. 2028 оноос фабрик руу орж буй хүдрийн агуулга бараг 3 дахин нэмэгдэнэ. Гэтэл Эрдэнэтийн хүдрийн агуулга тогтмол буурч байгаа бөгөөд 2024 онд 0.38% болно. Энэ 2023 онд 0.416% байгаагаас огцом буурч байна. Хүдрийн агуулга буурахаар үйлдвэрлэж буй баяжмал дахь зэсийн агуулга бас буурч байна.
Анх Эрдэнэтийн баяжмал дахь зэсийн агуулга 30 гаруй хувьтай байсан бол өнөөдөр баяжмал дахь зэсийн агуулга 22.5% болсон. Баяжмал дахь зэсийн агуулга буурна гэдэг нь чанар буурч байна гэсэн үг. Ингэхээр борлуулалтад ч асуудал үүсэх эрсдэлтэй. Худалдан авагчидтай хийсэн гэрээгээр агуулгын хэмжээ гэрээнд зааснаас доош орвол торгуультай, дээш гарвал бонустай. Хүдрийн агуулга буурах тусам баяжуулах үйлдвэрийн хүдрийн металл авалт буурна. Хүдэр боловсруулах хэмжээ өсөөд байгаа ч баяжмалын хэмжээ бараг өсөхгүй байгаа нь хүчин чадлаа нэмэгдүүллээ ч агуулгын бууралтыг гүйцэж чадахгүй байгаа хэрэг юм. Бид 2024 онд 38 сая тонн хүдэр боловсруулна гээд энэ жилийнхээс нэмэгдүүлж төлөвлөсөн ч борлуулах баяжмалын хэмжээ 30 гаруй мянган тонноор буурч байгаа. Зардаг гол зүйл болох баяжмалын хэмжээ буурахаар ашиг орлого буурна гэсэн үг. Мөн хүдрийн хатуулаг нэмэгдэж байна. Хүдрийн дундаж хатуулаг сүүлийн 10 жилд 25%-аар нэмэгдсэн. Үүнээс үүдэлтэйгээр 1 тонн хүдэр боловсруулахад зарцуулагдах цахилгааны хэрэглээ 20%-иар өссөн. Дээрээс нь цахилгааны үнэ 2022 оны 11 дүгээр сараас 37%-иар нэмэгдсэн. Түүнчлэн уурхайгаас хүдэр тээвэрлэлтийн зай холдож байна. Энэ бүхэн зардлыг нэмэгдүүлснээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс 2024 онд орон тоогоо нэмэхгүй, бүх талаар зардал хэмнэх чиглэлд ажиллаж байна. Гэхдээ энэ нь ганц Эрдэнэтийн уурхайд тохиолдож байгаа зүйл биш. Дэлхий даяар бүх л уурхайд тохиолдож байгаа. Тэр дотроо дэлхийд олборлолт явуулж буй зэсийн уурхайнуудын дундаж агуулга сүүлийн 20 жилд 30 орчим хувиар буурсан байна. Энэ байдал ирэх жилүүдэд ч хадгалагдана. Агуулгын бууралт бол геологийн зүй тогтол, шийдэл олох ёстой өгөгдөл, түүнийг өөрчлөх, зогсоох боломж байхгүй.
Тэгвэл хайлуулах үйлдвэр барих нь эдгээр асуудлыг яаж шийдэх юм бэ?
Дээрх нөхцөл байдлаар үргэлжлүүлээд яваад байвал үйлдвэрийн эдийн засгийн нөхцөл байдал, өгөөж улам л буурна. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Уул геологийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдалд үйлдвэрийн ашигт ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга зам бол хайлуулах үйлдвэр барьж, дараагийн шатны үйлдвэрлэлээс ашиг орлогоо арвижуулах арга зам юм. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн олон технологиудаас харьцангүй зардал багатай, давуу талуудтай SKS технологийн үйлдвэр барьснаар 18%-ийн агуулгатай баяжмалыг ч үр ашигтайгаар хайлуулж катодын зэс үйлдвэрлэх боломж гарч байгаа юм. Тодорхой хэлбэл, баяжмал дахь зэсийн агуулгыг 22.5%-д барилгүйгээр 20%, бүр 18% хүртэл буурууллаа гэхэд баяжуулах процесс, технологийн шат дамжлагад хүндрэл, ачаалал үүсгэлгүйгээр металл авалтыг хүрсэн түвшиндээ барих, бүр өсгөх, олборлох хүдрийн захын агуулгыг бууруулах, ингэснээр уурхайн насжилтыг нэмэгдүүлэх зэрэг том зургаар нь харвал олон талын үр ашиг гарахаар байгаа юм. Манайхан эдийн засгийн үр ашиг, жилд нэмэгдэх зэсийн тоо хэмжээг хүртэл тонноор нь гаргачихсан байгаа. Mining Week-ийн үеэр манай үйлдвэрийн олон жил хамтарч ажиллаж байгаа, бидний урилгаар ирсэн БНХАУ-ын төрийн өмчит, Өнгөт металлургийн зураг төслийн хамгийн том хүрээлэн /China ENFI Engineering/-гийн илтгэлд зэс хайлуулах үйлдвэрт ашиглах баяжмалын агуулгыг 14-16% болгож байгаа талаар танилцуулсан. Ийм бага агуулгатай баяжмал үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд ашигтай олборлох боломжтой хүдрийн агуулга 0.3% руу, бүр 0.2% руу ч буух боломж бий болох юм. Өнөөдөр Канадад 0.2%-ийн агуулгатай ордыг ашиглаж л байна. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүд зэсийн баяжмалын чанарт тавих шаардлагаа тогтмол нэмэгдүүлж байна. Хятадын байгаль орчны стандартууд нь чангарч байна. Зарим стандарт нь Европынхоос ч өндөр болсон. Баяжмал дахь зэсийн агуулгыг 22%-аас доош буулгахгүй, харин хүнцэл, фторын агуулгыг бууруул гэж шаардлагаа улам өндөрсгөж байна. Манай хүдэр болон баяжмал дахь зэсийн агуулга тогтмол буураад байхаар эдгээр шаардлагыг хангахад хэцүү болж байна. Өөрийн хайлуулах үйлдвэр байгуулснаар тийшээ орох баяжмал, түүнд байгаа ашигтай болон хортой элементүүдийн агуулгыг хянах, удирдах, боломжтой болно. БНХАУ сүүлд баяжмал дахь хүнцлийн агуулгыг 0.5 байсныг 0.4 болгож бууруулсан.
Хайлуулах үйлдвэрээ дэргэдээ барих нь төмөр замын нэвтрүүлэх чадвар, ачаа эргэлтэд ч эерэг нөлөөтэй. Бүтээгдэхүүн тээвэрлэх зардал буурна. 600 мянган тонн баяжмалын тээвэрлэлт манай улсын төмөр замд ч том ачаалал. Оронд нь өөр ачаа тээвэрлэх боломж үүснэ. Үйлдвэрийнхээ дэргэд хайлуулах үйлдвэр барьчихвал тээвэрлэлтийн зардлаас жилд 40 орчим тэрбум төгрөг хэмнэх тооцоо бий.
Нөгөө талаасаа хүдэр болон баяжмал дахь зэсийн агуулга буурчихаар өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Эрдэнэт үйлдвэр 0.38%- ийн агуулгатай хүдрийг баяжуулж 22.5%-ийн агуулгатай баяжмал гаргаж байгаа бол Конго улсад Р.Фрийдландын нээсэн Камоа-Какула орд 5.0- 6.0%-ийн өндөр агуулгатай хүдэр олборлож, 50%- ийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэж байна. Дэлхийд зэсийн нөөцөөрөө Өмнөд Америк тэргүүлдэг. Одоо хүчин чадлаараа Африк тив Латин Америктай өрсөлдөхүйц том болчихлоо. Чили нэгд, Перу хоёрт байсан бол Перутай зэрэгцээд Конго ороод ирлээ. Хэрэглээг нь харахаар Хятадынх асар өндөр байна. Латин Америкийн олборлосон зэс тэр чигтээ Хятад руу явж байна. Дэлхийн зэсийн баяжмалын талыг худалдаж авахын зэрэгцээ 2024 онд 3.0 сая тонн цэвэр зэс худалдаж авна гэж зарласан. Асар их хэмжээний зэсийн стратегийн нөөцийг бодлогоороо хуримтлуулж байна. Хайлуулах, цэвэршүүлэх чиглэлд бас л энэ “айл” голлож байна. Хайлуулсныхаа дараа буцаагаад дэлхийгээр тарааж байна. Зэсийн үнэ дээр Хятадын тоглолт өндөр байна. Үндсэндээ зэсийн зах зээлийг атгаж байна. Лондонгийн металлын биржийг аль хэдийн Хонконг худалдаад авсан. БНХАУ-ын зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн нийт хүчин чадал 11.4 сая тонн байна. Цаашид зэс хайлуулах чиглэлээр маш их хүчин чадал шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Дэлхийн хэмжээнд 2022 онд 24.6 сая тонн, 2027 он гэхэд 35.6 сая тонн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах хүчин чадалд хүрнэ гэсэн олон улсад зарлагдсан төслүүд байна. Конгод Камоа-Какулагийн үйлдвэр, Индонезид Freeport McMoRan-ий үйлдвэр, Энэтхэгт Adani зэрэг хайлуулах үйлдвэрүүд баригдаж байна. Эндээс дараагийн шатны өртөг шингээсэн үйлдвэрүүд өндөр ашигтай нь харагдаж байна.
Монгол Улсын хувьд зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг олон жил хийсэн. Байршил, технологийн сонголт, хайлуулах явцад гардаг хортой элементүүдийг хэрхэх гээд маргаантай асуудлууд олон байлаа. Эрдэнэтийн хайлуулах үйлдвэр дээр SKS технологийг сонгосон үндэслэл юу вэ, энэ нь бусад технологиос ямар давуу талтай вэ?
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн техник технологийн сонголтын чиглэлээр Эрдэнэт үйлдвэр дээр маш олон тооцоо судалгаа, ТЭЗҮ-үүд хийгдэж байсан. 1987 онд ОХУ-ын “Гипроцветмет” Ванюковын технологи, 1995 онд Канадын “Noranda Minerals Inc, Canada”, BGRIMM хүрээлэн Norando технологи, 1997 онд Австралийн “Ausmelt Ltd” Ausmelt технологи, 1999 онд ОХУ-ын “Гипроцветмет” ПЖВ технологи, 2002 онд Финландын OUTOTEC фирм Flash Smelting технологи, 2022 онд БНХАУ-ын ENFI нь SKS болон Double SKS технологийн судалгаа хийсэн. Бид үйлдвэрийн хүчин чадал, зардал, дангаараа үйлдвэр байх уу, цогцолбор байдлаар байх уу гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч сонголт хийсэн. Хайлуулах үйлдвэрийн технологийн сонголтын хувьд зардал маш чухал. Өндөр хүчин чадалтай үйлдвэрийн нэг тонн зэс хайлуулах зардал 324 ам.доллар бол дунд зэргийн хүчин чадалтай үйлдвэрийнх 476 ам.доллар, бага хүчин чадалтай нь 485 ам.доллар байдаг. 900 мянган тонн хүртэл баяжмал боловсруулах үйлдвэр бага хүчин чадалтайд тооцогдоно. Тэгэхээр Эрдэнэтэд барих үйлдвэр дан ганц Эрдэнэтийн 560 мянган тонн баяжмалд биш, цаашид хүчин чадлаа нэмэгдүүлээд илүү их баяжмал боловсруулах боломжтой зураг төсөлхийгдвэл сайн гэсэн үг. SKS технологийн үйл ажиллагааны зардал нь тонн зэс тутамд 248 ам.доллар. Энэ нь бусад технологитой харьцуулахад ойролцоогоор 200 орчим ам.доллараар бага зардалтай гэсэн үг. Дээрх судалгаануудаар SKS технологи эдийн засгийн хувьд илүү ашигтай гэж гарсан. Урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал бага. Ер нь хайлуулах үйлдвэр дангаараа өгөөжийн дотоод норм (IRR) багатай, 6-7% орчим буюу 10% хүрдэггүй. Зөвхөн катодын зэс зарна гэвэл ашиг муутай. Оюутолгой шиг дагалдах алт, мөнгөний агуулга өндөртэй төслийнх илүү өндөр гарна. Эрдэнэтийнх алт, мөнгө багатай болохоор ашиг багатай байхаар байгаа. Дагалдах үйлдвэрүүдээс л гол ашгийг бий болгоно. Нөгөө талаар өмнө нь технологийн сонголтод эдийн засгийн үр ашиг чухал байсан бол одоо байгаль орчны асуудал дутахгүй, бүр илүү чухлаар тавигдаж байна. БОНЗ-ын асуудлууд, карбоныг бууруулах бодлого чухал болж байна. Тиймээс хайлуулах үйлдвэрийн технологийг дан ганц эдийн засгийн агуулгаар биш бас байгаль орчны асуудалтай уялдуулах шаардлагаар сонгох хэрэгтэй болсон. Энэ бүх үндэслэл, шаардлагаар SKS технологи хамгийн оновчтой байгаа юм.
Байгаль орчны асуудлыг хэрхэн тооцоолж байгаа вэ? Цаашид ашиглах боломжгүй хортой элементүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Өмнө нь зэс хайлуулах явцад гардаг хүхрийн хүчлийг яах вэ гэдэг асуудал л толгойны өвчин гэдэг байсан. Төслийг эсэргүүцэгчид зэс хайлуулахаар гардаг хүхрийн хүчил хортой л гээд байдаг. Гэтэл үнэндээ хүхрийн хүчил гардаггүй, эхлээд хүхрийн давхар исэл гэдэг хий гардаг. Уг хийг харин хүхрийн хүчил болгох уу, үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Одоогийн үйл явц, стандарт нь хүхрийн давхар ислийг хэрхэн хоргүй болгох вэ, хэрхэн саармагжуулах вэ гэдэгт төвлөрч байна. Хүхрийн давхар исэлийг саармагжуулах нь ашиг олох тухай асуудал биш. Хамгийн гол зорилго нь саармагжуулж байгаль дэлхийд хоргүй болгох. Хайлуулах үйлдвэр үйлдвэрлэсэн катодын зэсээсээ ашиг төлөвлөдөг бол гарч байгаа хүхрийн давхар исэл саармагжуулах процессоос алдагдал хүлээдэг. Уг процессоос фосфорын бордоо, элементийн хүхэр, фторт устөрөгч үйлдвэрлэх гээд бүх л төрлийн үйлдвэрлэл ашиггүй гардаг. Эдгээрийг борлуулах нь ашиг олохоос илүүтэй саармагжуулах процесст гаргасан зардлаа бууруулах л асуудал юм. Эрдэнэтэд хайлуулах үйлдвэр барихдаа Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглаад фосфорын бордоо үйлдвэрлэх талаар 1980-аад оны үеэс л яригдаж байсан. Тэнд баяжмалаа үйлдвэрлэж, төмөр зам бариад тээвэрлэх нь маш өндөр зардалтай. Автозамаар ч өндөр зардалтай. Фосфорын бордоо үйлдвэрлэлээ гэхэд түүнийг хэнд зарах вэ гэдэг бас асуудалтай. Хятад улс фосфоритын бордоо үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, ОХУ дөрөвдүгээрт ордог. Манай хоёр хөрш авахгүй гэсэн үг. Манай улсад хэрэглээ бараг байхгүй тул төвөгтэй болчихож байгаа юм. Гэхдээ энэ чиглэлийг хаялгүй судалгааны ажлуудыг Академитэй хамтраад хийж байна. Ямар ч байсан бэлэн төсөл болгочихьё. Хүн төрөлхтөн хүнсний асуудал, хомсдолтой тулгарах нь цаг хугацааны л асуудал болчихлоо. Бид хүхрийн давхар ислээс элементийн хүхэр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Энэ чиглэлийн технологи эзэмшигчидтэй хамтран ажиллаж байна.
“ENFI engineering”-тэй хамтарч лабораторийн туршилт, хагас үйлдвэрлэлийн туршилт хийсэн, амжилттай болсон. Туршилтын үйлдвэр бариад одоо үйлдвэрлэлийн туршилтаа хийж байна. 11 дүгээр сард дуусна. Бас нэг гаргалгаа нь фторт устөрөгч үйлдвэрлэх чиглэл байдаг. Эрдэнэт үйлдвэрийн захиалгаар Бор-Өндөрийн жоншны баямалыг ашиглаж фторт устөрөгч үйлдвэрлэх талаар Швейцарийн компани судалгаа хийсэн. Энэ чиглэлээр БНХАУ-д байдаг 2 үйлдвэр дээр манай хүмүүс очиж танилцаад холбогдох дүгнэлт хийсэн байгаа. Яг өнөөгийн манай улсын аж үйлдвэржилтийн түвшинд нэлээд өндөр өртөгтэй, хэрэглээ багатай бүтээгдэхүүн гарахаар харагдаж байна. Гэхдээ шинжлэх ухаан, судалгааны талаас нь хаяхгүй, үргэлжлүүлээд явна. Хайлуулах явцад гардаг хүнцэл зэрэг хортой элементийг яаж шийдэх вэ гэдэг асуудал бас бий. Манай захиалгаар ENFI-гийн хийсэн ТЭЗҮ-ийн тооцооллоор, 1-рт Эрдэнэтийн хүдрийн онцлог нь хүнцлийн агууламж маш бага, 2-рт байгаа хүнцлийг нь усанд уусгахгүй бусад эрдэстэй урвалд оруулж царцаах технологиор барих тухай тусгасан. Бидний сонгосон хайлуулах технологи нь зэсийн баяжмалд агуулагдаж байгаа хортой хольцуудыг хамгийн боломжтой хэмжээгээр нэг бүтээгдэхүүнд төвлөрүүлэх, жишээ нь хүнцлийг тоостой хамт барьж авах нь технологийн сонголтын гол хүчин зүйлийн нэг байсан. ТЭЗҮ-ийг боловсруулсан ENFI нь Хятад болон бусад улс орнуудад олон үйлдвэр барьж байгуулсан, ийм чиглэлийн технологийн шийдэл гаргасан туршлагатай. SKS технологийг үндсэндээ сонгоод дэд бүтцийн асуудлуудаа шийдсэн. Одоо хөрөнгө оруулалтын зардлыг хэрхэн шийдэх, технологийн автоматжуулалтын түвшин, цахилгааны эх үүсвэр, цахилгааныг дахин ашиглах, хайлуулалтын явцад гарах дулаанаа эрчим хүчний эх үүсвэрээр ашиглах зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байна. Эрдэнэт үйлдвэрт тодорхой саналууд байгаа.
Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гээд тус тусдаа хайлуулах үйлдвэр барих төслүүд явж байгаа. Гэтэл зэсийн төслүүд бүгд хамтраад дундаа нэг хайлуулах үйлдвэр барих ч юм шиг ойлгомжгүй байгаад байна. Хэрвээ тусдаа бол Эрдэнэт үйлдвэр энэ төсөл дээрээ бусад зэсийн төслүүдэд хэр нээлттэй хандах вэ?
Тусдаа хоёр төсөл явж байгаа нь үнэн. УУХҮЯ-ны дэргэдэх Зэсийн төслийн нэгж дээр Оюутолгойн зэс хайлуулах үйлдвэрийн төсөл тусдаа явж байсан. Монгол улсын Ерөнхий сайдын шийдвэрээр 2023 онд Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан нь маш зөв шийдвэр болсон. Энэ хороо дотроо 3 дэд хороотой. Энэ хороо болон Зэсийн дэд хороон дээр олон асуудлын зангилаа тайлагдаж шийдэгдэнэ. Оюутолгойн үйлдвэрлэх баяжмалын хэмжээ цаашдаа нэмэгдэнэ. Яваандаа 1.8-2 сая тонн болно. Гэхдээ энэ тоо олон жил тогтмол байхгүй, хэдэн жилийн дараа буцаад бууна. Баяжмалаа бүгдийг Монголд хайлуулахгүй л болов уу. Нэг сая тонн баяжмал хайлуулах хүчин чадалтай үйлдвэр бариад, нэг сая тонныг баяжмалаар нь зарах бодлого ч баримталж мэднэ. Бүх өндгөө нэг сагсанд хийдэггүй зарчмаар. Ямар ч байсан Төслийн нэгж дээр 1 сая тонн баяжмал хайлуулах үйлдвэр барих урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн. Газар, усны зөвшөөрлөө авчихсан байгаа. Хэрвээ Оюутолгой 1 сая тонн баяжмал хайлуулах үйлдвэр барина, бусад компанийн баяжмалыг хайлуулах боломжгүй гэж үзвэл, Цагаансуварга, Хармагтай зэрэг төслүүдөөс гарах баяжмалыг хайлуулах шаардлага гарвал, Эрдэнэтийн хайлуулах үйлдвэрт өргөтгөл хийх боломжтой байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Нарийвчилсан зураг төслийг одоо энэ агуулгаар хийж болно. Мэдээж энэ хоёр төслийн хүчин чадал хэд билээ, ямар хүчин чадлаар хэдэн жил ажиллах билээ гэдгийг бодох ёстой. Эрдэнэт үйлдвэрийн төсөл дахин хэлэлцэж, ярилцахад бүх талаар нээлттэй байгаа. Дэд бүтцийн том асуудлуудыг Эрдэнэт үйлдвэр дангаараа шийдэж байна. Үйлдвэрлэл технологийн парк бол улсын өмнөөс хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Тэнд хувийн хэвшилтэйгээ улсын үйлдвэр өрсөлдөхгүйгээр, бие биенийхээ зах зээлийг хаахгүйгээр, ёстой нөгөө төрийн зохицуулалт гэдгийг Аж үйлдвэржилтийн үндэсний хороон дээр л шийдээд явах боломжтой.
Байршил нь яг хаана байх вэ? Дэд бүтцийн ямар асуудлуудыг шийдсэн юм бэ?
Байршил нь Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн паркийн 1200 га-д баригдана. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн дэд бүтэц буюу Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад 40 гаруй сая доллар буюу 140 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалтыг Эрдэнэт үйлдвэр гаргаад явж байгаа. ТЭЗҮ, зураг төсөл, газрын зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээ, санхүүжилтыг бүрэн шийдвэрлэсэн. Усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам гээд дэд бүтцийн бүх боломжийг хангаж байна. Төмөр замын барилга угсралтын ажил 55%, авто замын барилга угсралтын ажил 35%-тай явж байна.
Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулах тухай Эрдэнэт үйлдвэрийн дэвшүүлсэн хувилбартай санал нийлэхгүйгээ МАК-ийн Б.Нямтайшир гуай хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Монгол Улсын хэмжээнд ирээдүйд 2.4-3.6 сая тонн баяжмал үйлдвэрлэх нөхцөл бүрдэх тул эдийн засгийн хувьд үр ашигтай байх нэг л хайлуулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Хоёрт, ирээдүйд шинээр нээгдэх зэсийн орд, илрэлээ тооцож, зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн байршлыг өмнөд хэсэг рүүгээ байгуулах нь зөв. Гуравт, 1.2-1.5 сая тонн баяжмал хайлж, цэвэршүүлж байж зэс хайлуулах үйлдвэр эдийн засгийн хувьд үр ашигтай байх үндэслэл тавьсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
Эрдэнэт үйлдвэрийг анх барьж байгуулах тухай яригдаж эхлэх үеэс л хайлуулах үйлдвэр барих санал Монголын талаас явж байсан. 1990-ээд он хүртэл Хөвсгөлийн Фосфоритын ордыг ашиглах хувилбартай хамт хайлуулах үйлдвэр барихаар анхны тооцоо судалгаа, ТЭЗҮ зэргийг хийсэн юм билээ. Хэрвээ ардчилсан хувьсгал гарч, зах зээлийн нийгэм рүү шилжээгүй, нийгмийн тогтолцоо хуучнаар явсан бол Эрдэнэтэд хайлуулах үйлдвэр баригдаж, Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаад эхэлчихсэн байж ч магад. Хайлуулах үйлдвэр барихад хамгийн ашигтай байршлын талаарх сонголт өмнө хэд хэдэн удаа хийгдэж байсан юм билээ. Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг “JICA” хүртэл сонголт хийж байсан. Оюутолгойн баяжмалыг хайлуулах үйлдвэр барих талаар Канадын “Hatch” компани бас ТЭЗҮ хийсэн байдаг. Бүх л судалгаа тооцоон дээр Монгол улсад хамгийн боломжтой гэж үзсэн 5-6 байршлыг хэд хэдэн үзүүлэлтээр харьцуулж үзээд бүгд Эрдэнэт гэж дүгнэсэн байдаг. Нямтайшир гуай Бор-Өндөр хамгийн боломжтой гэсэн санал дэвшүүлдэг. Яах аргагүй боломжит нэг хувилбар мөн. Дээрх гадаадын байгууллагуудын судалгаанд ч Бор-Өндөр орсон. Эрдэнэт үйлдвэр өөрийн зэсийн баяжмалыг хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр БорӨндрийн байршлаар хүртэл ТЭЗҮ боловсруулж, хэлэлцүүлж байсан. Намайг Бор-Өндөрт ажиллаж байхад Аж үйлдвэрийн сайд ирээд Бор-Өндөрт Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барина гээд бүр тууз хайчилж байлаа. Түүнээс хойш овоо хэдэн жил өнгөрлөө. Яам тэгж шийдээд ч болоогүйг бодоход учир шалтгаан байсан байх. Бор-Өндөрийг сонгох гол шалтгаан нь нөгөө л хүхрийн давхар ислээ яах вэ гэдгээс үүдсэн хэрэг. Хүхрийн давхар ислийг хүхрийн хүчил болгоод түүнийгээ Бор-Өндөрийн УБҮ-ээс гарах 97%- ийнжоншны баяжмалтай хольж фторт устөрөгч үйлдвэрлэх судалгааг Эрдэнэт үйлдвэрийн захиалгаар Швейцарийн компани хийсэн. Тэр үеэс энэ байршил их яригдаж байгаад аажимдаа бөхсөн. Шалтгаан нь, Бор-Өндөрийн УБҮ 97%- ийн жоншны баяжмал үйлдвэрлэхэд өртөг их өндөр болдог, фторт устөрөгч манайд дангаараа хэрэглээ бараг байхгүй, криолит үйлдвэрлэхэд хөнгөнцагааны исэл (боксит) хэрэгтэй, тэр нь манайд байхгүй, бас фторт устөрөгч тээвэрлэхэд хүхрийн хүчил шиг өндөр шаардлагатай гээд дурдвал олон зүйл байна. Бас нэг зүйл бол БорӨндөрт үйлдвэр барихад дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах юм билээ. Төмөр замын ачаа эргэлтийн чадвар хязгаарлагдмал, цахилгаан хангамж хүндрэлтэй, гүний усыг 50-60 км-ийн цаанаас ус дамжуулах хоолойгоор татаж ирдэг. Тэр хоолой нь маш хуучирсан, шинээр шугам татах шаардлагатай. Эрдэнэт үйлдвэр ҮТП-ын байршил дээр дэд бүтцийн бүх асуудлыг өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэж байгааг өмнө хэлсэн. Дэлхий дээр өнөөгийн түвшинд 124 зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр бий гэсэн судалгаа байна. Эдгээр үйлдвэрийн 104 орчим нь 100 мян.тн-оос 300 мян.тн катодын зэс үйлдвэрлэдэг үйлдвэр байна. ТЭЗҮ-ээр бол Эрдэнэтэд барих Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 120-130 мян.тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Уул уурхайн 7 хоногийн үеэр би илтгэлдээ энэ тухай дурдсан. Хүчин чадал өндөр байх тусам ашиглалтын зардал бага байдаг зүй тогтлыг бид мэдэж байгаа. Гол нь ТЭЗҮ дээр л үндэслэнэ.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн хэмжээг 900 мянган тонн хүртэл гэсэн хувилбараар сонгосон нь ямар үндэслэлтэй вэ? Хятадад ийм технологийн жижиг үйлдвэрүүд их байна. Том хэмжээтэй нь зөв шийдэл биш байсан уу?
Дээр дурдсанчлан, Эрдэнэт үйлдвэрийн баяжмал 560 мянга орчим байдаг. Хүчин чадал нэмэх боломжтой хувилбараар нарийвчилсан зураг төсөл гаргах, өргөтгөх боломжтой талбайн төлөвлөлт түүний ашиглалт, доторх хэсгүүдийн харилцан байршил зэрэг дээр анхаарах шаардлагатай зүйлс бий. Мэдээж Цагаансуварга, Хармагтайн уурхайн баяжмалыг Эрдэнэтэд барих хайлуулах үйлдвэрт хайлуулах цэвэршүүлэх гэсэн хувилбарыг тооцсон ч 900 мян.тн хүртэл буюу бага хүчин чадалтай үйлдвэрт тооцогдоно. Хэдийгээр өндөр хүчин чадалтай үйлдвэр барьж байгуулах нь эдийн засгийн үр ашигтай мэт боловч, бага хүчин чадалтай үйлдвэр нь Монгол Улсын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалтыг даах эрсдэл, хүхэрлэг хий боловсруулах технологийн эрсдэл, эцсийн болон дайвар бүтээгдэхүүн борлуулах зах зээлтэй холбоотой эрсдэлүүдийг бууруулж, төслийг эхний шатанд амжилттай хэрэгжүүлэх боломжтой. Цаашлаад хүчин чадлыг өргөтгөх боломжтойгоор зураг төсөл хийх хувилбар бий. Цагаансуварга, Хармагтай гэх мэт одоо ашиглаж эхлээгүй байгаа үйлдвэрүүд бүгд хувийн хэвшлийнх. Хармагтайн орд нөөцийн хувьд зэс гэхээсээ алт илүү давамгайлсан. Алтаа ялгаж салгаж авах талын технологи дээр илүү төвлөрөх магадлалтай. Нөөц нь эцсийн байдлаар дахин тооцоологдох болов уу. БНХАУ-ын “Зижин Майнинг” томоохон хувьаа эзэмшигч нь болсон гэсэн ойлголттой байгаа. Эдгээр үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох, мөн ашиглаж эхлээд зэсээ манайд хайлуулах уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байхад бид түрүүлж том хэмжээний хүчин чадал төлөвлөх нь оновчтой биш. Эхлээд өөрсдийн хүчин чадалдаа тохирсон үйлдвэр бариад шаардлагатай тохиолдолд дараа нь өргөтгөх нь зөв гэж үзэж байгаа. Хайлуулах үйлдвэрийг хөрөнгө оруулалтын хувилбараасаа хамаараад үйл ажиллагаа нь Эрдэнэт үйлдвэрээс тусдаа, нийгмийн болон удирдлагын зардал багатай, илүү зах зээлийн зарчим, хэлбэрээр явна гэж харж байгаа.
Хөрөнгө оруулалт 762 сая ам.доллар юм байна. Энэ нь нэмэгдэх магадлалтай юу?
ЭБМЗ-өөр батлагдсан ТЭЗҮ-ээр хөрөнгө оруулалт 762 сая ам.доллар гэж тооцоолсон байсан. Элементийн хүхрийн туршилтын үйлдвэрийн үр дүн гарсны дараах үр дүнгээр уг ТЭЗҮ-д тодотгол хийгдэх ёстой. Тухайн үед УУХҮЯ-наас элементийн хүхрийн асуудал тодорхойгүй байгаа тул үйлдвэрлэлийн туршилтыг гүйцэтгэж технологийн горимыг илүү тодорхой болгож бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулах шаардлага тавьсан. Туршилтын үйлдвэрийг ENFI engineering компанитай хамтарсан хөрөнгө оруулалтаар барьсан. Элементийн хүхрийн үйлдвэр нийт хөрөнгө оруулалтын 20 гаруй хувьтай нь тэнцэх хэмжээний өртөгтэй гэсэн тооцоо бий. Элементийн хүхэр үйлдвэрлэхэд шаардагдах материал, бодис, урвалжуудын орц хэмжээ ямар байх, элементийн хүхрийн гарц хэд байх, бусад элементүүдийн хэмжээ хэрхэн өсөх болон буурах зэргийг нарийвчлан тодорхойлж тодотгол хийнэ. Элементийн хүхэр үйлдвэрлэвэл байгаль орчны олон асуудал шийдэгдэх юм. Дэлхий дээр байгаа зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрүүдийн дийлэнх нь хүхрийн хүчил үйлдвэрлэх хувилбараар ажиллаж байна. Харин сүүлийн үед хүхэрлэг хий боловсруулан элементийн хүхэр үйлдвэрлэх хувилбарыг түүхий эдийн шинж чанар, үйлдвэрийн байршилтай холбогдуулан сонирхож, технологи нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна. Хүхрийн хүчлийн хувилбар нь хамгийн хялбар, хамгийн бага хөрөнгө оруулалттай учраас үйлдвэрлэлд ашиглаж байна. Химийн үйлдвэрлэл хөгжсөн улсад хүхрийн хүчил байдаг л нэг түүхий эд. Манай улс гаднаас импортоор авдаг шүү дээ. Уусган баяжуулах технологитой үйлдвэрүүд хэрэглэдэг. Цаашид ураны төсөл хэрэгжиж эхлэхээр бас хүхрийн хүчлийн хэрэглээ Монголд нэмэгдэнэ.
Та зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрт стратегийн хөрөнгө оруулагчид маш чухал гэж хэлсэн. Тэр нь хэн бэ? Технологи эзэмшигчид үү, зэсийн баяжмалаа нийлүүлэгчид үү, худалдан авагчид үүнд орох уу? Мөн зэс хайлуулах үйлдвэрт зэсийн баяжмал нийлүүлэгч компаниуд тодорхой хэмжээнд хувьцаа эзэмшиж байж, зэс хайлуулах үйлдвэрийн баталгааг бүрдүүлэх, тэгж байж гадны хөрөнгө оруулагчид орж ирэх үү?
Олон жил ажиллах технологи шингэсэн үйлдвэрийг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр бариулахыг би эрсдэлтэй гэж боддог. Үйлдвэрийг олон жил тасралтгүй, тогтвортой, хэвийн ажиллуулахын тулд үйлдвэр бүтээн байгуулах компанийг стратегийн түншээр оролцуулбал чанартай барьж, найдвартай үргэлжлүүлээд аваад явна. Барьж байгуулж байгаа тал нь тус үйлдвэрийн цаашдын үр өгөөжтэй, ашигтай ажиллагаанд сонирхолтой, хийсэн хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг ашигтай үйлдвэрлэлээс хүртэх боломжтой байх ёстой. Өмнө нь ижил түвшний үйлдвэр барьсан туршлагатай, өөрийн технологитой, бас хөрөнгө оруулаад тодорхой хувь эзэмших сонирхолтой хамтрагчдыг оруулъя гэж байгаа юм. Магадгүй сүүлийн үеийн хайлуулах үйлдвэрүүдийг барьсан Хятадын томоохон компаниуд, эсвэл Финландын OUTOTEC ч юм уу манай үйлдвэрийн 10-15 хувьд хөрөнгө оруулаад хувь эзэмшээд барья гэвэл хэлэлцээрийн ширээнд суухад нээлттэй. Хайлуулах үйлдвэр барихын гол зорилго нь зөвхөн катодын зэс үйлдвэрлэж зарах биш юм. Гарч буй катодын зэсээ экспортлохгүй, харин Монголдоо боловсруулж, дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай Засгийн бодлого. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг дагаад кластер хэлбэрээр бусад үйлдвэрүүд хөгжинө.
Нөгөө талаасаа өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох чиглэл рүү улсын хөгжлийн бодлого явж байна. Эрх зүйн орчин ч бий болсон. Бид өөрийн гэсэн үйлдвэр бариад, зөвхөн катодын зэсээр хязгаарлагдахгүй өндөр технологийн бүтээгдэхүүн хийж чадвал заавал аль нэг далайн боомт руу төмөр замаар тээвэрлэнэ гэхгүй, өртөг шингэсэн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүнийг онгоцоор ч тээвэрлэх боломжтой. Өнөөдөр зэс ялтас (фольга), зэс нунтаг үнэлгээ сайтай байна. Эрдэнэт үйлдвэр “Самсунг” корпорацитай 30 жил хамтарч ажиллаж байгаа. “Самсунг”-ийн Дэд ерөнхийлөгчийг ирэх үеэр бидний зүгээс Үйлдвэрлэл, технологийн парк дээр өндөр технологийн чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ тавьсан. Цаашаа танилцуулж, ярилцъя гэсэн. Мөн Эрдэнэт үйлдвэр дээр кабелийн утасны үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болж байгаа. Дотоодын хэрэгцээг хангах боломжтой ТЭЗҮ хийгдэж байгаа. Японы компаниас зэс ялтасны үйлдвэр дээр хамтаръя гэсэн санал ирүүлээд байгаа. Тиймээс дараагийн шатны үйлдвэрүүдийг барьсан, тэднийг ажиллуулж байгаа, зах зээлд байр сууриа олчихсон, технологио эзэмшдэг компаниудын сонирхлыг оруулж ирж байж, хамтрах зорилготой байгаа. Тийм компаниудын эзэмших хувь сонирхлыг тодорхой хэмжээгээр оруулж байж хамтрахгүйгээр бид зах зээлд байр сууриа олоход хэцүү. Хамтын ажиллагааны боломж бололцоон дээрээ тулгуурлан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, томоохон тоглогчидтой хамтрах замаар энэ зах зээлд нэвтрэх боломжтой. Зэс кабель, зэс нунтаг, зэс ялтас гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй стратегийн түншлэлтэй байж л зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулна. Тийм болохоор эхний алхмуудыг хийж эхэлж байгаа гэж ойлгож болно. Одоогоор аль ч чиглэлээр ямар нэгэн компанитай түншлээд эхэлчихсэн зүйл байхгүй. Бодлогоо л ингэж тодорхойлсон. Харин судалгааг өргөн хүрээтэй хийж байгаа. Стратегийн түвшний хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээг бодлогын түвшинд, тэр дотроо “Эрдэнэс Монгол” ХХК, түүний ТУЗ, Аж үйлдвэржилтийн үндэсний хороон дээр хэлэлцэж байж шийднэ. Эрдэнэт үйлдвэрийн одоогийн хамтран ажиллаж байгаа худалдан авагчдын хувьд бол Монгол улсаас баяжмал л авах сонирхолтой. Хайлуулах үйлдвэр барина гэсэн бодлогыг дэмждэггүй.
Баяжмал худалдан авагчид, байгаль орчны асуудал, дотоодын улс төрөөс болоод хайлуулах үйлдвэр өнгөрсөн жилүүдэд урагшилж чадаагүй. Технологийн сонголтоор байгаль орчны асуудал шийдэгдэх юм байна. Худалдан авагчдаа бас арай өөрөөр хараад явчих юм шиг байна. Харин дотоод улс төр буюу улс төрийн шийдэл нь гарсан уу?
Хайлуулах үйлдвэр барих нь Эрдэнэт үйлдвэрийн дангаар шийдэх асуудал биш. Бодлогын түвшинд шийдэх ёстой асуудал дээр өмнө нь “фосфоритгүй бол юу ч бүтэхгүй”, “далай ээж цаазын тавцанд”, “хүхрийн хүчил алдана”, “мөнх цэвдэг хайлна”, “Эрдэнэт усны хагалбар цэг” гээд л тухайн цаг үедээ тохирсон “хадны мангаа” зохиогоод, айлгаад эрчийг нь сулруулчихдаг байсан. Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулаад, дэд хороодыг үндсэн 3 чиглэлээр нь бий болгоод, сайд нар болон салбарын хүмүүсийг оролцуулаад, УУХҮийн сайд ахлаад ажиллаж байна. Тодорхой чиглэл бүрт сонирхогч талуудын оролцоог хангаад, бүгдэд нь санал бодлоо хэлэх боломжийг олгоод, нэгтгээд цогцоор харж байгаа нь их зөв шийдэл болсон. Энд бүх талаар нь дэнслээд, улс төрийн нэгдсэн шийдэл гаргана гэж харж байгаа. Удахгүй Зэсийн дэд хороо хуралдаж, зэс хайлуулах үйлдвэрийн байршилтай холбоотой асуудлыг эцэслэн шийднэ гэж хүлээж байгаа.
Хэрвээ хайлуулах үйлдвэргүй бол Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй юу болох вэ? 0.3%-ийн агуулгатай хүдэр аваад, баяжмал дахь зэсийн агуулга 22 хувиас доошоо ороод ирэхээр үнэ хүргэж чадахгүй, бизнес нь утгаараа дампуурна гэсэн үг үү?
Яг өнөөдөр бол тэгж хэлэхэд арай эрт байна. Гэхдээ тийшээ явна гэсэн үг. 1-рт, баяжмалын тоо хэмжээ тогтмол буурна, зарах юм маань багасаад байна. 2-рт баяжмалын чанар, агуулга буураад байхаар түүнийг худалдаж авах компани цөөрнө. Яваандаа худалдан авагчгүй болно. Африк тивээс Камоа-Какула шиг ордууд дахиад ч гарч ирэх байх. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг үргэлжлүүлэн олон жил тогтвортой ажиллуулах гол гарц бол хайлуулах үйлдвэр барьж байж дараагийн шатны өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барих юм. Ашигтай бөгөөд шаардлагатай гэсэн өнцгүүд хайлуулах үйлдвэр гэсэн нэг цэг дээр очиж огтлолцож байгаа учраас төслийг явуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хүчтэй лоббидоно. Хөрөнгө ч бас багагүй төлөвлөөд явж байна.
Та Эрдэнэт үйлдвэрийн захирал гэсэн өнцгөөс биш Салбарын сайдаар ажиллаж байсны хувьд өргөн хүрээгээр харвал хайлуулах үйлдвэрийн байршлыг зөвхөн Эрдэнэт гэж зүтгүүлэх байсан уу?
Эрдэнэт гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй. Би уулын инженер шүү дээ. Аав маань ч уурхайчин байсан. Би 10 жил эрдэм шинжилгээний ажил хийж, 20 гаруй жил хөдөө уурхайд ажилласан. 2 жил 2 сар л сайд хийсэн. Улстөрчид шийдвэр гаргахдаа ихэвчлэн “зүрхээ” сонсдог бол инженер хүмүүс “толгойгоо” илүүтэй сонсдог гэж би боддог. “Толгой” гэдэг нь тоо, тооцооллыг хэлж байна. Тоо бол сэтгэл хөдлөл биш, энэ бол үндэслэл. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ 2021 оны 5 дугаар сард Эрдэнэтэд ажиллахдаа Үйлдвэрлэл технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэрийн захиралд гардуулсан шүү дээ. Намайг сайд байхад гарсан шийдвэр. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихыг салбарын хүний салбартаа хийх ёстой ажлын нэг гэж үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн өдөр тутмын үйлдвэрлэлийн процессууд нь нэлээд жигдэрсэн. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс гадна энд байхдаа хийх ёстой гэж харж байгаа ажлууд бас бий. Жишээ нь, баялаг бүтээгч уурхайчдын хийж бүтээсэн “уулын чинээ цагааныг туулайн чинээ хараар” будах гээд байдаг зүйл бий. “Туулайн чинээ хар” гэж худалдан авалт, тендер шалгаруулалтыг хэлж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт, тендер шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй, цэвэр тунгалаг явуулах тал дээр нэлээд ажил төлөвлөөд хийж эхэлж байна. Энэ үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлээр технологийн боломж бололцоо, гадаадын сайн туршлагыг судалж, мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниуд болон Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Цахим хөгжил харилцаа холбооны яамтай зөвшилцөн ажиллаж байна. Үр дүн нь удахгүй гарна, гаргана. Сайдаар ажиллаж байхдаа, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцыг нээлттэй, цахим, ил тод болгосон. Нэг хэсэг бөхчүүд, нэг хэсэг мэдээлэл технологийнхон л лиценз авдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгсэн байсан бол одоо www. tender.gov.mn рүү ороход “Ашигт малтмал” гээд бэлэн цонх байгаа. Лицензийн наймаа, түүнийг тойрсон манай салбарыг муухай харагдуулдаг байсан олон сөрөг зүйлс үүгээр хязгаарлагдсан гэж боддог. Үүнтэй адил болгочих арга зам хайж, алхам алхмаар ахиж дөхөж байна.
Эрдэнэтийн нөөцийг хүдрийн хэмжээгээр тооцоолбол хэд болох вэ? 40 жил, 70 жил ашиглах нөөц гэсэн бүрхэг мэдээллүүд яваад байдаг?
Эрдэнэтийн нөөц баялаг 60-70 жил ашиглах хэмжээнд байгаа ч яг үр ашигтай ашиглаж болох үйлдвэрийн нөөцийг урьдчилсан байдлаар манайхан тооцож үзэхэд 45 жил гэсэн тоо гарсан. Хүдрийн хэмжээгээр тооцвол нөөц баялаг 2.9 тэрбум тонн шүү дээ. Гэхдээ энэ шинэчилсэн нөөцийг ашиглах нарийвчилсан ТЭЗҮ-ийг хийж байгаа. Тендэр зарлаад, нэлээд туршлагатай Австралийн компани Монгол компанитай хамтарч ороод шалгарсан байна лээ. Бид уулзаж, ерөнхий шаардлагуудаа танилцуулсан. ТЭЗҮ-ээр нарийвчилсан тоо гарна. Магадгүй зарим нөөцийг далд уурхайн аргаар ч ашиглаж магадгүй юм. Эрдэнэт бол улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг, хот дагуулсан үйлдвэр. Нийгмийн ийм өндөр хариуцлага үүрдгийн хувьд уурхайн насжилт маш чухал. Хэдийчинээ бага агуулгатай нөөцийг ашиглалтад оруулж чадна, төдийчинээгээр насжилтаа уртасгана гэсэн үг. Тиймээс цаашид хийж, хэрэгжүүлэх ажил маш их байна. Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт хэрэгцээ, мөн гадаад зах зээлийн нөхцөл байдал харьцангуй таатай байлаа. Эрдэнэт үйлдвэр 2022 онд түүхэн рекорд буюу 1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. 3.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн 2.0 их наяд төгрөгт хүрэх болов уу гэж харж байна. Гэхдээ 4-р улиралд зэсийн үнэ жаахан тааруу байна. “Лондонгийн металлын бирж” 7 хоногийн үеэр зэсийн салбарын томоохон шинжээчид 2025 оны эхний хагас жил хүртэл тэсчихвэл цаашаа зэсийн үнэ тогтмол өсөлттэй явах төлөвийг таамаглаж байна лээ. 2024 онд жаахан тааруу дүр зураг харагдаж байгаа.
Эрдэнэтийн хаягдлын агуулга ямар байдаг юм бэ?
нь овоолго гэж нэрлэх нь буруу л даа. Агуулах гэх нь зөв юм. Исэлдсэн хүдрийн овоолго бол исэлдэлтийн түвшингээсээ хамаараад зэсийн агуулга өндөр ч байсан технологид таарахгүй тийм төрлийн хүдрээс бүрддэг. Харин ядуу агуулгатай хүдрийн овоолгын агуулга бол үе үед өөр байсан. Анх ашиглаж эхлэх үед 0.5-0.6%-ийн зэсийн агуулгатай хүдэр ч хаягдаж байсан байх. Тэр үед уурхайн дундаж агуулга 0.7-0.8% байсан учраас түүнд хүрэхгүй хэсгийг нь ядуу агуулгатай хүдрийн овоолго руу буулгаж байсан. Одоо уурхайгаас олборлох дундаж агуулга доошоо буугаад 2024 онд жишээ нь 0.38% руу орчихоор 0.4%-тэй хүдрийг бол баяжуулах үйлдвэр рүүгээ л авна шүү дээ. “Ачит-Ихт”-ийн ашиглаж байгаа овоолго бол исэлдсэн хүдрийнх биш ядуу агуулгатай хүдрийн овоолго. Ядуу агуулгатай хүдрийн зарим овоолгыг захын агуулга өндөр байх үед бүрдүүлж байсан болохоор одоо олборлож байгаатай харьцуулбал зарим хэсгээрээ агуулга өндөр байх бас боломжтой.
Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн агуулга буурч байгаатай холбоотойгоор бодит үйл ажиллагааны зардал (Operating cost) яаж өсөж байна вэ? Ер нь зардал хэд байж балансыг барих вэ?
Ерөнхийдөө үйл ажиллагааны зардал 6700 $/ тн хавьцаа байгаа. Үүнд нийгмийн шинж чанартай зардлууд ч бас багтаж байгаа. Нийгмийн зардлууд том мөнгөн дүн явдаг боловч нийт зардал дотроо бол 6-7 хувийг эзэлдэг. Яг C1 гэж ярьдаг үйлдвэрлэлийн зардал 6000 $/тн арай хүрэхгүй. Зардлын өсөлтийн гол шалтгаан нь цахилгааны болон материалын үнийн өсөлт. 6700 $/тн гэдэг бас боломжийн гэсэн үг. Сая “Лондонгийн металлын бирж” 7 хоногийн хурлын үеэр маш олон үйлдвэр уурхайн уул геологийн нөхцөл хүндэрснийг танилцуулсан. Манайд уул уурхайн том үйлдвэрлэл хожуу эхэлсэн тул харьцангуй гайгүй байна. Маш олон зэсийн ордын ашиглалт гүнзгийрсэн, үйл ажиллагааны зардал 7500 $/тн байгаа юм билээ. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар ирэх жил зэсийн үнэ 7500 ам.доллар хүртэл буух магадлалтай, хэрэв тэгвэл ихэнх том үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Гэхдээ арай ч ингэтлээ буухгүй болов уу гэсэн зүйлсийг ярьж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 6700 $/тн тул бас өрсөлдөх чадвар байна. Ирэх жилийн Эрдэнэт үйлдвэрийн бизнес-төлөвлөгөөнд зэсийн үнийг 8650 ам.доллароор тооцох саналаа “Эрдэнэс Монгол” ХХК руугаа хүргүүлсэн. Улсын төсөв дээр бол 9000 ам.доллар байгаа юм билээ.
Цалингийн зардал нийт зардлын хэдэн хувийг эзэлдэг бол? Эрдэнэтийн ажилчид цалин нэмэх болон бусад шаардлага тавьсныг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Ажилчдын цалин нийт зардал дотор 20 арай хүрэхгүй хувийг эзэлж байна. Бүтээж байгаа баялагтайгаа харьцуулахад бас боломжийн. Хамтарсан үйлдвэр байх үед эрх зүйн талаасаа Засгийн газар хоорондын хэлэлцээр буюу “олон улсын гэрээгээр” зохицуулагддаг байсан. Зарим зүйл дээр Монголын хуулийг мөрддөггүй байсан гэсэн үг. Тэр үед зарим жилд цалинг 70 хувиар нэмж байсан тохиолдол ч байсан. Жил бүр цалингаа нэмдэг байсан юм билээ. ТӨҮГ болсноос хойш Хамтын хэлэлцээр дээрээ тусгаад, жил бүр тогтмол 10 хувиар нэмээд явсан. Бусад төрийн өмчийн уурхайтай харьцуулбал цалин өндөр, салбарын дунджаас 1.5 дахин өндөр гэсэн тооцоо байдаг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн компаниудын цалин өндөр байдаг. Валютын ханш өссөнөөс болоод цалинг доллар руу хөрвүүлбэл 2016 оныхоос өсөөгүй байна гэсэн үндэслэл өмнө яригдаж байсан тул 6 дугаар сард цалинг 15%-аар нэмэх тооцоо хийж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг ирж ажиллахад нь танилцуулсан. Мөн 8 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад 15 хувиар цалинг нэмэх саналаа танилцуулж зөвшөөрөл авсан байсан. Харин Үйлдвэрчний Эввэл маань 50% нэмнэ гээд, 6 удаа хуралдсаны дараа хэлэлцээр мухардалд орж ажил хаялт болсон. Ажил хаялт эхлээд 8 цаг болоод зогссон. Фабрик бол зогсоогүй. Ажил хаялт зарласан ажилчидтай Ерөнхий захиралын хувьд уулзаж нөхцөл байдлыг тайлбарлаж ойлгуулсан. 50 хувиар нэмэх ямар ч боломжгүй, Эрдэнэт үйлдвэрээ бид элгээр нь хэвтүүлнэ, ажил хаяад асуудлыг шийдэхгүй хэлэлцээрийн ширээний ард асуудлаа шийдвэрлэе гэдэг дээр санал нэгдсэн. Одоо хэлэлцээр үе шаттайгаар явагдаж, тооцоо судалгаа, үндэслэлээ талууд харилцан бие биедээ танилцуулаад явж байна. 50 хувиар нэмэх боломжгүй гэдэг дээр ойлголцсон. Хэлэлцээрийн үеэр яригдсан өөр нэг зүйл бол үйлдвэрт ажилладаг хүн тэтгэвэрт гарахдаа өөрийн хүүхдийг ГОК-д ажилд оруулна гэдэг заалт. Өнөөдөр уурхайн нөхцөл хүндэрч, зардал өсөж байгаа тохиолдолд маш сайн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтаар авч байж үйлдвэр олон жил үр бүтээлтэй ажиллана шүү дээ. Нөгөө талаар Эрдэнэт бол 3.5 сая монголчуудын үйлдвэр. Зөвхөн энд ажилладаг хүмүүс ажлын байрыг өмчлөх ёсгүй. Ажлын байр бол үе уламжлан очдог ширээ сандал, титэм биш. Дорнодоос, Увсаас, Улаанбаатараас ирж ажиллахыг хүсэж мөрөөдөж байгаа хүмүүст боломж нээлттэй байх ёстой. Үйлдвэрээ үр хүүхэд шигээ хайрладаг уурхайчид маань үүнийг ойлгож байгаа байх.
Ил уурхайд конвейерийн систем нэвтрүүлэх төсөл явж байгаа юу?
Ковидын үеэр хэрэгжиж байсан 20-иод төсөл дээр үнийн өсөлт их гарсан гэсэн шалтгаанаар зарим нь ажлаа зогсож, зарим компаниуд гүйцэтгэж буй ажлынхаа өртгийг нэмээд, үнийн өсөлтийг Барилгын хөгжлийн төв, Төрийн өмчийн хороогоор батлуулсан байсан. Батлагдсан төсвийн дагуу тараагаад өгөх амархан л даа. Гэхдээ үйлдвэрлэл дээр, бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан хүний өнцгөөр харахад зарим тоо, тооцоолол арай л үндэслэлгүй, хүлээж авах боломжгүй байсан тул Олон улсын аудит оруулсан. Тэд маш үндэслэлтэйгээр шалгаж үзээд дээрх баталгаажуулсан үнийн өсөлтийг 60 гаруй хувиар бууруулсан. Мэдээж компаниуд таатай хүлээж аваагүй, нэлээд дургүйцсэн, зарим нь эсэргүүцсэн. Нэг компани шүүхэд хандаж байх шиг байна. Гэхдээ харьцангүй бага үнийн дүнтэй нь. Бусад нь бүгд хүлээн зөвшөөрч, гэрээгээ байгуулаад, ажлаа үргэлжлүүлээд явж байгаа. Эдгээр компанийн нэг нь конвейерийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа компани. 2024 оны 7 дугаар сард ажлаа дуусгана. Дизель түлшний үнэ өсөж байгаа өнөө үед зардал бууруулахаас гадна байгаль орчин, аюулгүй байдал талаасаа хэрэгтэй төсөл. Уурхайгаас олборлох хүдрийн захын агуулга буурсантай холбоотойгоор уурхайн эцсийн контур, ам тэлэх шаардлага гарч байгаа. Конвейерийн системийг үүнд ашиглах юм. Яваандаа фабрик руу хүдэр тээвэрлэхэд ашиглах төлөвлөгөө бий.
Зэс хайлуулах үйлдвэрийн төслөөс гадна Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа юунд чиглүүлж, цаашдын чиг хандлагаа хэрхэн тодорхойлж байгаа вэ?
Том зорилгоор харвал хот дагуулж буй уурхай тул нөөцийг хязгааргүй нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Стратегийн ордынхоо хил хязгаарын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн авсан хайгуулын 6 тусгай зөвшөөрөл Эрдэнэт үйлдвэрийн насжилтад маш хэрэгтэй. Уурхай хаагдахаар дагасан хот суурингийн амьдрал хэцүүддэг жишээ манайд ч, олон улсад ч олон байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн хаалтын менежментийг маш сайн хийх ёстой. Нөөцөө тогтмол өсгөхийн зэрэгцээ уурхайн ирээдүйд чиглэсэн, дараагийн шатны үйлдвэрлэлтэй холбоотой ажлуудыг амжиж эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс нэгд, нөөц өсгөх чиглэлд тогтмол хөрөнгө оруулалт хийж байна. Хоёрт, одоо тогтоогдсон байгаа нөөцөө бүрэн дүүрэн, сорчлолгүй ашиглах чиглэлээр ажлууд хийгдэж байна. Хамгийн гол нь зардал бууруулах менежмент хэрэгжүүлж байна. Эрчим хүчний хэмнэлттэй, хүний хүчин зүйлийг багасгасан технологийн шинэчлэлүүд хийж байж агуулга буурсан үед үйлдвэр ашигтай ажиллах боломжтой. Түүнд чиглэсэн өргөтгөл шинэчлэлүүд хийж байна. 2019-2022 онд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 80 хувьд хүрчихээд байсан элэгдлийг 50 хувь болгож бууруулсан. Гэхдээ л хуучны Зөвлөлтийн үеийн хуучирсан, элэгдэлд орсон тоног төхөөрөмжүүд нэлээд байна. Гуравт, байгаа нөөцөөрөө өндөр технологийн, үнэлэмж ихтэй, үр ашиг өгөөж арвинтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж, уурхайн одоогийн ашигт ажиллагааг хадгалах, илүү их ашиг олох боломж бүрдэх тул зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулахад ихээхэн хүч, анхаарлаа чиглүүлж байна. Дөрөвт, ESG буюу БОНЗ-ын асуудалд их анхаарал хандуулж байна.
ESG тайлан гаргадаг төрийн өмчийн анхны үйлдвэр болох, зарим нэгж, хэсгийнхээ эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх бодлого барьж байна. Бид дэлхий нийтийн карбоны бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авсан амлалтаа биелүүлж, үйлдвэрийнхээ ялгаруулж байгаа CO2-ийн тоо хэмжээг тодорхойлж түүнийгээ бууруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол, ил уурхайн хүнд даацын автосамосвалуудаа үе шаттайгаар цахилгаан хөдөлгүүртэй болгохгүй бол түүнийгээ ил тод зарлаж, тайлагнаж байхгүй бол нэг өдөр л манай зарж байгаа бүтээгдэхүүн дээр торгууль татвар ногдуулаад эхлэх нь байна. Европын холбооны хилээр зарим ашигт малтмалыг нэвтрүүлэхэд аль хэдийн карбоны татвар төлөөд эхэлчихлээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр манай үйлдвэрийн карбоны бодлоготой маш сайн уялдана гэж харж байгаа. Мөн эхний ээлжинд “Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолбор”, “Ногоон хөгжлийн төв”, “Мод үржүүлгийн цогцолбор” зэрэг алслагдсан обьект, хэсгүүдээ сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болчих гээд тооцоо судалгаа хийж байна. “Эрдэнэт” ТӨҮГ нь 2022 онд “Ойн генетикийн нөөцийн төв” байгуулснаар олон төрлийн үрийн фондтой болсон. Харин 2023 онд “Хөрсний биотехнологийн төвийг” байгуулж, энэ 10 дугаар сард ашиглалтад оруулах гэж байна. Хөрс, үрийн нөөцдөө тулгуурлан, богино хугацаанд мод үржүүлж, хурдан өсгөдөг мод үржүүлгийн цогцолборыг Хялганатад байгуулж байгаа. 90 га-д нь уламжлалт, 10 га-д нь автомат хүлэмж байгуулна. Автомат хүлэмжийн цогболборын ТЭЗҮийг ШУА-ийн Биологийн хүрээлэн боловсруулж 8 сард БОАЖЯ дээр хамгаалсан. Жилд 12 сая мод үржүүлэх автомат хүлэмжийн тендэрийг удахгүй зарлана. Эрдэнэт үйлдвэр 1 сая тн СО2 ялгаруулдаг гэсэн тооцооллыг 2013 онд Байгаль орчны яам, Дэлхийн банк хамтарч хийсэн юм билээ. Одоо бараг 2 сая болсон байх. 2013 оноос хойш Эрдэнэт үйлдвэр Дулааны цахилгаан станцын хүчин чадлаа 48 мВт-аар нэмэгдүүлсэн. БелАЗ сомасвалын тоо бас нэмэгдсэн. Дээрээс нь хайлуулах үйлдвэр барихаар бас л СО2 ялгаруулна. СО2 ялгаруулж л байгаа бол түүнтэй дүйцэх хэмжээгээр нь буцаагаад шингээдэг, хүчилтөрөгч ялгаруулдаг гэдэг утгаар нь мод тарьж байгаа нь бидний карбоны бодлоготой нийцүүлж, эн тэргүүнд хийж байгаа зүйл юм.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, №10 (023)
1 Сэтгэгдэл