Австрали Япон, Өмнөд Солонгосоос хөрөнгө оруулалт хайж байна

Австрали Улсын Нөөцийн сайд Маделин Кинг критикал минералын хөрөнгө оруулалт татахаар Япон Улс, БНСУ-д долоо хоногийн айлчлалаа өчигдөр (2024.01.29) эхлүүллээ. Тэрээр “Австралийн критикал минерал нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн гол түлхүүр” хэмээн Японд болсон хэвлэлийн хурлаар мэдэгдсэн байна.  Айлчлалын эхний өдөр Австралийн хөрөнгө оруулалтад бэлэн критикал минералын 52 төслийн жагсаалтыг танилцуулжээ. 

Маделин Кинг айлчлалын хүрээнд Японы Худалдааны сайд Кен Сайто, Өмнөд Солонгосын Худалдаа, эрчим хүчний сайд Дукгён Ан нартай уулзана.

Уулзалтын үеэр байгалийн хийн талаар ярилцаж магадгүй байна. Австрали Улс байгалийн хийн ирээдүйн бодлогыг боловсруулж эхлээд байгаа. Харин Япон, Өмнөд Солонгосын хувьд байгалийн хийн томоохон импортлогч улсууд юм. 

Япон улс өмнө нь Австралид төмрийн хүдэр, шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр байгуулсан туршлагатай. Иймээс критикал минерал, газрын ховор элементийн үйлдвэрлэлд туслах боломжтой гэж хэвлэлийн хурлаар Маделин Кинг хэлжээ. 

Э.МИШЭЭЛ