Э.МИШЭЭЛ
Улирч буй 2023 онд дэлхийн уул уурхайн талбарт тэрбум ам.доллароор хэмжигдэх таван хэлцэл боллоо. Үүний гурав нь өөрийн үйл ажиллагааны чиглэлд тэргүүлэгч компаниуд арай бага хэмжээтэй компаниудыг худалдан авсан байна. Мөн уул уурхайн салбарт дээгүүр бичигддэг, 100 гаруй жилийн түүхтэй Teck Resource-ийн нүүрсний салбарын хувьцааг дэлхийн хэмжээний гурван компани хуваан авчээ. Уламжлалт түүхий эдээс гадна критикал минералтай холбоотой гэрээ он дамнан үргэлжилнэ. Тэрбум “ногооноор” хэмжигдэх томоохон хэлэлцээрүүдийг тойрсон үйл явдлыг тоймлон хүргэе.
АНУ-ын Newmont Corporation арваннэгдүгээр сард 16.8 тэрбум ам.доллароор Австралийн Newcrest Mining-ийг худалдан авснаар 2023 оны хамгийн өндөр дүнтэй хэлцэл болж байна. Энэ нь Newmont-ийн хувьд дэлхийн алтны тэргүүлэгч байр сууриа бататгасан үйл явдал боллоо. Тус хэлцлийг Newcrest Mining-ийн хувьцаа эзэмшигчдийн 92.63 хувь нь зөвшөөрчээ. Хэлцэлтэй холбогдуулан Newmont 357,692,627 ширхэг хувьцаа шинээр гаргасан байна. Цаашид хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны бүтцэд ямар өөрчлөлт орох, аль салбарыг татан буулгах, эсвэл авч үлдэх нь шинжээчдийн анхаарлыг татаж буй. Newmont 2019 онд дэлхийн томоохон алтны компани болох Goldcorp-ийг 10 тэрбум ам.доллароор худалдан авч байсан юм.
BHP Billiton тавдугаар сард 6.4 тэрбум ам.доллароор Австралийн зэс, алтны OZ Mineralsийг эзэмшлээ. Энэхүү худалдан авалтыг OZ Minerals-ийн хувьцаа эзэмшигчдийн 98 хувь нь дэмжсэн байна. Тус үйл явдлыг нарны хавтан, салхин сэнс, цахилгаан автомашин зэрэг сэргээгдэх эрчим хүчинд шаардлагатай зэс, никелийн үйлдвэрлэлийн стратегид нийцсэн хэмээн BHP-ийн удирдлагууд мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь Баруун Австрали дахь никель-зэсийн West Musgrave төсөлтэй холбоотой гэсэн худалдан авалтын өмнөх шинжээчдийн таамаглалыг баталлаа. Уг төслийн 2020 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр ил уурхайг 24 жил ашиглана. Эхний таван жилд 35 мянган тонн никель, 41 мянган тонн зэс, үлдсэн хугацаанд 27 мянган тонн никель, 33 мянган тонн зэс тус тус олборлох аж. West Musgrave-ийн эхний бүтээгдэхүүнийг 2026 оноос үйлдвэрлэхээр BHP төлөвлөжээ. OZ Minerals нь 2022 онд 120 мянган тонн зэс, 203 мянган унц алт олборлож, 1.9 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна.
Pan American Silver гуравдугаар сард Yamana Gold-ийн бүх хувьцааг 4.8 тэрбум ам.доллароор худалдаж авснаа зарласан. Ингэснээр мөнгөний салбарын гол тоглогчдын нэг гэдгээ Pan American Silver харуулж байна. Тус компанийн хувьд Чилид El Peon, Minera Florida, Аргентинд Cerro Moro, Бразилд Jacobina гэсэн дөрвөн уурхайг өөртөө нэгтгэснээр 16 төсөлтэй болжээ. American Silver нь мөнгөнөөс гадна алт, цайр, хар тугалга, зэс олборлодог. Бусад металлаас өндөр цахилгаан дамжуулах чадвартай мөнгө нь цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтойд тооцогддог билээ.
Glencore арванэгдүгээр сард Teck Resourceийн нүүрсний бизнесийн 77 хувийг 6.9 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрэв. Энэхүү хэлэлцээр 7 сар үргэлжилсэн юм. Тэгвэл 20 хувийг 1.7 тэрбум ам.доллароор Японы Nippon Steel, үлдсэн 3 хувийг 0.4 тэрбум ам.доллароор Өмнөд Солонгосын Posco эзэмшихээр болжээ. Teck Resource-ийн нүүрсний бизнес Канадын Бритиш Колумбид төвлөрдөг бөгөөд гол худалдан авагч нь ган үйлдвэрлэгч Ази, Номхон далайн орнууд байдаг. Тус компани 2022 онд дөрвөн уурхайгаас 21.5 сая тонн коксжих нүүрс олборложээ. Glencoreийн тухайд 110 сая тонн эрчим хүчний болон коксжих нүүрс борлуулсан байна. Тус хэлцлийн онцлог нь ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч Nippon Steel, Posco хувьцаа эзэмшихээр болсон явдал юм.
Арванхоёрдугаар сард дэлхийн литийн томоохон үйлдвэрлэгч Allkem-ийн хувьцаа эзэмшигчид литийн технологиор тэргүүлэгч Livent-тай хамтран Arcadium Lithium компани байгуулахыг дэмжлээ. 2024 оны эхний сард Livent-ийн хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн тохиолдолд Arcadium Lithium нь цахилгаан машины батарейн томоохон үйлдвэрлэгч болох төлөвтэй. Шинэ нэгдэл 10.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Allkem нь Аргентинд төвтэй бөгөөд Аргентин, Канад, Япон, Австралид литийн үйлдвэрлэл явуулдаг. 2026 он гэхэд дэлхийн лити үйлдвэрлэлийн 10 хувийг хангахаар төлөвлөжээ. Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхтэй зэрэгцэн критикал минералын үйлдвэрлэгч болон технологи хөгжүүлэгчид хамтрахаар тохиролцож буй нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.
Майнинг Инсайт сэтгүүл, №12 (025)