Казахстан, Их Британи критикал минералын замын зураглалд гарын үсэг зурав

Э.МИШЭЭЛ

Өнгөрсөн долоо хоногт Лондон хотод “Ашигт малтмалын боловсруулалт ба эргэлтийн эдийн засаг” бизнес форум боллоо. Тус форумаар Казахстаны Аж үйлдвэр, барилгын дэд сайд Иран Шахран, Их Британийн Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлын сайд Нусрат Гани нар критикал минералын стратегийн хамтын ажиллагааны замын зураглалд гарын үсэг зурав. Тус замын зураглал нь геологийн ерөнхий хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх, критикал минералын судалгаа, технологиос гарсан үр дүнг зах зээл, нийгэмд хүргэх гэсэн гурван үндсэн чиглэлтэй байх юм. 

Форумын үеэр дэд сайд Шахран гадаадын хөрөнгө оруулагчдад хандан орд ашиглах зөвшөөрөл авсан тохиолдолд боловсруулалтыг Казахстан хийж, шинэ үйлдвэр барих үүрэг хүлээх ёстой хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Казахстаны түүхий эдийн экспортын босго нь бага, дунд түвшнийх байдаг. Энэ нь эцсийн шатны түүхий эд экспортолно гэсэн зарим улсын шалгуураас өөр юм. 

Өнгөрсөн оны гуравдугаар сард Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Казахстанд айлчлах үеэр критикал минералын стратегийн харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байсан юм. 

Их Британийн Геологийн судалгааны төвөөс Казахстаныг критикал минералын 18 төрлийн нөөцтэйгөөс наймыг олборлох боломжтой хэмээн үздэг байна.

Монгол Улс “Ашигт малтмалын боловсруулалт ба эргэлтийн эдийн засаг” бизнес форумын үеэр Их Британитай геологи, уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах Ажлын хэсэг гаргахаар тохиролцсон. Улмаар газрын ховор элемент, чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжих, судалгааны ажил хийгдэх боломж бүрдэхээр болжээ.