Н.УДААНЖАРГАЛ: Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам эдийн засагт 3 жилийн дотор өгөөжөө өгнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг түшиглэсэн логистикийн цогц төслийн бүтээн байгуулалт, хоёр улсын хилээр төмөр замыг холбох асуудлын талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.

Үүсгэн байгуулагдаад 4 жил болж байгаа “Тавантолгой төмөр зам” өнөөдөр хэчнээн ажилтантай, ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

“Тавантолгой төмөр зам” (ТТЗ) компани байгуулагдаад жилийн дараа Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулагчийн хувь эзэмшил, ашиг хүртэгчийг тодорхойлсноор эдийн засгийн үндэслэл бүрдэж ТавантолгойГашуунсухайт (ТТ-ГС)төмөр замын төсөл хэрэгжих боломж бүрдсэн юм. Өнгөрсөн хугацаанд Зүүнбаян-Тавантолгой (ЗБ-ТТ) төмөр замыг инженерингийн хувьд ТТЗ удирдаж барьсан. Инженерингийн баг бүрдүүлсэн нь ТавантолгойГашуунсухайт төмөр замын ажлыг үргэлжлүүлж чадна гэсэн итгэл үнэмшил Засгийн газарт бий болсны үндсэн дээр уг төслийг ТТЗ гүйцэтгэх төр засгийн шийдвэр гарсан гэж боддог. Өдгөө ТТЗ-ын ажилчид, хамт олон 600 гаруй болцгоожээ.

Туршилтын тээвэр хэзээнээс эхэлсэн бэ? Хэр хэмжээний ачаа тээвэрлээд байна?

2021 онд Засгийн газраас ТТ-ГС төмөр замын туршилтын тээврийг эхлүүлэх чиг үүргийг ТТЗ-д өгсөн. ОХУ-ын мэргэжилтнүүд төмөр замыг шалгасан дүнг үндэслэн ЗТХЯ-наас дүгнэлт гарснаар туршилтын тээврийг албан ёсоор (2022.07.09) эхлүүлсэн. Толгой компани болох “Эрдэнэс Тавантолгой“-той (ЭТТ) байгуулсан гэрээгээр тус компанийн 120 мянган тонн ачаа тээвэрлэхээс одоогоор 20 мянган тонныг тээвэрлээд байна. Гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй нь хил нэвтрэх, КОВИД-19 нөхцөл байдалтай холбоотой логистикийн хүндрэлээс шалтгаалж байна. Логистикийн хүндрэлийг арилгах нь ТТЗ-ын дараагийн том зорилт юм. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа албан ёсоор хэдийд эхлэх вэ? Есдүгээр сард ТТ-ГС төмөр замыг нээхээр бэлтгэж байна. “Coal Mongolia 2022” чуулгантай давхцаж байгаа. 10 сая тонн ачаа тээж байж төмөр замыг жигдэрсэн гэж үзээд, тээврийг эхлүүлэх дүгнэлт гардаг. Ийм хэмжээний ачаа тээвэрлэж тогтворжуулалт хийсэн. Ямар ч асуудалгүйгээр ТТ-ГС төмөр замыг Улсын комисс хүлээж авсан. I зэрэглэлийн төмөр замын нэг онцлог нь шууд ашиглаж болдог. ОХУ-аас инновацын 200 вагон ирсэн. 25 тонн даацтай тус вагон Монголд анх удаа орж ирж байгаа. Инновацын вагоныг манай улс хэрэглэх боломж арваад жилийн дараа байсан. Өөрөөр хэлбэл УБТЗ-ын гол даацыг 25 тонн болгосон тохиолдолд ашиглах боломжтой. Тиймээс ТТ-ГС төмөр замыг I зэрэглэлийн, уулзваргүй, голын даац 25 тонн технологийн зам гэж нэрлэж байгаа хэрэг. АНУ-ын SD70 зүтгүүр авахаар гэрээ хийсэн. Дэлхий дахинд үүссэн логистикийн төвөгтэй байдлаас үүдэн А сертификатын зүтгүүр орж ирэх асуудал хойшлоод байна. ОХУ-д үйлдвэрлэсэн 800 вагон ч саатах магадлалтай. Гэхдээ бид хаана сул зүтгүүр байгааг судлан авч байна. Эдгээр вагон, зүтгүүр бүрэн ирж байж ТТ-ГС төмөр замаар 30 сая тонн ачаа тээвэрлэх нөхцөл рүү дөхнө.

Есдүгээр сард ТТ-ГС төмөр замыг нээхээр бэлтгэж байна. “Coal Mongolia 2022” чуулгантай давхцаж байгаа.

ТТ-ГС төмөр замын хүчин чадал хэзээ 30 сая тоннд хүрэх вэ?

Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, ашиглалт, ачаа тээврээ тооцдог шинэ шатанд гарч ирж байна. Логистик гэдэг нь цогц үйл ажиллагаа юм. Төмөр замыг аль болох бүрэн хүчин чадлаар ашиглаж байж тээврийн зардлыг хямдруулна. Манай улсын экспортын нүүрснээс эхлээд бусад бараа бүтээгдэхүүн гол логистик болно. ТТЗ-аас “Үе шаттай тээврийн 25 жилийн хугацаатай хөтөлбөр” гаргасан. Энэ хүрээнд үе шаттайгаар 2022-2025 онд 10 сая тонн, 2026-2030 онд төмөр зам ашиглалтад орсон 3 дахь жилээс тээвэрлэх ачааны тоо хэмжээ 10-20 сая тонн, 2031-2041 онд 31.68 сая тоннд хүргэх зорилттой. Зүгшрүүлэлтийн тээвэр гэхээр ачих, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх зэрэг хугацаатай үйл ажиллагааг цогцоор зохион байгуулж байж зорилтот 30 сая тонн хүчин чадалд хүргэнэ. Ийм хэмжээний ачаа экспортлохын тулд өдөрт 12-14 вагон боомтоор гаргах шаардлагатай. Өдөрт бараг 20 вагон ачаа боомтод хүргэнэ. Төмөр зам барьчихвал бүх зүйл боллоо гэж ойлгож болохгүй. Зүтгүүр хэрэгтэй. Вагон хүрэлцээтэй байх ёстой. Мэргэжлийн боловсон хүчин бүрдүүлнэ. Ачих байгууламж шаардлагатай. Тиймээс иж бүрэн төсөл гэдгийг тодотгоё.

Уурхай дээрээс ачилт хийх, мөн хил дээр шилжүүлэн ачих гэсэн хоёр янзын ачилтын байгууламж байх нь гэж ойлгож байгаа?

Одоо баригдаж буй Ачилтын байгууламж ирэх жилийн төгсгөлөөр 20 сая тонныг ачих чадамжид хүрэх төсөөлөлтэй “Түүхий нүүрс ачих нэгдсэн төв” төслийг ТТЗ хэрэгжүүлж байна. ТТЗ энэ жилээс Ачилтын байгууламж барьж эхэлсэн. Уурхай дээр байрших энэ байгууламжийн гол процесс нь бутлуур юм. 75 тонн нүүрсийг нэгэн жигд хэмжээтэй буталж 2 минутын хугацаанд 1 вагонд ачна. Цагт 3500 тонн нүүрс бутлах, овоолго үүсгэх, ачих, жинлэх зэрэг бүрэн автоматжуулсан байгууламж. Ачилтын байгууламжийн чадамжаас төмөр замын бүрэн хүчин чадалд хүргэх нь хамаарна. Энэхүү цогц төсөл нь уурхай дээрх Ачилтын тойрог төмөр зам, Ачилтын байгууламж, үндсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, төгсгөлийн хэсэг буюу хилээр холбох Гүүрэн байгууламжуудаас бүрдэнэ. Одоогийн байдлаар гол төмөр зам дууссан, 2 өртөөг холбосон, уурхай дээрх ачилтын тойрог төмөр зам баригдсан.

Төмөр замыг 2 улсын хилээр холбох асуудал ямар түвшинд өрнөж байна вэ?

2022 онд Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д айлчилсан айлчлалын гол сэдэв нь төмөр замыг хоёр улсын хилээр холбох байсан бөгөөд Хятадын талын удирдагчийн түвшинд дэмжсэн. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И саяхан Монгол Улсад айлчлахдаа тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооноос албан ёсны зөвшөөрлийг төрийн компаниуддаа өгснийг мэдэгдсэн. Улмаар хоёр улсын хилээр холбох ажлыг Хятадын “Чайна Энержи” (хуучнаар Шенхуа) хийнэ. Логистикийн байгууламжийг “Баошан төмөр зам”-тай барина. Цаашаа Хятадын нутгийн гүн рүү Ганчуаны төмөр замаар тээвэрлэнэ.

Төмөр зам барьчихвал бүх зүйл боллоо гэж ойлгож болохгүй. Зүтгүүр хэрэгтэй. Вагон хүрэлцээтэй байх ёстой. Мэргэжлийн боловсон хүчин бүрдүүлнэ. Ачих байгууламж шаардлагатай. Тиймээс иж бүрэн төсөл гэдгийг тодотгоё

Хилээр холбох цэгийг албан ёсоор үзэглэж баталгаажуулах уу?

Гэрээг үзэглэсэн. Өнгөрсөн оны есдүгээр сараас БНХАУ-ын Засгийн газрын нэрлэсэн компанитай Монгол Улсын Засгийн газрын нэрлэсэн ТТЗ хэлэлцээр хийж эхэлсэн. Манай улсаас ГХЯ, ЗТХЯ тэргүүтэй Ажлын хэсэг байгуулж, миний бие ахалсан. Сүүлд Сангийн яам хэлэлцээрт орж ирсэн. Монгол Улсын Сангийн яам, БНХАУын Хөгжил шинэтгэлийн хороо Санамж бичиг байгуулснаар албан ёсоор үзэглэсэн. Хууль эрх зүйн хувьд 1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулах процесс хоёр талд үргэлжилнэ. Орос, Монгол, Хятад улс Наушки-Алтанбулаг болон Замын Үүд-Эрээн боомтоор өдөрт солилцох галт тэрэг, ачаа бараа эргэлтийн хэмжээг жил болгон тохиролцдог байсан бол үүн дээр Гашуунсухайт-Ганцмод боомт нэмэгдэнэ.

Хил дамнасан гүүрэн байгууламж барихад хэр хугацаа орох бол?

Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал ажлын нэг зурагтай. Хил дамнасан гүүрэн байгууламжийн 70 гаруй хувь Монголын нутаг дэвсгэрт баригдана. Монголын тал дахь нарийн царигийн парк, Хятадын тал руу гарах өргөн царигийн хэсгийг монголчууд өөрсдийн хөрөнгөөр өөрсдөө гүйцэтгэнэ. Мөн адил Хятадын тал өөрийн нутаг дахь ажлуудыг хийнэ. Гүүрэн байгууламж руу хоёр талаас өргөн болон нарийн царигийн төмөр зам орно. Ингэж Олон улсын ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу хил дээрх гүүрэн байгууламж баригдах ёстой. Монгол, Хятадын хариуцсан компаниуд одоо гүүрэн байгууламжийн зураг төслийн ажил руу ороод байна. Хятадын тал зураг төсөл хийе гэсэн санал гаргасан. ТТ-ГС төмөр замын үргэлжлэл болгож төгсгөлийн хэсгийн гүүрэн байгууламж барих ажлыг ТТЗ хэрэгжүүлнэ. Технологит хугацааг 28- 30 сар гэж тооцсон.

Гүүрэн байгууламжийг барих хүртэл төмөр замаар тээвэрлэлээ ч боомтын одоогийн гарцад улам ачаалал нэмж, өнөөгийн авто машины экспортоос ялгарахгүй болох юм биш үү?

Гүүрэн байгууламж барихаас нааш логистикийн хүндрэл арилахгүй. Тэр хүртэл төмөр замаас шилжүүлэн авто зам руу ачиж боомтоор гарч таарна. Төмөр замаараа тээвэрлэж очоод, чингэлэгт ачин боомт дээр овоолоод байж болно. Тэгвэл чингэлгийн эргэлт барина. Хилээр нэвтрэх машины тоо хязгаартай. Үүнийг толгой компани болон авто замын тээврийн компаниудтай хамтарч шийдэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Хятадын тал “Тэг ковид” хатуу бодлого барьж буйгаас зөвхөн Монголтой хиллэх боомт гэлтгүй тус улсын хилийн бүх гааль дээр хүндрэлтэй байна. Тиймээс ийм нөхцөлтэй уялдуулж, төмөр замын тээврээ унагачихгүй, аль болох тээж байх ёстой. Хөрөнгө оруулалтаа хэдэн жилд нөхөх тооцоотой вэ? 30 сая тонноор тээвэрлээд эхлэхэд дам өгөөжөөрөө ТТ-ГС төмөр замд зарцуулсан нийт хөрөнгийг 2.5-3 жилд олох боломжтой. Дам өгөөж гэдэг нь логистикийн зардлыг хямдруулснаар хэд дахин их ашгийг ачаа бараа илгээгч нар олно гэсэн утга. Харин төмөр замын тээвэрлэлтийн орлогоос хамаарах үзүүлэлтээр 17 жилийн дотор хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоо гарсан. Эдийн засагт 3 жилийн дотор өгөөжөө өгнө. ТТЗ төслийн санхүүжилтийг 17 жилд хөрөнгө оруулагчид төлж барагдуулна. Одоо ТТЗ-аас хугарлын цэг 7.1 жилийг хэрхэн 4 жил болгох, ашигт ажиллагаа руу хурдан шилжих төлөвлөлт боловсруулж байна. Энэ төсөл 3 том онцлогтой. Нэгд бизнес, хоёрт цогц бүтээн байгуулалт, гуравт Монголын логистикийн хамгийн том сүлжээ болно.

ТТ-ГС төмөр замын тээвэрлэлтийн тариф ямар үнэ ханштай вэ?

Одоогийн байдлаар авто замаар БНХАУын Ганцмод боомт гартал нунтаг нурмаг ачааг тонн тутам 50 орчим ам.доллараар тээвэрлэж байна. Тэр дунд авто тээврийн компаниуд ашиг хийж байна. Энэ бол төмөр замаа бариагүйгээс алдагдсан боломж. Харин ТТ-ГС төмөр замаар нэг тонн ачааг 4.1 дахин хямд буюу 12.09 ам.доллараар Ганцмод боомт руу тээвэрлэнэ. Тариф болон тооцсон аргачлалыг нээлттэй зарласан. Алдагдсан боломж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа, хугарлын цэгийг наашлуулах боломжид тарифыг тооцсон юм. Төмөр замтай болсноор энэ бүх хүндрэл тшийднэ. Энэ төсөл Монгол Улсад хэрэгтэй, 100 жил ашиглах төмөр зам.

ТТ-ГС төмөр замын бүтээн байгуулалтын нийт өртөг хэд болж байна вэ?

Нийт өртөг эцэслэж гараагүй байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2013 онд ямар өртгөөр эхлүүлсэн, тэр өртгөөр дуусгаж байгаа.

Суурь бүтцийг аль компани эзэмших вэ? Хоёр хувьцаа эзэмшигчтэй үл ойлголцол бий юу?

Ямар ч үл ойлголцол байхгүй. Төмөр замын ажилд өмнө оруулсан санхүүжилтийн хөрөнгийг МТЗ дээр бүртгэсэн. Үүнийг төслийн нийт хөрөнгө оруулалттай дүйцүүлэн 34 хувь гэж ТТЗ-ын эзэмшигчдийн хувь хэмжээг тогтоосон. Хөрөнгө оруулалт, ачааг ЭТТ, төмөр зам ашиглах, тээвэрлэхтэй холбоотой мэргэжил арга зүйг МТЗ удирдаж байна. ТТЗ-ын хувьд орлого олно. Орлого ашгаа хэрхэн хуваарилахыг хувьцаа эзэмшигчид шийднэ.

ТТЗ-ын сүүлд эхлүүлсэн Богдхан төмөр замын төслийн ахиц хэр байгаа вэ?

Богдхан төмөр зам барих төслийн ТЭЗҮ гарсан. Захиалагчаар ТТЗ, доод бүтцийн ажлыг ЗХЖШ, дээд бүтцийн ажлыг УБТЗ хийхээр гэрээнүүд хийгдэж байна. Монгол Улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннел, эсткадан (том хэмжээний гүүр) гүүрэн байгууламжийг бүтээн байгуулна. Технологи нутагшсанаас үл хамааран Монгол Улс барих нарийн байгууламж учир яаран шороо хөдөлгөхгүй. Бүтэн жилийн хугацаанд бүх төрлийн судалгааг хийж байна. Зөвхөн туннел, эсткадан гүүрэн байгууламжийн судалгааны ажилд дахиад жилийн хугацаа шаардагдана. Судалгааны ажлын араас хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэнэ. Эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг ТТЗ олчихсон. Энэ нь УБТЗ-ын өргөтгөлийн хоёр дахь шугам болох уу? Монгол Улсын Засгийн газарт Богдхан төмөр замыг барих хүсэл эрмэлзэл байна. Энэ нь 1970- аад оноос яригдаж 2010 онд судалгааны түвшинд орхигдсон төсөл. “Боомтын сэргэлт”-ийн бодлогын хүрээнд манай улсын төмөр замын гол зангилаа Улаанбаатар хотоор дайран өнгөрөхөөс эхлээд логистикийн хүндрэлтэй асуудлууд бий. Төмөр замын тээвэр 120-160 минут хотод авто замын түгжрэл үүсгэдэг судалгаа байдаг. Мөн хүн ам олноор төвлөрсөн хотын дундуур өнгөрөхдөө зогсож болдоггүй аюултай ачаа бараа (газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай бодис г.м) гэж байгаа. Ийм нөхцөл байдлыг хотоос тойруулахын тулд төмөр зам, логистикийн дагуул хот байгуулна. Ямар ч байсан олон жил яригдсан төмөр замыг Монгол Улс аюулгүй байдал, эрх ашгийнхаа хүрээнд боломжтой хувилбараар барих гэж байна. Дараагаар нь УБТЗ ашиглана. Хөрөнгө оруулалтыг хэрхэн нөхөх, худалдаж авах уу, бүтээн байгуулалтын үед оролцох уу гэдэг нь УБТЗ, түүний 50 хувийг эзэмшигч Оросын талд нээлттэй асуудал. Транзит тээврийн ачаа эргэлт нэмэгдэх нь аль ч улс, хувьцаа эзэмшигчдэд хэрэгтэй, ашигтай.

ТТЗ нь зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдэд оролцох уу?

Бидний тэргүүн зорилт байсан ч Засгийн газрын даалгаснаар Богдхан төмөр замын төсөл дээр ажиллаж байна. Засгийн газраас баруун босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.

Энэ төслийг хэрэгжүүлэх сонирхол ТТЗ-д бий юу?

ТТЗ бол Засгийн газрын байгууллага юм. Ер нь төмөр замыг төр өөрөө барих ёстой гэсэн концепц бий. Сонирхол гэхээсээ илүү Засгийн газар чиглэл даалгавар өгвөл ТТЗ бэлтгэлтэй байх үүрэгтэй. ЗТХЯ, МТЗ гэсэн бодлого тодорхойлогч байгууллагууд бий. Бодлогоор өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг компани нь ТТЗ. Үндэсний шинэ төмөр замуудыг дотоодын компаниуд барьж буйн ач холбогдлыг Та хэрхэн харж байна? Шинээр баригдаж байгаа 3 төмөр замын хоёрт нь захиалагчаар, нэгд нь инженерингийн зөвлөхөөр ТТЗ ажиллаж байна. Түүнчлэн өмнө нь 100 км төмөр зам барьсан туршлагатай хувийн компани Зүүнбаян-Ханги чиглэлд богино хугацаанд төмөр зам барьж байна. Ханги чиглэлийн зам бол эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой. Зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг яаралтай барих нь зүйтэй. Ингэснээр олон гарцтай болж, Монгол Улсын ачаа бараа эргэлт өснө. Уул уурхайн бүтээгдэхүүнээ тээврийн хямд өртгөөр, түргэн шуурхай экспортод гаргах хэрээр манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ. Хамгийн түрүүнд экспорт импортын тэнцэл, улсын валютын нөөц, эдийн засгийг солонгоруулах гээд давуу тал олон. Ер нь логистик зөвхөн нэмэх л авчирдаг, хасах үзүүлэлтэд хүргэсэн тохиолдолд хаана ч үгүй.

ТТ-ГС төмөр замын ачаа тээврийг аль компани хариуцах вэ?

Толгой компани ЭТТ хариуцна. Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл тус компанийн бодлогоор ТТ-ГС төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явна. Энэ нь ТТЗ-ын хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр юм. Тэгвэл ТТ-ГС болон ЗБ-ТТ холбосон 22 км төмөр зам аль компанийн эзэмшилд байх вэ? ТТЗ-ын эзэмшлийн зам. Зүүнбаян, Гашуунсухайт чиглэл рүү бүх логистикийг Тавантолгой өртөө хариуцна. Хаашаа ямар ачаа гаргахыг ЭТТ шийднэ.

Майнинг Инсайт сэтгүүлийн 2022 №07,08 (008,009) дугаарт нийтлэгдэв.