Л.Оюун-Эрдэнэ: ДНБ 2024 оны төсгөлд 74 их наяд төгрөгт хүрнэ

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2024.03.26) “Боомтын сэргэлтийн үндэсний форум 2024”-ийн хоёр дахь өдөр үргэлжлэн явагдаж байна. Салбарын гол илтгэл, хэлэлцүүлэг явагдах өдрийг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Ерөнхий сайдын үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

“Засгийн газрыг байгуулж байхад цар тахлын үе таарсан. Цар тахлын үе дууссаны дараа Орос-Украины дайн залгасан жилүүд байлаа. Монгол Улсын хувьд экспортыг нэмэгдүүлэхийг хүсэж байсан ч нэвтрүүлж чадахгүй хүнд хэцүү үе байсан. Уул уурхайн салбарынхан мэдэж байгаа. Тухайн үед халдвар илэрсэн тохиолдолд 21 хоног хаадаг байсан. Илэрсэн хүмүүсээ дахиж очиж үзлэгт оруулдаг. Энэ дундаас “боомтын сэргэлтийн боомийг хална” гэдэг зүйл гарч ирсэн. Ингээд ковидын хугацаанд улсынхаа эдийн засгийг авч гарсан. Цар тахлын дууссаны дараа энгийн байдал руу шилжихэд үсрэнгүй хөгжих бодлогын суурь тавигдчихсан байсан. 

70 сая тонн нүүрс экспортолно гэдэг мөрөөдөл байсан. Мөн ДНБ 4 мянган ам.долларт удаан тогтчихсон байсан. Одоо 5,700-5,800 орчим ам.доллар руу орж ирж байна. 

Оны төсгөлд анх удаа НХО ДНБ 6 мянган ам.доллар, ДНБ 74 их наяд төгрөгт хүрэх гэж байна. Энэ бол боомттой холбоотой. Он гарснаас хойш Монгол Улсын эдийн засаг 8 хувийн өсөлттэй байгаа нь дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт болж байна.

Манай агаарын тээвэр нэг зүйлд санаа зовдог байсан. Хэрэв Монгол Улс агаарын тээврийн чөлөөтэй болговол МИАТ “дампуурна” гэдэг айдастай бараг 30 орчим жил ингэж явсан. Үүнээс болж агаарын тээврийн боомт зогсчихсон байсан. Гэтэл хуурай замын боомтууд 1.5 жилийн хугацаанд хөгжиж болдог гэдгийг харуулсан. Ингээд агаарын тээврийн либералчлал буюу нээлттэй агаарын тээврийн багцыг зарласан. Энэ хүрээнд Монгол зочлох жил гэж зарлаж түрүү жил уул уурхайн бус салбар болох аялал  жуулчлалаас 1 тэрбум ам.доллар олж чадсан.  Энэ жил хамгийн их очихыг хүссэн улсын жагсаалтыг Монгол Улс анх удаа тэргүүлсэн. 

Авто замын компаниудад оруулах хөрөнгө оруулалт сайжирч байгаа учраас заавал улсын төсвөөр зам барих шаардлагагүй төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах гарц нэмэгдэж байна. Иймээс аймгуудыг боомттой, боомтуудыг боомттой холбохыг ажлыг ийм замаар хийж болно.  

Нийслэл Улаанбаатар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь. Харин Их тойруу, Бага тойруу нийлээд 100 гаруй га газарт буюу Нийслэлийн 0.3 хувьд улсын нийт эрх мэдлийн 90 хувь нь төвлөрч байна. Гэтэл нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр нэгт ордог. Нэг талаас нийслэл болон хөдөө ангилчихсан учраас бүгд нийслэл рүү төвлөрөх байдал ажиглагддаг. Боомтын сэргэлт бол хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг иргэд рүү чиглэхэд зорьж байгаа. Зөвхөн төмөр зам, уул уурхай гэж ойлгох нь нэг талын зүйл юм. 

Боомтын сэргэлтийг технологи, инновацтай хослуулна. Тяньжинийн боомтод очиход хүнгүй байна. Удирдлагын системд хэдэн хүн сууж байна. Бид хиймэл оюун ухаан руу шилжиж байж боомтууд хурдтай ажиллаж, хүчин чадал сайжирч, экспорт нэмэгдэнэ" гэв.