10 гаруй жилийн өмнө хайгуулаас олборлолт хүртэл 13 жил зарцуулдаг байсан бол 18 жил болж уртасжээ. Мөн нийт хайгуулын зардлын тал нь үнэт металл эзэлж байна.
Сүүлийн жилүүдэд эрдэс түүхий эдийн эрэлт хэрэгцээ дэлхий даяар эрс нэмэгдэж байна. Тэр дундаа нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг багасгах, хөгжиж буй орны эдийн засгийн өсөлттэй уялдаж эрэлт өсөх магадлалтай байгаа. Иймээс цаашид энэхүү хэрэгцээг хангахын тулд шинээр ордуудыг нээх, ашиглахын тулд томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгараад буй.
Уул уурхайн төслийн бүтээн байгуулалтын хугацаа бусад салбартай харьцуулахад урт байдгаараа онцлогтой. Анхны хайгуулаас олборлолт эхлэх хүртэл 10 жил зарцуулах нь тийм ч анхаарал татах зүйл биш юм. S&P Global-ын судалгаагаар хайгуулаас олборлолт эхлэх хугацаа 6-32 жил байгааг тооцоолжээ. Үүний шалтгаан нь олборлох, боловсруулах арга, ордын төрөл, байршил, хууль эрх зүйн орчин нөлөөлж байдаг аж.
Түүнчлэн ямар түүхий эд вэ гэдгээс шалтгаалж хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, алтны ордыг хайгуулаас олборлолт хүртэл хөгжүүлэх дундаж хугацаа 15.2 жил буюу зэсийн ордоос нэг орчим жилээр бага байна. S&P Global-ын үзсэнээр 2009 онд ашиглалтад орсон уурхайн дундаж хугацаа 13 жил байсан бол энэ тоо 2020 онд 18 жил болж уртасжээ.
Зургийн тайлбар: Шведийн Кируна хотын ойролцоо Европын хамгийн том газрын ховор элементийн орд саяхан олдсон. Гэвч үүнийг ашиглах хүртэл урт хугацаа шаардаж магадгүй юм.
Ордыг ашиглаж эхлэх хүртэлх 16 жилээс 12 жил нь хайгуулын үе шат байна. Хайгуулын энэ үе бол хамгийн их эрсдэлтэй хэсэг нь юм. Гэхдээ хангалттай хэмжээний түүхий эд байгаа тохиолдолд хайгуулыг үргэлжлүүлж хийсээр байх нь чухал. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд хайгуулын зардал 12 тэрбум ам.доллар болж, 2022 оны ойролцоо түвшинд хүрсэн. Хайгуулын нийт зардлын тал нь буюу 6 тэрбум ам.долларыг алт, 3.1 тэрбум ам.долларыг зэс, 0.8 тэрбум ам.долларыг лити хайхад тус тус зарцуулжээ.
Эх сурвалж: www.vdi-nachrichten.com