УИХ-ын өнөөдрийн чуулганаар /2024.04.19/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр 4т дүгээр сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой юм. УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
УИХ-ын чуулганд 40 гишүүн оролцсоноос 39 гишүүн уг хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна. Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлтэй байна. Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх арвижуулахад чиглэгдэнэ. Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Монгол Улсын иргэн бүр хуримтлалын нэрийн данстай байхаар зохицуулсан байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан "Монгол хүн, Монгол газар, баялагтаа эзэн байх түүний үр шимийг тэгш, шударга хүртэх эрх зүйн үндэс баталгаажиж байна. Өмнө нь Хөгжлийн сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан ч байгалийн баялгийн орлого, үр өгөөжөөс нь иргэдэд хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй тул баялгийн хулгай газар авсан. Баялгийн хулгайтай тэмцэх ажлыг Улсын Их Хурал, Засгийн газар манлайлж өнгөрсөн түүхэн 4 жилийн хугацаанд олон өөрчлөлтийг хийсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас нээлттэй сонсголуудыг зохион байгуулж нотлох баримтыг шинжлэн судалж энэ бодит байдлыг ил тод болгосон. Энэ бүхэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль бодитой хэрэгжих суурь нөхцөл болно. Монгол хүн бүрд баялгийн сан зориулагдах учиртай" хэмээн онцоллоо.