Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.04.26) "Оюутолгой" ХХК-иас эхний улирлын тайлан танилцууллаа. Тус тайлангийн хэсгээс хүргэе.
Далд уурхайн Босоо ам 2-ын өргөгч мотор, ил уурхайд гарсан экскаваторын төлөвлөгдөөгүй хүндрэлийн улмаас баяжуулах үйлдвэрт хүрэх хүдрийн хэмжээ буурсан. Эхний улиралд 10.6 сая тонн хүдэр баяжуулах үйлдвэрт хүргэгдэх байсан ч 10.3 сая тонн байсан. Үүнээс үүдэн 218 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх байсан бол 208 мянган тонныг үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 11 хувиар буурч 46 мянган тонн, үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 16 хувиар буурч 42.7 мянган унц болжээ.
Далд уурхайн хүдрийн хэмжээг нэмснээр зэс, алтны агуулга нэмэгдэнэ. Тухайлбал, 2024 онд нийт хүдрийн 17 хувь нь далд уурхайн хүдэр байхаар тооцож байна. Харин нийт баяжмал дахь зэсийн хэмжээний 50 хувь нь далд уурхайгаас гарсан. Улмаар 2028 он гэхэд нийт баяжуулах үйлдвэрт боловсруулагдах хүдрийн 50 хувь нь гүний уурхайн хүдэр эзэлнэ. Ингэснээр дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болохоор байна.
Эхний гурван сарын байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалт 3,890 м тууш хөндлөн малтлага хийж төлөвлөгөөгөө 140 м-ээр давуулан биелүүлсэн. Мөн гүний уурхайн газрын гадаргатай холбох туузан дамжуулгын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
2024 оны нэгдүгээр улиралд 580 сая орчим ам.долларыг үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулсан. Нийт худалдан авалтын 91 хувийг Монгол Улсад бүргэлтэй компаниудаас хийсэн.
Дотоодын зарцуулалт гэдэг нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хангахад чиглэсэн бараа материал, техник хэрэгсэл, ажилчдын цалин хөлс, татвар, хураамж зэргийг тооцдог.