Н.Ариунтуяа
Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан (2024.04.04) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ хоёр долоо хоногт хэлэлцэн (2024.04.19) баталлаа. Нэн яаралтай горим, Ерөнхий сайдын хуулийн төсөлтэй холбоотойгоор чуулганд хийсэн мэдээлэл, үргэлжлүүлэн Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг парламентын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдэл зэргийг эс тооцвол энэхүү чухал хуулийн төслийг батлахаас өмнө олон нийт ч олигтой анзаарсангүй. Парламентын гишүүдээс ч гоц гойд санал санаачилга гарсангүй. Гарсан ганц нэг нь сонгуулийн марафоны өмнө гэсэн шиг хэт популист, төрийн хүчтэй оролцоог улам бүр дөвийлгөсөн саналууд байсан ба түүнийгээ ч шигтгэж чадав. Парламентад суудалтай улс төрийн намууд хуулийн төсөлд санал нэгдэж, намын дарга нар гарын үсэг зурсан гэгдэж байгаа ч АН-ын байр суурь, УИХ дахь бүлгийн мэдэгдэл зэргээс харахад улс төрийн зөвшилцөл, тогтвортой байдал хангагдсан уу гэдэг эргэлзээтэй. Чуулганы оролцоог харахад УИХ-ын 40 гишүүний 39-ийн саналаар батлагдсан. Татгалзсан ганц нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. УИХ-ын гишүүдийн 44.4% оролцоогүй, бас УИХ-ын дарга яг хэлэлцүүлгийн үеэр баримтат киноны зураг авалттай эзгүй, чуулганд өдрийн од мэт харагддаг Засгийн газрын гишүүд бүгд ирсэн гэх мэтээр зөвхөн ирцтэй холбоотойгоор олныг задлан бичиж болох ч тэр бүхнийг үл өгүүлэн нэгэнт батлагдсан хуулиас цоо шинэ нэг л концепцийг лавшруулан хөндөхийг зорилоо.
Хуримтлалын сан буюу 27 дугаар тогтоол
Үндэсний баялгийн сан нь хуримтлуулах, хуваарилах, хөрөнгө оруулах гэсэн чиг үүрэг бүхий Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан болон Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэж байна. 1) Ирээдүй хойч үеийн иргэддээ байгалийн баялгаас хуримтлал үүсгэх “Ирээдүйн өв сан”, 2) өнөө үеийн иргэдэд байгалийн баялгаас хуваарилалт хийх “Хуримтлалын сан”, 3) хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх “Хөгжлийн сан”. Олон улсын туршлагаар баялгийн сан нь хуримтлалын, хөрөнгө оруулалтын, хуваарилалтын гэсэн зорилгын хүрээнд үндсэн чиг үүргээ гүйцэтгэдэг бөгөөд зарчмын хувьд эрс тэс ялгаатай дээрх зорилгуудыг нэг сан нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй тул ийн төрөлжсөн гурван сантай байхаар зохицуулжээ. Эдгээрээс “Ирээдүйн өв сан” болон “Хөгжлийн сан” нь манай улсад тэртээ тэргүй явж байсан болон явж байгаа үйл явц юм. Харин Хуримтлалын сан бол цоо шинэ концепц. Иргэн бүхэнд “хуримтлалын нэрийн данс” нээж, стратегийн ордын төрийн өмчийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийг иргэдэд шууд хуваарилах бодлогын цоо шинэ үзэл баримтлал хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнийг уул уурхайн үр өгөөжийг хэрхэн иргэн бүрт наалдуулж, тэгш хүртээмжтэй хуваарилах вэ гэсэн өнгөрсөн бүх хугацааны эрлийн үр дүн гэж хэлж болох юм. Уул уурхайн үр өгөөж иргэдэд хүртээмжгүй байна гэсэн олон жилийн ужгирсан шүүмжлэлд өгч буй хариу үйлдэл. Дагаад орон нутаг, иргэдийн зүгээс уул уурхайг эсэргүүцэж, үгүйсгэдэг нэг том үндэслэл хаагдах талтай. Үүнээс гадна уг зохицуулалтаар төрийн өмчит компанийн ногдол ашгийг сонгуулийн өмнө иргэдэд тарааж шоуддаг явдал зогсоно. Уул уурхайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд ашигтай ажилласан тохиолдолд хуулийн дагуу жил бүр ногдол ашиг хуваарилна гэснээрээ сонгуулийн улстөржилтөөс хамаарал гүй систем болгон хуульчилж чадлаа. Энэ бүх өнцгөөс харвал өнгөрсний алдааг сайтар бодож зассан чухал механизм юм. Тэгвэл хуваарилах механизмаасаа дутахгүй, илүү чухал, илүү ач холбогдолтой зүйл нь санд хөрөнгө төвлөрүүлэх бодлого. Сангийн эх үүсвэр урт хугацаандаа найдвартай, тогтвортой байх эсэхээс Хуримтлалын сан орших уу, эс орших уу гэдэг хамаарна. Бас баян сан байх уу, цаасан дээрх сан болж хувирах уу гэдэг ч шалтаална.
Хуримтлалын санг уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компанийн төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгаар санхүүжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд 34 хүртэл хувийг үнэ төлбөргүйгээр эзэмших зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулаад байна.
Улмаар стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг нээлттэй хувьцаат компани болгох, ингэхдээ нийт хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихийг хориглов. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсаны дараа 7 хоногт (2024.04.24) Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Ачит Ихт” компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т эзэмшүүлэх шийдвэр гарлаа. Эндээс харвал үйл явц ихээхэн хурдтай өрнөх бололтой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан чуулган дээр “Стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниуд Засгийн газар, УИХ-тай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Тухайлбал, Нарийнсухайтын нүүрсний орд дээр 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хугацаа нь дууссан. Цагаансуваргын ордыг 2014 онд төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэн УИХ-аар шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэрээ ҮХЦ-ээр оруулж шийдвэрлүүлэх алхам хийгдсэн. Төмөртэйн ордод 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хүний хувийн өмчийг хүчээр хураан авна гэхээс илүүтэй Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ажиллана. Тогтвортой байдлын гэрээний хугацаа нь дууссан бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн санд үр өгөөжөө өгөх боломжийг бүрдүүлнэ” хэмээн тайлбар өгсөн. Тэгвэл Д.Амарбаясгалан сайдын яриад байгаа хуулийн хүрээнд ажиллаж, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтооно гэдэг нь УИХ-ын 27 дугаар тогтоолыг хэлж буй бололтой. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн чуулган дээр яригдсан.
27 хэмээх УИХ-ын тогтоол 2007 онд батлагдсан юм. Тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай энэ тогтоол хоёр хавсралттай. Нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн орд газарт хамааруулахдаа Эрдэнэтийн зэс-молибдений орд болон Тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн Овооны цайрын орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалсугай гэсэн бол хоёрдугаар хавсралтад нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан. Мөн стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай гэсэн байдаг. Нэг удаагийн жагсаалт бус, аль нэг ордын нөөц дуусахад хасагдаад, шинээр нээгдвэл стратегийн ордод нэмж бүртгээд явна гэснээрээ уул уурхайн салбарын хөгжлийг хамгийн их гажуудуулах үзэл санаа агуулдаг. Тогтоол ёсоор, Монгол Улс өдгөө стратегид багтсан 16 орд, түүний цаана 39 нэр дэвшигчтэй. 2015 онд Гацууртыг стратегийн ордод нэмж бүртгэсэн, Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаар УИХ-ын шийдвэрүүд гарсан. Үүнээс өөрөөр тогтоолд заасан агуулгаар ямар нэг ажил хийгдэж, тодорхой шийдвэр гараагүй 17 жил улирсан билээ.
Хуримтлалын санд ногдол ашиг төвлөрүүлэх стратегийн ордууд хэн бэ?
Энэхүү жагсаалтаар “Эрдэнэс Монгол” нэгдэлд Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй, Оюутолгой, Эрдэнэт, Асгат гэсэн 7 орд хамаарч байгаа. Үүн дээр ураны 3 орд нэмэгдэхээр стратегийн 16 ордын 10 нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдэлд байна. УИХ-аас баталсан 2007 оны жагсаалтад ураны 3 ордыг нэрлэсэн хэдий ч Цөмийн энергийн хуулиар уран нь нөөцийн хэмжээ их багаас үл хамааран стратегийн ордод тооцогдоно. Ураны салбар дахь төрийн оролцоог удирддаг “Мон-Атом”-ыг “Эрдэнэс Монгол” 100 хувь эзэмшдэг. “Мон-Атом” одоогоор ураны төсөл хэрэгжүүлэх гурван хамтарсан компанид хувь эзэмшиж буй бөгөөд “MoнЧех Ураны” 51 хувь, “Бадрах Энержи”-гийн 34 хувь (ЗөөвчОвоо, Дулаан-Уул, Өмнөт ураны орд), “Гурвансайхан”-ы 15 хувийг эзэмшиж байна. Эдгээрээс Зөөвч-Овоо ураны орд дээр Францын “Орано групп”-тэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар 2023 онд нэлээд эрчимтэй ажилласан ч одоо эрч нь суларчихаад байгаа. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар “Орано”-той хэлэлцэж буй ХоГ-ний урьдчилан тохиролцсон нөхцөлүүд өөрчлөгдөж таарна. Асгатын ордын хувьд эдийн засгийн эргэлтэд ороогүй, оруулахад ч маш ярвигтай. Эдгээрээс үйл ажиллагаа явуулж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”. “Багануур”, “Шивээ-Овоо” нь алдагдалтай ажилладаг, толгой компанидаа ашиг хуваарилж үзээгүй, энэ байдлаараа ашиг хуваарилах ч боломжгүй. Оюутолгойгоос хэзээ ногдол ашиг авах нь тодорхойгүй. Тэгвэл үлдэж буй “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” л өнөөхөндөө ногдол ашиг хуваарилах боломжтой байна. Нөгөө 6 буюу Бүрэнхааны фосфоритын орд, Гацууртын алтны орд, Цагаансуваргын зэс, ТөмөртэйнОвооны цайр, Нарийнсухайтын нүүрсний ордууд хувийн хэвшлийн эзэмшилд байгаа. Үүнээс Бороогийн ордын нөөц дууссан. Бүрэнхааны фосфоритын орд, Гацууртын алтны орд эдийн засгийн эргэлтэд орох нь ихээхэн эргэлзээтэй. Улс төр, нийгмийн асар их эсэргүүцэлтэй ордууд. Цагаансуваргын хувьд бүтээн байгуулалт нь явж байгаа хэдий ч Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын асуудал нь юу болж хувирахыг өнөө таахад бэрх. Компаниудаар нь тоочвол, Нарийнсухайтын орд дээр МАК, “Өсөх зоос”, “Саусгоби ресурс”, Төмөртэйн-Овооны цайрын орд дээр “Цайртминерал” ХХК, Тавантолгойн орд дээр “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Энержи Ресурс”, “Саусгоби ресурс” нь Хонконгийн бирж дээр бүртгэлтэй нээлттэй компаниуд. “Саусгоби ресурс”, “Цайртминерал” нь гадаадын хөрөнгө оруулалттай. “Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг, үлдсэн 49 хувийг 23 орны иргэд, аж ахуйн нэгж эзэмшдэг. МАК, “Өсөх зоос” нь үндэсний аж ахуйн нэгжүүд.
Нөөц тогтоогдсон ордуудыг 27 дугаар тогтоолын хүрээнд авч үзвэл юу болох вэ?
Цаашид Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс дээр дурдсан гадны хөрөнгө оруулалттай болон хувийн хэвшлийн компаниудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох асуудал өрнөх бололтой. Эндээс асар олон асуулт урган гарч байна. Эн тэргүүнд эдгээр хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт орвол явж байсан төслүүдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ? Нөхөн төлбөрийн асуудал яригдах уу? Бирж дээрх компаниудын хувьд юу тохиолдох уу? Энэ нь ямар үр дагавартай вэ, юунд хүргэх вэ? Улмаар стратегийн 16 орд дээр нэмээд 39 болон шинээр нээгдсэн, нөөц тогтоогдсон ордуудыг 27 дугаар тогтоолын хүрээнд авч үзвэл асуудал юу болж хувирах вэ? Өнгөрсөн бүх хугацааны турш уул уурхайн салбарын хөгжил, тогтвортой байдлыг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчны өөрчлөлт яригдах бүрт стратегийн орд гэдэг ойлголтоос татгалзах, нэгэнт хамааруулсан 16 ордоор стратегийн ордын зохицуулалтыг хязгаарлах ёстой гэсэн үзэл санаа гүнзгий байсан билээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн гэх гуншин зүүх ордын жагсаалт нэмэгдэх, уг тогтоолоос хойш нээгдэж, нөөц бүртгэгдсэн ордуудыг нэмж бүртгээд явахтай холбоотой шинэ зохицуулалт гарч салбарыг бужигнуулах нь гэсэн ойлголт бий болж, уул уурхайн салбарынхан, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад айдас түгшүүр төрүүлж эхлээд байна. Улмаар Монголд зөвхөн төрийн өмчит уул уурхай явах юм байна, төр маш хүчтэй оролцоотой байх нь гэсэн мессэж хүчтэй тархаж эхэлж байгаа нь маш аюултай юм. Төр засгийн хэт оролцооны цаана хөрөнгө оруулалт татах боломжууд хаагдах, хөдлөх гэж байсан төслүүд гацах, бизнесийн хувьд ашигтай ажиллах боломжууд заамдуулах магадлалтай. Өнөөдрийн нүүрсний орлогодоо эрдсэндээ төрийн супер оролцоог хэт өөгшүүлж байгаа нь уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалт хэмээх хоёр том баганын үүрэг оролцоог сулруулна. Улмаар үндэсний компаниудын үйл ажиллагааг давхар боомилоод эхэлж болзошгүй юм. Үүний цаана асар олон монгол хүний бизнес, ажлын байраа алдах асуудал яригдана.
Хуулийг хийхдээ зөвхөн өнөөдрөө харж, хэдхэн орд, уурхай руу чиглэсэн явцуу эрх ашгаар хандаж сэтгэвэл бусад төсөл, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хөгжил, алс ирээдүйд асар сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Үүний сонгодог жишээ болох 2011-2012 оны их өсөлтийн дараа гаргасан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай нэгхэн жилийн настай хуулийг санахад илүүдэхгүй юм. Уул уурхайн үр өгөөжийг нийтэд хүртээлтэй болгох, иргэн бүхэнд наалдуулах гэсэн асар чухал үзэл санаа хэрэгжихдээ зорилгоосоо эсрэг үр дүн авчрах вий. Уул уурхайн төслүүдийг гацааж, хөрөнгө оруулалтыг зогсоогоод зогсохгүй бүр үргээх, цаашлаад эдийн засаг тогтож буй ганц салбараа дэгээдэж унагах, эдийн засгаа хямраах эрсдэлтэй. Үүнийг нуухаа авах гээд нүдээ сохолно гэж монголчууд ярьдаг билээ. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн супер оролцоог хэт дөвийлгөхөөс илүүтэй хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн 3 тулгуурын тэнцвэрийг алдагдуулахгүй бодлогыг давхар агуулж явахгүй бол цаашдаа уул уурхайн салбарт зөвхөн төр засаг л үлдэж мэднэ. Энэ тэнцвэрийг алдвал гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн үг. Уул уурхайн салбар хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломжгүй. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол шинэ орд нээгдэхгүй. Шинэ орд нээгдэхгүй бол уул уурхайн салбарын хөгжил тэлэхгүй. Уул уурхайн салбар тэлж хөгжихгүй бол Баялгийн сан баян болохгүй. Баялгийн сан хэзээ баян байх вэ гэвэл уул уурхайн салбар хөгжин тэлж, тэрхүү тэлэлт нь ирээдүйн боломжуудад үргэлж нээлттэй байснаараа баян бөгөөд тогтвортой байх юм.
Майнин Инсайт сэтгүүл