Э.МИШЭЭЛ
Өчигдөр "Спепп Гоулд" компанийн Санхүү хариуцсан захирал Жереми Саут "Бороо Гоулд" компанийг худалдаж авах тухай мэдээлэл хийжээ. Тэрээр зургаадугаар сарын 24-нд хувьцаа эзэмшигчдийн дунд тус компанийг худалдаж авах санал хураалтыг явуулахаар төлөвлөсөн гэсэн байна.
Хэрэв санал асуулга амжилттай болсон тохиолдолд "Степп Гоулд" компанийн гаргасан болон эргэлтэд байгаа энгийн хувьцааны ойролцоогоор 55.9 хувийг "Бороо Сингапур" компани эзэмших юм. Энэхүү хэлцэл нь мөнгөн урсгалыг бий болгож, санхүүгийн чадварыг дээшлүүлнэ гэж үзжээ. Цаашид Алтан цагаан овоо алтны уурхайн 2-р үе шатны хайгуул, төслийн санхүүжилт, олборлолт хийх нөхцөлөөр хангахаар байгааг дурджээ. Түүнчлэн Перу Улс дахь Tres Cruces төслийг худалдсанаар Монголд илүү анхаарал хандуулах боломжийг олгоно гэж Саут нэмж хэлсэн байна.
Степп Гоулд өнгөрсөн онд 67,315 унц алт олборлож, 132 сая ам.долларын орлого олсон. Харин Бороогийн алтны уурхай 2003 оноос хойш 1 тэрбум ам.долларыг татвар хураамж, цалин, дотоодын үйлчилгээ, худалдан авалтад зарцуулжээ.