Биржээр зэс, дараа нь...

Э.МИШЭЭЛ

- Ил тод байдалд “онцгой” үүрэгтэй бирж

Ирэх 2025 онд Монгол Улсын зэсийн баяжмалын экспортын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 40 гаруй хувиар өсөх төлөвтэй. Үүнээс 630 мянга орчим тонныг биржээр арилжаалах бэлтгэлийг хангаж байна. Ингэснээр экспортын эрдэс түүхий эдийн талаас илүүг биржээр арилжаалах боломж бүрдэнэ. Ингэж эергээр хүлээж авах шалтгаан бий. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүн (УУБ)-ийг биржээр арилжаалж эхэлснээр мэдээлэл ил тод болсон. Үүнд ч олон нийтийн зүгээс таатай хандлагатай байна. Энэ нь нэг талаас нүүрсний сонсголын дуулианы нөлөө ч гэлээ нөгөө талаас биржийн арилжааны цаг алдалгүй хүрдэг тоон мэдээлэлтэй холбоотой юм. Үүнээс гадна нүүрсийг биржээр арилжаалахаас өмнө аль улсын, ямар компаниуд худалдан авдаг нь тодорхойгүй байв. Тэгвэл энэхүү ил тод болж буй мэдээллийн ачаар БНХАУ, Сингапур зэрэг улсын 270 гаруй компани Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д нүүрс голлон бусад түүхий эдийг авахаар бүртгүүлснийг мэдэж авлаа. Эндээс биржийн арилжаа нь уул уурхайн салбарын ил тод байдалд “онцгой” үүрэгтэй нь харагдана. Харин тун удахгүй зэсийг биржээр арилжаалж эхлэх гэж байна. Зэсийн арилжаатай холбоотойгоор ямар үйл явц өрнөх вэ? Биржийн арилжаанд цаашид ямар оролцогчид орж ирэх дүр зурагтай байна вэ?

Зэсийн арилжааг яагаад Эрдэнэт эхлүүлэв?

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар төрийн хамаарал бүхий компани биржийн арилжаанд оролцох үүрэгтэй. Иймээс өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ гэсэн компаниуд нүүрс, төмрийн хүдэр, жоншийг Монголын хөрөнгийн биржээр борлуулж байна. Үүн дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэмэгдэхээр боллоо. Тус үйлдвэрийн зэс, молибдений баяжмалыг Засгийн газрын 223 дугаар тогтоолын нэмэлтээр “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д (2024.02.28) оруулсан. Дээрх хоёр бүтээгдэхүүнийг арилжаалах доод үнийг Лондоны металлын биржээр зарлагдаж буй тухайн сарын үнээс багагүй байхаар тогтжээ. Уг шийдвэртэй холбоотойгоор УУХҮЯ, МХБ хамтран “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” хэлэлцүүлгийг (2024.03.18) зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр салбарын сайд Ж.Ганбаатар зэсийн баяжмал борлуулах туршилтыг зургаан сарын хугацаанд хийнэ. Эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцоно гэдгийг хэлсэн. Харин зэсийн арилжаанд оролцох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд “Манай бүтээгдэхүүн Хятадын тавьдаг шаардлагад бүрэн нийцдэг. Хорт бодисын хэмжээ маш бага. Гэсэн хэдий ч өөрийн аттестатчлагдсан, хөндлөнгийн лабораторийн сацуу дахин лабораторид шинжлүүлэх шаардлага тавьбал дургүйцэхгүй” гэдгээ тус үйлдвэрийн Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрэв хэлсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” өнөөг хүртэл бүтээгдэхүүнээ борлуулахдаа баримталдаг зарчим нь 95 хувийн төлбөр шилжүүлсний дараа ачилт эхлүүлдэг байжээ. Тэгвэл биржээр борлуулснаар төлбөрийг 100 хувь гүйцэтгэсний дараа худалдан авагч руу илгээхээр болжээ. Мөн төлбөрийг банкаар шилжүүлэх нь эрсдэлийг бууруулж, мөнгөний эргэлтийг түргэтгэхийг үйлдвэрийн удирдлагууд хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн. Туршилтын арилжааны хугацаанд нэг багц бүтээгдэхүүний хэмжээг харьцангуй бага буюу 2000 тонн гэж тооцож байна. Биржээр шинэ бүтээгдэхүүн арилжаалах болсонтой холбоотой хэлэлцүүлэгт БНХАУ, ОХУ, АНУ, БНЭУ, Австрали, Канад, Хонконг, БНЧУ зэрэг 10 гаруй орны 200 гаруй төлөөлөгч танхим болон цахим хэлбэрээр оролцсон юм.

Биржээр борлуулах нь орлогод нөлөөлөх үү?

Биржийн арилжаанд оролцох нь орлогод нөлөөлөх үү гэдэг асуулт компаниудын хувьд хамгийн түрүүнд тавигдана. УУХҮЯ-ны зүгээс АМНАТ-ийг биржээр арилжаалсан хэлцлийн үнээр тооцож авна гэдгийг хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн. Үүнээс өөр шинэ татвар, төлбөрийн нөхцөл үүсэхгүй гэж ойлгож болохоор байна. Харин МХБ уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бүрд журмынхаа дагуу 0.1 хувийг суутгадаг. Үүн дээр нэмэгдэж брокер үйл ажиллагааныхаа зардлыг тооцох юм. Хөрөнгийн биржийн арилжааны нэг оролцогч болох брокерууд одоогоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцоогүй байгаа. Гэхдээ тун удахгүй оролцоно гэдгийг брокер компаниудын зүгээс мэдээлж байна. Биржийн арилжааны зуучлагч буюу брокер биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг компаниудын нэрийн өмнөөс худалдах, худалдан авах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Өнөөгийн байдлаар МХБ-д “Ти Ди Би” Секьюритис ҮЦК ХХК, Голомт Капитал ҮЦК ХХК, БиДиСек ҮЦК ХК, Ард Секюритиз ҮЦК ХХК гэсэн дөрвөн компани албан ёсоор гишүүн болжээ. Биржийн тухай хуулийн дагуу арилжааны гэрээг бүртгэх, хэрэгжилт хангах үүргийг брокерууд хариуцна. Одоогоор (2024.03.25) энэ үүргийг МХБ гүйцэтгэж байна. Брокер компаниуд уул уурхайн бүтээгдэхүүний худалдах, худалдан авах ажиллагааг хариуцснаар өөрсдийнхөө үйл ажиллагааны зардлыг тооцож авна. Үүнийг МХБ зохицуулах юм. Өмнөх жилийн туршлагаас харвал МХБ-ийн 0.1 хувийн суутгал 2.2 сая ам.доллар болжээ. Гэхдээ энэ нь хэлцлийн өссөн дүнгийн хажууд бага тоо юм. Өнгөрсөн онд 2.2 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийсний 150 сая гаруй ам.доллар нь дуудлага худалдааны үнийн өсөлтийнх байжээ. Энэ нь арилжаа оролцогч талуудад ашигтай байсныг илтгэж байна. Нөгөөтээгүүр компаниудад дарамт учруулаагүй нь оролцсон байдлаас ажиглагдана. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль (2023.06.30) албан ёсоор хэрэгжсэнээс хойш хувийн хэвшлийн “Энержи Ресурс” ХХК хамгийн их буюу 108 удаагийн амжилттай арилжаа хийсэн. Тэд он гарснаас хойш нэг удаагийн арилжааны хэмжээгээ 12,800-19,200 тонн болгон нэмээд байна. Тус компаниас гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нэг удаад 1 сая тонноос дээш хоёр ч дуудлага худалдаанд амжилттай оролцов. Хэдийгээр 2024 оны нэгдүгээр сараас БНХАУ чөлөөт худалдааны гэрээгүй Монгол зэрэг улсуудаас нүүрсний импортын татвар авч эхэлсэн ч дуудлага худалдаа амжилттай явж байна. Зэсийн өөр нэг үйлдвэрлэгч “Оюутолгой” ХХК биржийн арилжаанд оролцохын тулд эхлээд судална гэдгээ PDAC 2024-ийн үеэр илэрхийлсэн. Хуулийн зохицуулалтаар бол төрийн оролцоотой хуулийн этгээд биржээр бүтээгдэхүүнээ борлуулна. Иймээс “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК эзэмшдэг учир хуулийнхаа дагуу арилжаанд оролцох боломжтой юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оффтэйк гэрээнүүдээ дуусгасны дараагаас бүх бүтээгдэхүүнээ биржээр борлуулна гэсэн төлөвтэй байна. Харин “Оюутолгой” ХХК хувьд энэхүү шийдвэр одоогоор нээлттэй хэвээр байна.

Биржээр зэс, дараа нь... уран

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад Монгол Улс найман төрлийн эрдэс түүхий эд экспортолдог. Үүнээс чулуун нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, жоншны хүдэр, баяжмал, хүрэн нүүрс гэсэн дөрвөн бүтээгдэхүүнийг биржээр борлуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Үүн дээр нэмж зэс болон молибдений баяжмалыг экспортолсноор уул уурхайн бүтээгдэхүүний ихэнхийг биржээр арилжаалж эхэлнэ. Арилжаалагдаж эхэлнэ гэхийн учир нь өнөөдөр (2023.03.25)-ийн байдлаар МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний дуудлага арилжааны хуваарьт зэсийн баяжмал, молбидений баяжмал гэсэн бүтээгдэхүүний мэдээлэл бичигдээгүй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцохын тулд дор хаяж 7 хоногийн өмнө захиалга өгөх ёстой. Зэсийг амжилттай арилжаалахын тулд МХБ-ээс (2024.03.22) худалдан авагч компаниудад биржийн сургалт зохион байгуулсан. Зэсийн хэрэгцээ Хятад төдийгүй олон улсад эрэлттэй байгаа энэ үед зургаа дахь том нөөцтэй орны хувьд Монгол Улс арилжаанд хариуцлагатай хандах учиртай юм. Биржийн арилжааны өдөр тутмын мэдээлэл, мөрдөх журам, төлбөр тооцоонд баримтлах журам зэрэг бусад холбоотой мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн сайт (mse.mn)-ын Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа цэсээр орж харах боломжтой. Уул уурхайн биржийн тухай хууль одоогоор хэдийнэ худалдан авагчаа олчихсон бүтээгдэхүүнд хэрэгжиж байна. Харин манай улс уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Үүнд газрын ховор элемент, нүүрсний давхаргын метан хий, ураныг нэрлэж болно. Эдгээрээс газрын ховор элементийг боловсруулагч ганц гэж хэлж болохоор улс нь Хятад. Түүнчлэн нүүрсний давхаргын метан хийн компаниудын хувьд урд хөршийн компанитай хоолой тавьж экспортлох нь ашигтай гэдэг. Тэгвэл ураны хувьд худалдан авагч гарч ирсэн тохиолдолд аль ч улс руу экспортолж болно хэмээн “Бадрах Энержи” ХХК мэдэгддэг. Шинээр эхлэх төслүүдээс биржээр борлуулж болох бүтээгдэхүүн нь уран байж болохоор байна. Цаашилбал гуравдагч хөрш рүү нийлүүлэх боломжтой нь харагдана. Гэвч үүнээс урьтаж 2024 онд зэсийн баяжмалын арилжаа амжилттай явах нь чухал байна. Биржээр арилжаалах нөхцөл нь бүрдсэн ч ойлгомжгүй үлдсэн бүтээгдэхүүн бол жонш. Жоншийг (2023.09.15) арилжаалах цан цохисон. (2023.10.30) “Монголросцветмет” ТӨҮГ нэг удаа оролцохоор хүсэлт ирүүлсэн ч худалдан авагчдаас үнийн санал ирээгүй. Түүнээс хойш дахин жоншийг арилжаалах хуваарь гараагүй байна. Угтаа Монгол Улс өнгөрсөн жил түүхэндээ байгаагүй их хэмжээний буюу 1 сая гаруй тонн жонш экспортолсон. Он гарснаас хойш 2023 оны мөн үеийнхээс өсөлттэй явна. Гэтэл биржийн арилжаа нь анхаарал татахгүй байгаа нь хачирхалтай. Биржийн арилжаа бол ил тод байдалд чухал үүрэгтэй. Энэхүү чухал үүргийг тодруулах нь компаниудын хандлагаас ихээхэн хамаарч байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Гуравдугаар сар 2024, №3 (028)