Э.МИШЭЭЛ
11 дэх удаагийн "Монголын эдийн засгийн чуулган 2024"-ийн хоёр дахь өдөр эхэлж байна. Өнөөдөр Нэгдсэн хуралдаанаар "Хотын реформ", "Банкны салбар дахь реформ" гэсэн хоёр сэдвийн дагуу оролцогчид Төрийн ордонд чуулна. Үүнээс гадна Төрийн ордон, Чингис Хаан музейд салбар хуралдаанууд явагдана. Салбар хуралдааны гол сэдвээр "Үндэсний баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага"-ыг нэрлэж байна. Хэлэлцүүлгийн модератороор Tenger Tv-ийн Гүйцэтгэх захирал А.Ундрал, панелистуудаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Хууль эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ, эдийн засагч С.Баярцогт, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такач, StoneX Group компанийн Ази, Номхон далайг хариуцсан Гүйцэтгэх захирал Грегори Каллиникос, МЭЗЧ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг нар оролцоно.
Өчигдөр МЭЗЧ-ныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, бүсчилсэн хөгжлийн асуудлыг олон талаас нь хэлэлцэж, улс төрийн намууд, иргэд, ААН, ТББ-ууд нэгдсэн ойлголтод хүрснийг онцоллоо. Мөн гадаад валютын улсын нөөц 2024 оны тавдугаар сарын байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Импортын тээврийн зардал буурч, валютын ханш тогтворжиж, төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжсэний нөлөөгөөр 2022 онд 16.9 хувьд хүрээд байсан инфляц тавдугаар сард 5.7 хувьтай болсон гэв. Түүний мэндчилгээний дараа Нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн бодлого" сэдвээр хуралдсан. Хуралдааны үеэр УИХ-д хамгийн олон суудал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар хамтарсан Засгийн газар байгуулах тухай өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Харин Чингис Хаан музейд "Хөрөнгө санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж", "Уур амьсгалын хөрөнгө оруулалт", "Элчин сайд нарын дугуй ширээний уулзалт", "Эрсдэлийн менежмент-Бидний авсан сургамж", Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн коридор" гэсэн салбар хуралдаан, үндсэн хэлэлцүүлгүүд явагдсанаар энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулган өндөрлөнө.