Zijin Mining-ийн охин компани Канадын шүүхэд хандав

Э.МЯГМАРСҮРЭН

Канадын Засгийн газар зэс, лити, никель зэрэг 31 ашигт малтмалыг орчин үеийн технологи, эрчим хүчний шилжилтэд, ялангуяа цахилгаан автомашины батарейн стратегид чухал ач холбогдолтой гэж үздэг. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг хянаж байх нь хамгаалалтын арга хэмжээ гэж мэдэгддэг юм.  

Канадын критикал минералын салбарт Хятадын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт хэтэрхий их байгаа учир үүний эсрэг тус улс хатуу бодлого баримтлан ажиллаж байна. Хятадын зэс, алтны олборлолтоор тэргүүлэгч Zijin Mining Group-ийн охин компани Jinteng Mining нь өнгөрсөн тавдугаар сард Перу дахь Pan American Silver-ийн Ла Арена дахь алтны уурхайн хувьцааг 245 сая доллароор, 50 сая долларын нэмэлт төлбөрийн сонголттойгоор худалдаж авсан. Үүний дараа Канадын Аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампан гэрээг "Үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулж болзошгүй" гэж үзэн зургаадугаар сарын сүүлээр хуулийн дагуу албан ёсоор хянуулах талаар Jinteng Mining-д мэдэгдэл хүргүүлжээ.  

Тэгвэл Jinteng Mining нь энэхүү гэрээтэй холбоотой тус шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Хэлэлцээр хэдийгээр Канад дахь Пан Америкийн салбар компанид харьяалагдах ч зорилтот компаниуд болон хөрөнгө оруулалтын байршил Перуд байгаа учир "Үндэсний аюулгүй байдлын тухай ахин шалгах" актад заасан "Канадын бизнес"-тэй холбоогүй гэж үзжээ. 

Мөн Ла Аренагийн гэрээнд Үндэсний аюулгүй байдлын хяналт шалгалт хийхийг Канадын сайд тушаах нь “Үйл ажиллагааны хувьд шалтгаангүй, тодорхойгүй тайлбар дээр үндэслэсэн тул хуулийн хувьд буруу, харьяалалгүй шийдвэр” гэж өргөдөлдөө мэдэгджээ.

2022 оноос хойш Канад Үндэсний аюулгүй байдлын асуудлаас үүдэн Хятадын бал чулуу, лити, зэсийн хөрөнгө оруулагчдаас татгалзах үйл ажиллагаа эхлүүлсэн ч төдийлөн амжилт олохгүй байгаа юм. 

Эх сурвалж: mining.com