Өмнөд Африкийн Gold Fields нь Канадын Osisko Mining компанийг 1.6 тэрбум ам.доллароор худалдан авсан нь металлын зах зээл дэх худалдан авалтын дээд амжилтыг эвдсэн үнэд тооцогдож байна. Хоёр жилийн өмнө Канадын алт олборлогч Yamana Gold компанийг худалдаж авах гээд Gold Fields чадаагүй. Тэгвэл Өмнөд Африкийн компани Торонтогийн хөрөнгийн бирж дээрх Osisko Mining компанийн энгийн бүх хувьцааг тус бүрийн 4.90 канад доллароор худалдаж авахаар тохиролцжээ. Үүний үр дүнд хоёр компанийн 50/50 хувьтай эзэмшдэг байсан Windfall төслийн цорын ганц эзэмшигч нь Gold Fields болж буйгаа зарлалаа.
Канадын Квебек мужийн нутаг дэвсгэрт байрладаг Windfall нь алтны хайгуулын үе шатанд хэрэгжиж буй төсөл юм.
Osisko Mining-ийн Гүйцэтгэх захирал асан Жон Бурзински “Компанийн удирдлагыг Gold Fields-д шилжүүлж байгаадаа баяртай байна. Бид есөн жилийн хугацаанд Windfall-ийг дэлхийн хэмжээнд хамгийн том, хамгийн өндөр зэрэглэлийн алт олборлох төслүүдийн нэг болгосон. Windfall дахь манай хамтарсан үйлдвэрийн түншийн хувьд Gold Fields нь Квебект буй бүх оролцогч талуудтай байгуулсан бат бөх харилцааны ач холбогдлыг ойлгодог, уг төслийн үйл явцыг хамгийн сайн мэддэг гэж хэлж болно. Түүнчлэн Gold Fields нь аюулгүй, хүртээмжтэй, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Бидний хамтын ажиллагааны туршид Gold Fields нь Квебекийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гол тулгуур төслийг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд ч мөн ээлтэй хандаж, тогтвортой хариуцлагатай гэдгээ батлан харуулсан” хэмээн илэрхийлжээ.
2023 оны тавдугаар сард Windfall төсөлд Osisko Mining 800 сая гаруй канад долларын хөрөнгө оруулжээ. Үүнээс хойш хамтран эзэмших хугацаандаа Gold Fields болон Osisko Mining компаниуд тус бүр 158 сая канад доллар зарцуулсан байна. Өнөөдрийн байдлаар нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум канад доллароос давсан үзүүлэлттэй аж.
Gold Fields нь 2026 оны сүүлч, 2027 оны эхээр Windfall төслийн уурхайн олборлолтыг эхлэхээр төлөвлөжээ. Жил бүр ойролцоогоор 300 мянган унц алт олборлох боломжтой гэж тус компани тооцоолж байна.