“Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Батсүх чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

С.БОЛД-ЭРДЭНЭ

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх өөрийн хүсэлтээр ТУЗ-ийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгч, тэтгэвэртээ гарахаар болсон байна. Энэ тухайгаа өнгөрсөн сард компанийн нийт ажилтнуудадаа захидал илгээж мэдэгджээ. Тэрбээр захидалдаа “Оюу толгой эдүгээ улс орныхоо томоохон экспортлогч, нийгмийн баялаг бүтээгч бөгөөд хөгжил дэвшлийн урт хугацааны түншлэгч болсон төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц уул уурхайн компаниудын нэг болох замдаа эргэлт буцалтгүй ороод байна. Манай хувьцаа эзэмшигчид маань харилцаа, хамтын ажиллагааныхаа байр суурийг нэгтгэж, харилцан ашигтай ажиллах зарчим, харилцан итгэлцлээ улам бүр бэхжүүлж байна. Түүнчлэн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өнгөрсөн онд компанийнхаа бизнесийн хөгжлийн ирэх 25-30 жилийн шинэчилсэн стратегийг баталсан юм. Уг стратегийн зүрхэнд уурхайн талбай дээр болон Ханбогдод өдгөө ба ирээдүйд хамт олон маань амьдарч, ажиллах таатай орчин нөхцөлийг иж бүрэн бүрдүүлэх бодлого тусгагдсаныг энд онцлон тэмдэглэхэд таатай байна. Оюу толгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замд итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа сэтгэл амар шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно” хэмээн дурдсан байна.

Г.Батсүх нь 2010 оны 6 дугаар сард “Оюутолгой” компанийн анхны ТУЗ байгуулагдахад ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн даргаар томилогдож байсан. Тухайн үед “Оюутолгой” компанийн 66 хувийг Канадын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшиж, түүний 30 орчим хувийг “Рио Тинто” эзэмшиж байв. Г.Батсүх нь Канадын компанийн төлөөлөл болон ТУЗ-д томилогдож байсан юм. 

2023 оны гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар Оюутолгойн Гүний уурхайн үйл ажиллагааг нээсэн. Уг үйл явдлын дараа ТУЗ-ийн даргын албаа хүлээлгэн өгөх талаар бодож эхэлсэн гэдгээ Г.Батсүх захидалдаа мөн онцолжээ. “Оюутолгой” компани бол гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай, амжилттай хэрэгжиж буй анхны мега төсөл. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн хувь нийлүүлэгч талууд багагүй асуудлуудтай тулгарч, хоорондын үл ойлгоцол ч бий болж байсан. Энэ бүх асуудлуудыг харилцан тохиролцож шийдвэрлэх, хөрөнгө оруулагч компаниуд болон Монголын Засгийн газар хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд Г.Батсүх даргыг маш чухал нөлөө үзүүлсэн хэмээн ТУЗ-ийн үе үеийн гишүүд нь үнэлж байна.

Удахгүй болох “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар холбогдох шийдвэр гарч, ТУЗ-ийн шинэ дарга 11 дүгээр сард ажлаа хүлээн авах хүлээлттэй байна. 

2012.12.286 Оюутолгойн баяжуулах үйлдвэр нээлт