Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт гаргасан байна.
Төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндрөөр төлөвлөж байна.
Төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндрөөр төлөвлөж байна. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийг өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 6.2 их наяд төгрөг буюу 20.2 хувиар өсөхөөр төлөвлөжээ. Нийт орлого тусламжийн ДНБ-д эзлэх хувь 38.8 хувь болж 2017-2024 оны дундаж 32.9 хувиас 5.86 нэгж хувиар, өмнөх oнooс 1.3 нэгж хувиар өсөхөөр байна. 2017 онд төсвийн нийт орлого, тусламжийн ДНБ-д эзлэх хувь 29.3 байсантай харьцуулахад 9.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Манай улсын нэгдсэн төсвийн орлогын гуравны нэг нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварын орлогоос бүрддэг бөгөөд энэ нь зэс, нүүрсний экспортын хэмжээ, үнийн түвшингээс ихээхэн хамааралтай бөгөөд 2017 оноос хойш цар тахлын үеийг эс тооцвол тус салбарын гадаад, дотоод эдийн засгийн орчин эерэг байгаа нь энэ нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа тул болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай.
Олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг төсвийн төсөлд дурдагдсанаас доогуур таамаглаж, зэсээс бусад голлох түүхий эдийн үнэ ирэх жилүүдэд буурах хандлагатай талаар мэдээлж байгаа учир төсвийн орлогын төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай байна.
Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг тооцохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3.а-д заасны дагуу “… Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 20, 19, 18 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараах гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох” мөн хуулийн 11.1.3.б-д заасны дагуу “… гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн тооцоонд алтны тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах жилүүдийн дундаж үнийг тусгахдаа эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас гаргасан статистикт тусгасан үнийн дунджаар тооцох” бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой.
Өргөн мэдүүлсэн төсөлд 2025 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 7,491.7 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 129 ам.доллар байхаар төсөөлжээ. Харин алт, төмрийн хүдэр зэрэг бусад гол нэрийн бүтээгдэхүүний үнийн төсөөллийн талаар болон 2026, 2027 онуудын тэнцвэржүүлсэн үнийн төсөөллийн талаар дурдаагүй байна.
Эх сурвалж: ТТБЗ