Трампын захиргаа ураныг АНУ-ын критикал минералын жагсаалт оруулахыг дэвшүүлжээ

2011 онд болсон Японы Фукушима АЦС-ын аваараас хойш дэлхий дахинаа цөмийн эрчим хүчний салбар эргэн сэргэж байна. Цөмийн эрчим хүч, АЦС-ыг ногоон эх үүсвэр гэж зарим орнууд үзэж буйтай холбоотой. Улмаар сүүлийн жилүүдэд ураны үнэ харьцангуй өсөлттэй байгаа юм. Тухайлбал өнгөрсөн оны эхээр ураны үнэ 106 ам.долларт хүрч нэмэгдсэн.      

Тэгвэл дахин сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас  ураныг нэн чухал ашигт малтмалын ангилалд оруулахад дэмжлэг үзүүлж байна. 

АНУ-ын Геологийн албанаас (USGS) ураныг шаардлага хангахгүй "түлшний ашигт малтмал" гэж үзэн 2022 онд тус улсын чухал ашигт малтмалын жагсаалтаас хассан. Энэ сарын 20-нд гаргасан "Америкийн эрчим хүчийг чөлөөлөх" захирамжид Д.Трампын засаг захиргаа Дотоод хэргийн сайдад хандан USGS-ийг ураныг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулах асуудлыг авч үзэх талаар тэмдэглэжээ. 

Энэ шийдэлд хүрэх юм бол Холбооны санхүүжилтийг нээж, АНУ-д ураны төслийн тусгай зөвшөөрлийн олголтыг хурдасгана гэсэн хүлээлттэй байна. 

Өнөөгийн байдлаар ураны үнэ 71 ам.долларт хүрч буурсан ч Фукушима АЦС-ын гамшгаас хойших арван жилийн үзүүлэлтээс өндөр хэвээр буй. Үүний зэрэгцээ цөмийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ нь CO2-ын ялгарлыг бууруулах, эрчим хүч ихээхэн шаарддаг хиймэл оюун ухааны серверүүдийн эх үүсвэр болох магадлалтай холбоотойгоор нэмэгдэж байна.

Гэвч эрэлт нэмэгдэж буйгаас АНУ нь юуны түрүүнд түүхий эдийг дотоодоосоо хангах, нийлүүлэхийг эрмэлзэж, мөн хаанаас импортлох асуудалд анхаарч байгаа аж. Тус улсын үйлдвэрлэсэн ураны хэмжээ нь сүүлийн 25 жилийн хугацаанд буурчээ.  2014 онд 4.8 сая фунт байсан бол өнгөрсөн оны гуравдугаар улиралд 121,296 фунт болж 96 хувиар буурсан гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба мэдээлсэн байна. 

Хэдийгээр Ерөнхийлөгч Д.Трамп импортын татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байгаа ч, тухайлбал АНУ-ын ураны гол импортлогч орнууд Мексик, Канад, Казахстан, Узбекистан, Австрали, Орос юм.