Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар тогтоолоор батлагдсан Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны ээлжит хуралдаан (2025.02.12) болжээ.
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан ахалж буй тус хороо УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн аж үйлдвэржилтийн төслийг эрчимжүүлэх, төрийн нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, салбар дундын уялдаа холбоо, зохион байгуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэх юм.
Тус хуралдаанаар Үндэсний хорооны 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулахын зэрэгцээ төрийн өмчит “Эрдэнэс” үйлдвэрлэл, технологийн паркийн хэрэгжүүлж буй 6 парк, хувийн өмчийн “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк, орон нутгийн өмчит Налайх үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулжээ.
Эдийн засгийг тэлэх аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлж, нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлэх, уламжлалт салбарын үйлдвэрүүдийг өргөтгөн сайжруулах, том төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэл хамтарч, хөрөнгө оруулалтыг татах замаар аж үйлдвэрийн шинэ цэгүүдийг бий болгон кластераар хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, дотоодын түүхий эд, нөөц боломжид тулгуурласан дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тус хороо зорьж байна.