Украин ГХЭ-ийн 50 хувийг эзэмших АНУ-ын саналаас татгалзжээ

Украин, АНУ газрын ховор металл, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээр хараахан үр дүнд хүрээгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт (2025.02.12) АНУ-ын Сангийн сайд Скотт Бесентийн танилцуулсан гэрээнд Украины Ерөнхийлөгч В.И.Зеленский гарын үсэг зураагүй бөгөөд судлах шаардлагатай гэж үзжээ.

2022 онд Киев руу түрэмгийлсэн Оросын эсрэг Украинд цэрэг зэвсэг, эдийн засгийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд байгалийн баялаг, тэр дундаа чухал ашигт малтмалд нэвтрэх эрх олгох, мөн эрчим хүч худалдан авах амлалт өгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа хүлээж буй хэмээн ажиглагчид уг хэлэлцээрийг дүгнэж байгаа юм. 

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, дэлхийд чухал ашигт малтмалын хамгийн том нөөцийг Хятадаас гадна Бразил, Энэтхэг, Австрали, Орос, Вьетнам, АНУ эзэмшдэг. Украины хувьд газрын ховор элементийн томоохон нөөц байхгүй ч тус улсын зүүн нутгаар хэсэгчлэн Оросын мэдэлд байдаг зарим ашигт малтмалын ордууд бий. Мөн титан, лити, бал чулуу зэрэг бусад чухал ашигт малтмалын нөөц тогтоогджээ.