Өнөөдөр (2025.02.24) Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд:
Эрдэс баялгийн салбар нь ДНБ-ийн 30 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, нэгдсэн төсвийн орлогын 35 хувь, нийт экспортын 94 хувь, нийт импортын 23 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 73 хувийг дангаараа бүрдүүлж, манай улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад нэн чухал үүргийг гүйцэтгэж байдаг салбар юм.
Монгол Улсын эдийн засагт шууд байдлаар оруулж буй эдгээр хувь нэмрээс гадна тус салбарын 1 сая долларын эцсийн хэрэглээ тутамд уул уурхайн салбарт 6000 гаруй бусад салбарт шууд бусаар 9000 гаруй ажлын байрыг бий болгодог, бусад салбарын үйл ажиллагааны тогтвортой байдалд томоохон хувь нэмрийг оруулж байдаг юм.
Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид нь эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, эрдэс баялгийн салбарын цаашдын тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрийг ягштал даган мөрдөж, оролцогч талуудын хамтын ажиллагаа, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг эрхэмлэн зогсох эрхгүйгээр хөдөлмөрлөж байна.
Гэвч эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгчдийн эсрэг бодит байдлыг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй гүтгэлэг, дайралтыг зохион байгуулалттайгаар тогтмол явуулсаар байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж тус салбарын үйл ажиллагааг доголдуулах, цаашлаад манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлт нөхцөл байдлыг нэгэнт бий болгожээ.
Ардчилсан нийгэмд хуулийн хүрээнд бизнес эрхлэх эрх бүгдэд нээлттэй байдаг бөгөөд үйл ажиллагааны явцад гарч буй аливаа үл ойлголцол, тулгамдсан асуудлуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Түүнчлэн эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг доголдуулж буй эдгээр үйлдлүүд нь тус салбарт ажиллаж буй 75 мянган уурхайчдын нөр их хөдөлмөр бүтээлийг үнэгүйдүүлж, тэдний ард буй мянга мянган гэр бүлийн эдийн засгийн байдлыг дордуулахаас гадна мөн бусад салбарт ажиллаж буй иргэдийн аж амьдралд ч хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлэх бодит нөхцөл байдлыг үүсгэж буй тул тус салбарт хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар ор үндэслэлгүй гүтгэлэг, худал тоо баримттай мэдээллийг нийгэмд тараах аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг шаардаж байна.