Mining week-ийн хүрээнд олон улсын уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн Mongolia Mining үзэсгэлэн "Степпе Арена" цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ. 11 дэх жилийн үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэлсэн.
Тэрээр "Сүүлийн 5 жилийн дунджаар ДНБ-ий 15 хувийг, нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 5 хувь, ГШХО-ын 70 гаруй хувийг уул уурхайн салбарт хамаарч байна. 2021 оны ТОП аж ахуйн 22 нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс эрдэс баялгийн салбар нь эдийн засагт хэр жинтэй хувь нэмэр оруулж байгааг харж болно” гэдгийг онцлоод “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан хэрэгжүүлэх зорилтод уул уурхайн салбарын төслүүд зонхилж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын хамгийн чухал боломжит эх үүсвэр ГШХО, харин татах гол салбар нь уул уурхай" гэжээ.
Mongolia Mining-2022 үзэсгэлэнд гадаад, дотоодын 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Уул уурхай, газрын тосны техник, технологиудтай танилцуулах, ханган нийлүүлэгч, бизнесийн түншүүдийн уулзалтын гол талбар болсон энэхүү үзэсгэлэн 3 хоног үргэлжилнэ.
Мөн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвийн хүрээнд семинар зохион байгуулагдаж байна.