Оросын нүүрсний нийлүүлэлт Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос руу өсчээ

Э.ОД

Европын Холбооны нүүрсний хориг хүчин төгөлдөржсөн наймдугаар сард Хятад руу Оросын нүүрсний экспорт нэмэгдэж байна. Хятадын гаалийн мэдээллээр, долоодугаар сартай харьцуулахад Оросын нүүрсний нийлүүлэлт 15 хувиар нэмэгдэж 8.4 сая тоннд хүрсэн нь жилийн дүнгээр 57 хувийн өсөлттэй байгаа юм.

Мөн сард Энэтхэг 2.3 сая тонн нүүрс (1.8 сая тонн эрчим хүчний нүүрс) Оросоос худалдан авсан нь он гарснаас хойш хамгийн өндөр хэмжээнд тооцогджээ. Түүнчлэн, Оросын нүүрснээс татгалзахаар төлөвлөж байсан Өмнөд Солонгос наймдугаар сард 2.6 сая тонн нүүрс Оросоос импортолсон нь өнгөрсөн мөн үеэс 39 хувь, долоодугаар сарынхаас 23 хувиар нэмэгдсэн байна.
Тэгвэл Европын компаниудад гуравдагч оронд Оросын нүүрсний худалдаанд оролцох, евро бүсээр тээвэрлэхийг Европын Холбооноос зөвшөөрчээ. Тогтворгүй байдлын нөлөөллийг бууруулахын тулд бордоо, малын тэжээл, зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн, нүүрс болон холбогдох бүтээгдэхүүн зэрэг зарим барааг (тээврийг оролцуулан) Европын Холбооны бус орнууд руу тээвэрлэх, худалдахыг зөвшөөрсөн аж. Энэ сарын байдлаар Австралийн Ньюкасл боомтод эрчим хүчний нүүрсний үнэ 460 ам.долларт хэлбэлзэж байна.