Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани 100 хувь эзэмшилтэй “Улаан уул” төслийн хайгуулын ажлаар өрөмдлөгийн хөтөлбөрийн эхний дүнг (2022.09.27)танилцуулжээ. “Target 33” хэсэгт алтны өндөр эрдэсжилтийн бүс илрүүлсэн байна. Тодруулбал, газраас 50 метрийн гүнд 0.81 гр/т алтны агуулга, 58 метрийн гүнд 1.23 гр/т алтны агуулга тус тус тогтоожээ.
Xanadu Mines компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Колин Мурхед "”Улаан уул” төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн нь биднийг урамшууллаа. “Target 33”-ын анхны үр дүн нь 350м урт, 80м өргөн үргэлжилсэн алтны (0.2г/т -аас их) бүсийг тоймлон харуулсан ба энэ бүсэд өндөр агуулгатай цөм (1г/т-аас их) байна. Бид “Улаан уул”-д хийх цаашдын өрөмдлөгийн хөтөлбөрөөр тодорхойлох үлдсэн дүн шинжилгээг тэсэн ядан хүлээж буй” гэжээ.
“Улаан уул” зэс-алт, мөнгөний төсөл нь Дорноговь аймгийн Сайншандын төвөөс баруун тийш 70 км зайд байршилтай. Уг төсөл 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Xanadu Mines-ийн хувьд өнгөрсөн онд “Улаан уул” төслийг 100 хувь эзэмшин хайгуулын ажлыг бүрэн хариуцаж байгаа юм. 2022 онд хайгуулын ажилд 36 сая ам.долларын хөрөнгө оруулсан бол ирэх 12-18 сард хайгуулын ажилд 41 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн.
Түүнчлэн, компанийн гол төсөл “Хармагтай” талбайд зэс-алтны нийт 1.1 тэрбум тонн хүдрийн таамаг нөөцийг тогтоогоод байгаа. Market Intelligence-ийн мэдээллээр, жуниор компаниудын эзэмшилтэй зэс-алтны хамгийн том ашиглагдаагүй ордын нэг “Хармагтай” нөөцийн хэмжээгээр дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдэж байна.