АХБ: 2025 онд инфляц 9.1 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тус танилцуулгаас товчлон хүргэе.

Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувийн өсөлттэй байсан бол 2025 онд 6.6 хувиар өснө гэж төсөөлсөн байна. Харин 2026 онд ДНБ 5.9 хувиар өсөх төлөвтэй байна.

2025, 2026 онд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хэвээр байна. Улмаар дотоодын эрэлт өсөж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж буй нь өсөлтөд түлхэц үзүүлнэ. 

Эдийн засаг идэвхжиж, төсвийн зардал тэлж, эрчим хүчний үнэ тариф өссөнөөс үүдэн инфляц 2025 онд 9.1 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй байна. Харин 2026 онд 7 хувь болж бага зэрэг буурах хандлагатай байна. 

Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй байна. Нөгөө талаас хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардагдах тоног төхөөрөмж, бараа материал зэрэг импортын өсөлт буурахгүй хэвээр байх хүлээлттэй байна. Барааны худалдааны тэнцэл ашигтай хэвээр байна. Гэвч үйлчилгээний алдагдал, орлогын гадагшлах урсгалын улмаас урсгал данс алдагдалтай хэвээр байх төлөвтэй байна.