Нүүрсний биржийн арилжаа хязгаарлагдмал хэвээр байна

Өнгөрсөн гуравдугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэг Ханги, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтуудад (2025.03.21-23) ажилласан билээ. Ажлын хэсгийн үр дүнд Гашуунсухайт-Ганцмод боомтод нүүрсний овоолго үүссэнээс биржийн арилжаа явагдах боломжгүй байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Тэгвэл энэхүү байдал үргэлжилж байгааг тэрээр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан  (2025.04.09) мэдээллийн үеэр хэлсэн байна. 

Гашуунсухайт боомт нь биржийн арилжаа явагдаж буй гол боомт юм. Энэхүү боомтын хилийн цаадах нүүрсний овоолгын багтаамж 4.5 сая тонн байдаг. Ажлын хэсэг боомтуудад ажиллах үеэр 4.2 сая тонн овоолго үүссэнийг Монголын хөрөнгийн биржээс мэдээлсэн. Дээрх зөрүү буюу 300 мянган тоннд биржийн арилжаа явагдах боломжтой гэдгийг Сангийн сайд хэлж байсан юм. 

Тэгвэл дөрөвдүгээр сар гарснаас хойш нүүрсний биржийн арилжаа сэргэсэн байна. Сарын эхнээс хойш 537 мянган тонн нүүрс арилжлаа. Энэ нь нэгдүгээр улирлын хэмжээтэй дөхөж очсон. Дөрөвдүгээр сард "Тавантолгой" ХК нэг удаагийн арилжаагаар 352 мянган тонн бүтээгдэхүүн арилжсан нь голлон нөлөөлсөн. Тус арилжаанд үнийн өсөлт гараагүй бөгөөд хүргэлтийн хугацаа 2025-09-15 (DAP Ганцмод) нөхцөлтэй байна.

Монголын хөрөнгийн биржээр он гарснаас хойш нийт 35 арилжаагаар 1.2 сая тонн нүүрс арилжаад байна.