Монгол Улсад хэрэгжүүлэхээр Интегра санаачилгын “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг сайжруулах нь” төслийн нээлт НҮБ-ын Төв байранд өнөөдөр (2025.04.18) боллоо. Энэхүү арга хэмжээг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар нээж үг хэлсэн юм.
Засгийн газрын амлалтыг онцлон тэмдэглэж АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар "Бид Интегра Санаачилгыг манай салбарын засаглалыг бэхжүүлэх үнэ цэнэтэй платформ хэмээн баяртайгаар хүлээн авч байна. Энэ нь ашигт малтмалын нөөцийг ил тод, хариуцлагатайгаар удирдах үндэсний шинэчлэлийн бодлоготой нийцэж байна. Манай яам энэ төсөл дээр манлайлал үзүүлж ажиллана." гэжээ.
НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска "Латин хэлний “интегра” гэдэг үгнээс гаралтай шударга байдал гэдэг нь ялангуяа хэн ч хараагүй буюу хяналт тавиагүй үед чин шударга, тууштай байна гэсэн үг. Энэ бол нийтийн үйлчилгээнд итгэлийг бий болгодог үл үзэгдэх утас юм. Шударга байдлыг бэхжүүлэх нь зөвхөн ёс зүйн асуудал төдийгүй төрийн үйлчилгээг сайжруулах, итгэлцлийг сэргээх, тогтвортой хөгжлийг хурдасгах стратегийн арга зам юм." хэмээн санаачилгын ач холбогдлыг тодотголоо.
Төслийг танилцуулж “Интегра санаачилгын монгол дахь хүрээ” сэдвээр НҮБХХ-ийн Хөтөлбөрийн зохицуулагч Р.Ариунбилэг илтгэл тавьсан. Арга хэмжээний “Шударга байдал- олон нийтийн итгэл- төрийн үйлчилгээний үр нөлөө” панел хэлэлцүүлгийг НҮБХХ-ийн Зөвлөх О.Туяа чиглүүлж, УИХ-ын Гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, АҮЭБЯ-ны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, Ахлах комиссар Д,Цэнд-Аюуш, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, ББЗХ-гийн менежер Н.Дорждарь нар оролцов.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газруудын дэмжлэгээр НҮБХХ-ийн Санхүүжилтийн Цонх механизмаар дамжуулан Нийтийн нийтийн баялгийг тэгш, хүртээмжтэй, ил тод захиран зарцуулах үйл явцад шударга байдлыг бэхжүүлэх зорилготой Интегра Санаачилга төслийг Ази, Африкийн дөрвөн улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад эрдэс баялгийн салбарт чиглэж ажиллаж байна. Уг санаачилга нь уул уурхайн салбарт ил тод байдал, хариуцлага, бүх талыг хамарсан засаглалыг дэмжих зорилготой.
Интегра Санаачилга нь Монгол, Ангол, Мадагаскар, Зимбабве гэсэн дөрвөн улсад хэрэгжих ба байгалийн нөөц баялаг, ялангуяа уул уурхайн баялгийн менежментэд тулгарч буй шударга байдлын эрсдэлийг шинэлэг, бүх талыг хамарсан, жендерийн мэдрэмжтэй арга барилаар илрүүлж, бууруулахад чиглэж ажиллах юм. Мөн төслийн хүрээнд орон нутгийн болон үндэсний оролцогчдыг практик, шинэлэг шийдлүүдийг туршиж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс эрдэс баялгийн салбарын засаглалыг ил тод, хариуцлагатай болгох чиглэлээр бодлого, зохицуулалтын олон арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Гэсэн хэдий ч эрдэс баялгийн компаниуд нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй, шударга бус үйл ажиллагаа явуулдаг гэсэн тогтсон ойлголт нийгэмд хүчтэй байгаа нь тус салбар байнгын шүүмжлэлд өртөх гол шалтгаан болж буй. НҮБХХ-аас дээрх санаачилгын хүрээнд эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх чиглэлээр оролцогч талуудын шинэлэг санал санаачилга, үр дүнтэй арга хэрэгслийг туршин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр холбогдох төрийн байгууллагуудын дунд Интегра тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт эрдэс баялгийн салбарын бодлого, үйл ажиллагааны зохицуулалт, хэрэгжилтийг хариуцагч, оролцогч төрийн захиргааны болон орон нутгийн төрийн байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд энэхүү тэтгэлэгт оролцох боломжтой аж.