“Рио Тинто”-гоос 1.3 тэрбум ам.доллар нэхэмжилсэн Оросууд “Оюутолгой”-г түлшээр “шантаажилна”

С.Болд-Эрдэнэ

ОХУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн магнат “Русал” компани энэ сарын 11-нд Калининград мужийн Арбитрын шүүхэд “Рио Тинто” группээс 105 тэрбум рубль нэхэмжилсэн нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийн үр дүн Монголын Оюутолгой төслийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Учир нь “Рио Тинто” групп Австралийн хамгийн том хөнгөн цагааны исэл үйлдвэрлэгч Queensland Alumina Ltd компаниас “Русал” компанийг шахаж, тус компанийн хяналтыг бүрэн авсан. Queensland Alumina Ltd компанийн 20 хувийг “Русал”, 80 хувийг “Рио Тинто” эзэмшдэг байсан аж. ОХУ нь Украин руу довтолсноор барууны орнууд ОХУ-ын эсрэг өргөн хүрээний хориг тавьсан. Уг хоригийн дагуу 2022 оны дөрөвдүгээр сард “Рио Тинто” нь “Русал”-ын эрхийг хязгаарлаж, Австралиас “Русал”-д нийлүүлдэг хөнгөн цагааны ислийг зогсоож, мөн ногдол ашиг зэрэг эдийн засгийн үр өгөөж хүртэхийг нь хязгаарласан юм. “Русал”-ын зүгээс “Рио Тинто”-гийн эсрэг зарга мэдүүлж, чамгүй хугацаа зарцуулсан ч энэ оны хоёрдугаар сард Австралийн Холбооны шүүхээс “Русал”-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. 

 “Русал” компани Калининград мужийн Арбитрын шүүхэд “Рио Тинто”-гийн эсрэг нэхэмжлэл гаргаж, шийдвэр нь ямар ч гарсан уг шийдвэр “Рио Тинто”-д нөлөө үзүүлэх магадлал бага. Харин “Рио Тинто”-гийн 66 хувийг нь эзэмшдэг Монголын “Оюутолгой” компанид хүчтэй нөлөөлж магадгүй хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна.

Учир нь “Русал”-ын нэхэмжлэлийн хариуцагчаар “Рио Тинто”-гоос гадна уг маргаанд хамааралгүй Oyu Tolgoi Netherlands B.V., THR Oyu Tolgoi Ltd зэрэг Оюутолгойн хувьцаа эзэмшигч, шууд хамааралтай компаниудыг нэрлэсэн байна. Энэ нь Калининград мужийн Арбитрын шүүхийн шийдвэрээс хамааран Монголын “Оюутолгой” компанид дарамт учруулж болзошгүйг илтгэж байгаа юм.

“Оюутолгой” компани нь ОХУ-ын төрийн өмчит компаниас түлш, шатахуунаа авдгаас гадна түүнийгээ УБТЗ буюу ОХУ-ын 50 хувийн эзэмшил бүхий төмөр замаар тээвэрлэдэг. Жилд 100 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг, түүнийгээ Оросоос авдаг Оюутолгой” компанийн хувьд энэ нь хүндхэн сорилт болж магадгүй. 

Дашрамд дурдахад “Русал” нь хөнгөн цагааны үйлдвэрлэлээр Хятадын дараа орохуйц томоохон үйлдвэрлэгч байсан бөгөөд тус компанийн 56 хувийг Олег Дерипаскагийн үүсгэн байгуулж эзэмшдэг En+ групп эзэмшдэг юм.