Miningintelligence: Дэлхийн литийн хамгийн том 10 төсөл

Цахилгаан машин, ухаалаг гар утас, батарейны гол түүхий эд болох литийн үнэ дээд амжилт тогтоож есдүгээр сард Хятадын зах зээл дээр 71 315 ам.доллар/тонн болсон. Тус улсын автомашины ассоциациас, энэ онд Хятадын цахилгаан машины борлуулалт 6 саяд хүрэх төлөвийг дэвшүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны хэмжээнээс хоёр дахин өсөх үзүүлэлт юм. Литийн үнэ 100 мянган ам.доллар давах ба Хятад тухайн металлын ханшийн өсөлтийг барьж дийлэхгүй байх магадлалтай гэж Tesla компанийн үүсгэн байгуулагч Элон Маск үзэж байна.

2022 оны байдлаар дэлхий дахины литийн хамгийн том төслүүдийг Miningintelligence-ээс эрэмбэлжээ.

1. Bonnie Claire
Iconic Minerals, Nevada Lithium Resources-ийн хамтран хэрэгжүүлэх төсөл нь 18.3 сая тонн нөөцтэй. Саркобатусын хөндий дэх уг төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийж байна. Төслийн хүрээнд өрөмдлөг хийхээр төлөвлөсөн 39 талбай багтжээ.
2.Thacker Pass
АНУ-ын Невада мужид Lithium Americas компанийн хэрэгжүүлэх энэ төсөл 18.1 сая тонн нөөцтэй. Төслийг хоёр үе шаттай ил уурхайгаас олборлох аж.
3.Manono
Өнөөгийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа яваа. БНАКонго улс дахь уг төсөл 16.4 сая тонн нөөцтэй. Австралийн “AVC Minerals” компани нь энэхүү төслийн хувь эзэмшилтэй холбоотой Хятадын “Zining Mining”-тай шүүхийн маргаантай буй.

4.McDermitt
АНУ-ын Орегон мужид орших 13.2 сая тонн нөөцтэй энэ төслийг Jindalee Resources компани эзэмшиж байна.

5.Sonora
Мексик дэх 8.8 сая тонн нөөцтэй уг төслийг Bacanora Lithium компани эзэмшдэг ба одоогоор төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тус компанийг Хятадын Ganfeng Lithium худалдаж авч байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сард Мексикийн засгийн газраас литийг стратегийн ашигт малтмалаар зарласан билээ.
6.Cinovec
ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа хэрэгжиж буй 7.3 сая тонн нөөцтэй төслийг Чехийн CEZ групп эзэмшдэг. Европ дахь хамгийн том литийн үндсэн орд юм.
7.Mount Holland-Earl Grey Lithium
SQM-Wesfarmers компани хамтран Баруун Австралид 7 сая тонн нөөцтэй уг төслийг хэрэгжүүлж байна.

8.Jadar
Серби дэх 6.4 сая тонн нөөцтэй энэхүү төслийг Рио Тинто групп хэрэгжүүлнэ. Төсөл нь орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч нэгдүгээр сард тусгай зөвшөөрлөө цуцлуулсан ч Сербийн Засгийн газартай дахин хэлэлцээр эхлүүлээд байгаа юм.
9.Clayton Valley
Невада мужид Cypress Development компанийн хэрэгжүүлэх уг төсөл 5.8 сая тонн нөөцтэй. Өнгөрсөн онд АНУ-ын холбооны зөвшөөрлийг авсан төсөл юм.
10.Zeus
Невада мужийн Клэйтон хөндийд орших энэ төсөл 5.7 сая тонн нөөцтэй. Noram Lithium компанийн эзэмшилтэй Zeus төсөл нь АНУ-ын литийн томоохон үйлдвэрлэл болох Albemarle Silver Peak-ээс 1.6 км зайд буй.