Критикал минералын боловсруулалтад зориулж $500 саяын сан байгуулав

Канадын Онтарио мужийн засаг захиргаа Критикал минералыг боловсруулах сан байгуулж буйгаа өнгөрсөн баасан гараг (2025.12.12)-т зарласан байна. Тус санд төвлөрсөн 500 сая ам.долларыг олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатны сүлжээг бий болгоход зориулах юм. 

Онтарио мужийн Эдийн засгийн хөгжил, ажлын байр бий болгох, худалдааны сайд Вик Федели хэлэхдээ, "Критикал минералыг боловсруулах сангаар дамжуулан Онтарио мужид критикал минералын иж бүрэн үйлдвэрлэлийн сүлжээг бий болгоно. Үүний үр дүнд өндөр цалинтай ажлын байрны тоо нэмэгдэж, эдийн засаг хүчирхэгжиж, манай мужийн энэхүү салбар дахь дэлхийн тэргүүлэгч гэсэн байр суурийг тодруулах болно. Бид зөвхөн критикал минералын салбар төдийгүй батлан хамгаалах, сансар судлал, автомашин, анагаахын шинжлэх ухаан, дэвшилтэд технологийн салбарт тогтвортой, аюулгүй байдлыг хангаж байна" гэжээ. 

Тус муж нь Канадын ДНБ-ий 38 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд никель, алт, зэс, цагаан алтны бүлгийн металлын үйлдвэрлэлээр тэргүүлдэг юм.