2026 онд дэлхийн газрын тосны эрэлт, нийлүүлэлт тэнцвэржих төлөвтэй байна

2026 онд дэлхийн газрын тосны эрэлт, нийлүүлэлт тэнцвэржих төлөвтэй байгааг ОПЕК-оос гаргасан шинэ тайлан харуулсан байна. Энэ нь Олон улсын эрчим хүчний агентлаг зэрэг бусад байгууллагын нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэсэн таамагтай зөрсөн гэдгийг Reuters мэдээлжээ.

+ОПЕК-ийн гишүүн орнууд нийлүүлэлтийг тогтворжуулах үүднээс 2026 оны эхний улиралд олборлолтыг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөг түр хойшлуулахаар болсон байна.  

Өнгөрсөн 7 хоногт хэвлэгдсэн сар бүрийн тайланд +ОПЕК-ийн орнууд 2025 оны 11 дүгээр сард 43.06 сая баррель/өдөр түүхий газрын тос олборлосон нь өмнөх сараас 43 мянган баррель/өдрөөр өссөн үзүүлэлт болсон. Тэгвэл ирэх жил газрын тосны эрэлт өнгөрсөн сартай ойролцоо буюу дунджаар 43 сая баррель/өдөр байхаар ОПЕК тооцсон. Харин 2026 оны эхний улиралд 42.6 сая баррель/өдөр байхаар таамагласан байна.  

Хэрэв 2026 онд 11 дүгээр сарын хэмжээгээр олборлосон тохиолдолд нийлүүлэлт эрэлтээс 60 мянган баррель/өдрөөр илүүднэ гэдгийг шинжээчид хэлж байна. Энэ нь Олон улсын эрчим хүчний агентлаг ирэх онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт эрэлтээс өдөрт 3.84 сая баррель буюу 4 хувиар давна гэсэн төлөвөөс бага байгаа юм. 

ОПЕК 2025, 2026 онд олон улсад газрын тосны эрэлт өснө гэсэн таамаглалыг хэвээр үлдээж, дэлхийн эдийн засаг тогтвортой байхыг тайланд дурдсан байна. 

Эх сурвалж: Reuters