Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуй нь аливаа байгууллагын тогтвортой үйл ажиллагааны үндэс юм. Гэсэн хэдий ч мэргэжлээс шалтгаалах өвчлөл (МШӨ) буурахгүй, харин ч жилээс жилд нуугдмал хэлбэрээр нэмэгдэх хандлага ажиглагдсаар байна. Үүний гол шалтгаан нь ажилтны ухамсар, дадалтай шууд холбоотой болохыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмч нар болон салбарын мэргэжилтнүүд судлаачид онцолдог.
Мэргэжлээс шалтгаалах өвчлөл гэдэг нь ажлын байрны хортой хүчин зүйлсийн улмаас удаан хугацаанд үүсдэг өвчин эмгэг билээ. Тоосжилт, дуу чимээ, доргилт, химийн бодис, буруу байрлал, давтамжтай нэг төрлийн хөдөлгөөн зэрэг нь ажилтны эрүүл мэндэд аажмаар мөртлөө урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг.
Осол гэмтэл болон хордлого зэрэг шиг гэнэтийн хурцаар илэрдэггүй учраас МШӨ-ийг ажилтан өөрөө ч, ажил олгогч ч анзаарахгүй өнгөрөөх нь элбэг. Харин өвчлөл илэрсэн үед урт удаан хугацааны эмчилгээ шаардаж, ажлын бүтээмж буурч, байгууллагын зардал нэмэгддэг зүй тогтолтой.
Үүнээс урьдчилан сэргийлэх нэг гол түлхүүр нь ажилтны оролцоо юм. Ажлын байрны аюулгүй байдлыг зөвхөн дүрэм журам, зааварчилгаагаар хязгаарлаж болохгүй. Ажилтан өөрөө оролцож, ойлгож, дадал болгох үед л бодит үр дүн гардаг.
Ажилтны оролцоо гэдэг нь эрсдэлийг таньж мэдэх, өөрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандах, аюулгүй ажиллагааны шаардлагыг өдөр тутмын дадал болгох, хамгаалах хэрэгслийг зөв, тогтмол хэрэглэх, зөрчил, эрсдэлийг мэдээлэх идэвхтэй хандлага юм.
Идэвхтэй оролцоотой ажилтан бол зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй хамт олноо ч эрсдэлээс сэргийлж чаддаг. Үүний хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй шийдэл нь хувийн хамгаалах хэрэгслээ тогтмол бөгөөд зөв хэрэглэх явдал.
МШӨ-өөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний бөгөөд үр дүнтэй алхам бол хувийн хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ юм. Амны хаалт, амьсгалын аппарат, чихний хамгаалалт, хамгаалалтын бээлий, нүдний шил, ажлын хувцас, хамгаалалтын малгай, бүс зэрэг нь хортой хүчин зүйлийг бүрэн арилгахгүй ч хүний биед нөлөөлөх нөлөөг эрс бууруулдаг.
Гэвч бодит байдал дээр энэ бүхнийг хэрэглэхэд төвөгтэй, биед эвгүй, ажлыг удаашруулдаг, дасаагүй гэх зэрэг шалтгаанаар хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэхээс төвөгшөөх, эсвэл буруу, дутуу хэрэглэдэг тохиолдол түгээмэл. Энэ нь МШӨ үүсэх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс ажилтны ухамсар маш чухал.
Энэ нь тухайн байгууллагад хувийн хамгаалах хэрэгсэл хэчнээн байгаад ч дангаараа хангалтгүйн илэрхийлэл юм. Хамгийн гол нь түүнийг хэрэглэх ажилтан ач холбогдлыг нь ойлгож, өөрийн эрүүл мэндтэй холбож ухамсарлан хэрэглэж байгаа үед л бодитоор жинхэнэ хамгаалалт болдог.
Иймээс байгууллагууд дараах зүйлд анхаарах шаардлагатай юм. Хувийн хамгаалах хэрэгслийн ач холбогдлыг бодит жишээгээр тайлбарлах, ажилтны санал хүсэлт, оролцоог сургалтад бодитоор бий болгох, зөв хэрэглээг урамшуулах, хяналтын зөв тогтолцоо бүхий соёл бүрдүүлэх, удирдлагууд нь өөрсдөө үлгэрлэх нь чухал байдаг байна.
Гэхдээ аюулгүй ажиллагаа бол даргын тушаал биш, хамтын хариуцлага гэдгийг ажилтан бүр ойлгох нь чухал юм.
Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах хамгийн хүчтэй хэрэгсэл бол ажилтны идэвхтэй оролцоо бөгөөд энэхүү оролцооны хамгийн энгийн, хамгийн бодит илэрхийлэл нь хувийн хамгаалах хэрэгслийн зөв, тогтмол хэрэглээ билээ.
Хувийн хамгаалах хэрэгсэл ирээдүйн эрүүл мэндийнх нь баталгаа гэдгийг ойлгосон ажилтан л түүнийг тогтмол бөгөөд зөв хэрэглэж чадна. Эрүүл ажилтан бол байгууллагын хамгийн чухал баялаг билээ.




















