Эрэгтэйчүүд мэргэжлээс шалтгаалах өвчинд хамгийн их өртдөг

Монгол Улсад 2000-2024 оны хооронд шинээр бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалах өвчний (МШӨ) тохиолдлыг судлахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хэд дахин илүү өртөж байгаа үзүүлэлт гарчээ. Зарим салбарт өвчний эрсдэл сэрэмжлүүлэхүйц хэмжээнд байгаа нь анхаарал татаж байна.

Шинээр бүртгэгдсэн МШӨ-ий тохиолдлыг хүйсээр ангилж шинжлэхэд 2000 онд шинээр бүртгэгдсэн МШӨ-ий 65.6 хувь нь эрэгтэйчүүд байсан бол 2024 онд 96.5 хувьд хүрсэн байна. 

График 1. МШӨ – хүйсээр /2000-2024/

Эрэгтэйчүүдийн өндөр эрсдэлтэй байгаа шалтгаан ажлын орчинтой холбоотой. Үүнийг МШӨ-ийг салбараар ангилсан үзүүлэлтээс харж болохоор байна. Уг шинжилгээгээр эрэгтэйчүүдийн хувьд уул уурхай, геологийн салбар хамгийн өндөр эрсдэлтэй гарчээ. 

2000-2009 онд уул уурхайн салбарт бүртгэгдсэн эрэгтэйчүүдийн тохиолдол нийт эрэгтэйчүүдийн 61.8 хувийг эзэлж байсан бол 2020-2024 онд зөвхөн 5 жилд 263 тохиолдол бүртгэгдсэнээр нийт эрэгтэйчүүдийн 86 хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь уул уурхайн салбарт ажиллагсад өдөр тутмын ажлынхаа явцад доргилт, тоосжилт, дуу чимээ, химийн бодистой орчинд ажилладгаас энэ нь урт хугацааны туршид хуримтлагдсаар архаг МШӨ үүсэх үндэс болдог байна. 

Геологи, уул уурхайн салбар өндөр эрсдэлтэй байгаа нь тухайн салбарын онцлогтой ч холбоотой юм. Учир нь уул уурхай олон жил эрэгтэйчүүд давамгайлсан салбар байсаар ирсэн билээ. Үүний араас эрчим хүч, боловсруулах үйлдвэр, тээвэр, барилгын салбар орж байна. 

Түүнчлэн насны бүлгийн хувьд 35-54 насны эрэгтэйчүүдэд амьсгалын тогтолцоо (J00–J99), мэдрэлийн систем (G00–G99)-ийн өвчин хамгийн түгээмэл илэрч оношлогддог байна. 

Энэ нь ердийн нэг статистик үзүүлэлт төдий биш бөгөөд ирээдүйд эрүүл мэндээ алдсан олон эрэгтэйчүүдийн түүх болж хувирах асуудал юм. Дээрх тоо баримтууд нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд нэн даруй эрэгтэйчүүд рүү онцгойлон чиглүүлэх шаардлагатайг харуулж байна.

Мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлийг бууруулахын тулд:

  1. Эрэгтэй ажилтнуудыг эрүүл мэндийн тогтмол хяналтад байлгаж, 
  2. Ажлын орчны хамгаалалтын тоног төхөөрөмжийн хэрэглээг зөв хэвшүүлж, 
  3. Хөдөлмөрийн эрүүл ахуйг сайжруулах сургалт, мэдлэг олгох зэрэг арга хэмжээг онцгойлон хэрэгжүүлэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Энэ бүхэн бол эрэгтэй ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг хамгаалах амьдралын шаардлага юм.