Ажлын байран дахь дуу шуугиан бол чимээгүй тахал

Дуу шуугиан нь ажлын байранд түгээмэл тохиолддог, тэр хэрээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аюултай хүчин зүйлсийн нэг юм. Зөвхөн үйлдвэр бус албан тасалгаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд ч дуу шуугианы нөлөөнд өртдөг. Шуугианаас бүрэн ангид ажлын байр гэж бараг үгүй. 

Манай улсад дуу шуугианаас гаралтай сонсголын өвчнөөр оношлогдсон 70 хүн МШӨ-ний хяналтад байна. Энэ онд л гэхэд 3 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тэгвэл мэргэжлээс шалтгаалах өвчлөл хамгийн өндөр гурван салбарт тооцогддог эрчим хүчний салбарт дуу шуугианы өртөлт өндөр байдаг байна. Эрчим хүчний салбарын ажилчдын 42 хувь нь дулааны цахилгаан станцуудад ажилладаг. Дулааны цахилгаан станцуудын олон жилийн насжилттай, хуучирсан тоног төхөөрөмжийн элэгдлээс үүдэж үйлдвэрлэлийн орчин дуу шуугиан, тоос ихтэй байдаг. Энэ нь инженер техникийн ажилтнуудыг дуу шуугианаас гаралтай мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. 

Дуу шуугианаас үүдсэн эмгэг эхэндээ зовуурь багатай ч аажимдаа давшингуй явцтай. Шуугиан нь хүний эрүүл мэндэд сонсголын болон сонсголын бус гэсэн хоёр төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг. 

“Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ажилтны сонсгол хамгаалахад тавих ерөнхий шаардлага” MNS 6768:2019 стандартад ажлын байран дахь шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээг 85 дБА гэж тогтоосон байдаг. Уг хэмжээнээс хэтэрсэн шуугианд удаан хугацаанд өртөх, эсвэл нэг удаа хэт чанга дуу чимээнд өртөх нь сонсголын эрхтнийг гэмтээж, сонсгол буурах, улмаар дүлийрэх эрсдэлийг үүсгэдэг. Энэ бол сонсголын нөлөө юм. 

Мөн шуугиан сонсголд шууд нөлөөлөхөөс гадна дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах, цусны даралт ихсэх, хоол боловсруулах эрхтний эмгэг үүсэх, нойргүйдэх, ядрах, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нь сонсголын бус нөлөө юм. 

Хүний сонсголын эрхтэн гадна, дунд, дотор чих гэсэн гурван хэсгээс бүрддэг. Шуугианаас гаралтай сонсгол алдагдал гэдэг нь дууны даралтыг дотор чих хүлээн авч, сонсох үйл явц алдагдсанаас үүдэлтэй эмгэг юм. Нэгэнт илэрсэн бол бүрэн эдгэрэх, нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Харин ажлын байран дахь шуугианыг бууруулах арга хэмжээ авах, сонсгол хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх, эрүүл мэндийн үзлэг тандалтыг тогтмол хийх замаар бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. 

Дуу шуугианаас гаралтай сонсгол алдагдал үүсэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: 

  • Хувь хүний мэдрэг байдал 
  • Дууны хүч 
  • Дууны давтамж 
  • Шуугианы төрөл 
  • Нэг хоногт шуугианд өртөж ажилласан хугацаа 
  • Шуугиантай орчинд ажилласан нийт хугацаа 

Мөн шуугиан нь анхаарал сарниулах, цочромтгой болгох, уцаарлах, ядрах, амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг сэтгэл зүйн сөрөг нөлөө үзүүлдэг. Үүний улмаас ажилтнуудын хоорондын харилцаанд саад учирч, ажлын аюулгүй ажиллагаа алдагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Мэргэжлээс шалтгаалсан сонсгол алдагдлаас урьдчилан сэргийлэхэд шуугианы өртөлтийг хэмжих, үнэлэх нь чухал ач холбогдолтой. Ажилтны шуугианд өртөх түвшнийг ажлын ээлжийн турш, сонсголын түвшинд дозиметр багаж ашиглан хэмждэг. Ингэснээр тухайн ажилтны бодит өртөлтийг тодорхойлж, сонсгол алдагдах эрсдэлийг үнэн зөв үнэлэх боломж бүрдэнэ. Мөн орчны дуу чимээний түвшинийг үнэлэх зорилгоор өдрийн болон шөнийн цагт шуугиан хэмжигч багаж ашиглан хэмжилт хийдэг. 

MNS 6768:2019 стандартад зааснаар ажлын байран дахь шуугианы түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд ажил олгогч нь тухайн ажилтнуудыг эрүүл мэндийн тандалтын хүрээнд сонсголын бичлэг (аудиометрийн сорил)-т хамруулах үүрэгтэй. Мөн шуугианы 8 цагт жинлэсэн дундаж хэмжилтээр ажилтан 80 дБА буюу сэрэмжлэх түвшнээс их шуугианд өртөж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь “Сонсгол хамгаалах хөтөлбөр”-ийг стандартын дагуу хэрэгжүүлэх ёстой байдаг.

Шуугианаас гаралтай сонсгол алдагдлыг мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмч, сонсголын эмч нар аудиометрийн шинжилгээ, камертоны сорил болон эмнэлзүйн үзлэгийн үндсэн дээр оношилдог.