Тоос бол харагддаггүй дайсан

Монгол Улсад мэргэжлээс шалтгаалах өвчний хяналтад байдаг өвчтөний тоогоор барилгын салбар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Мэргэжлээс шалтгаалсан оноштой 9 өвчтөн тутмын нэг нь барилгын салбарт хамаарч байгаа юм. 2035 он гэхэд нийт ажиллах хүчний эрэлт барилгын салбарт 55.9 мянган хүнээр тус тус нэмэгдэх төлөвтэй. Энэхүү өсөлтийг дагаад МШӨ-ий тохиолдол өсөх эрсдэлтэй тул түүнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавар, дарамтаас урьдчилан сэргийлэх асуудлыг анхаарах шаардлагатай байна.

Барилгын салбарын ажилтнууд ажлын байран дахь тоосонд хамгийн их өртдөг байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, өвчин эмгэг үүсгэдэг тоос ихэвчлэн ашигт малтмалын олборлолт, боловсруулах үйлдвэр, төмөр болон авто зам, барилга байгууламж, цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн салбарт бий болдог. 

Эдгээр салбарын ажилтнууд ажлын байран дахь тоосонд удаан хугацаанд, байнгын давтамжтайгаар өртсөнөөр эрүүл мэндэд дараах сөрөг нөлөө, өвчин эмгэгийг үүсгэх эрсдэлтэй. Үүнд,  

  • Хамар, хоолойн цочрол
  • Харшил
  • Хамрын салстын үрэвсэл
  • Хоолой өвдөх
  • Гуурсан хоолойн үрэвсэл
  • Архаг ханиалга
  • Бронхит
  • Астма сэдрэх
  • Уушгины багтраа
  • Силикоз
  • Архаг уушгины өвчин
  • Хавдар үүсгэх эрсдэлтэй.

Хүнд үйлдвэрийн салбарт 10-24 жил ажилласан хүмүүст тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл хамгийн өндөр хувиар илэрдэг. Ажлын байран дахь тоосны шалтгаант эмгэгээр дэлхий дээр жилд 2-3 сая хүн оношлогддог. 

Тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалах өвчин нь эдгэрэхгүй. Ажил олгогч ажлын байранд тоосны эх үүсвэрт зөв хяналтын арга хэмжээ төлөвлөж, хэрэгжүүлэх, тоосны өртөлтөөс урьдчилан сэргийлэх зан үйл, дадалтай болох зэргээр амьсгалын замын өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь ажилтнууд үйлдвэрлэлийн орчинд хамгаалах хэрэгслийг зөв сонгон хэрэглэж, өдөр тутмын дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм. 

Монгол Улсын тухайд Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага (MNS 6654:2017) стандартыг 8 жилийн өмнөөс мөрдөж байна. Анх удаа Засгийн газрын тогтоолоор 2024 оны 12 дугаар сард баталсан Тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах техникийн зохицуулалтад MNS 6654:2017 стандартын хэрэгжилтийг тусгасан. Ингэснээр тухайн стандартыг заавал мөрдөн хэрэгжүүлэх зохицуулалттай болж байгаа юм.

Иймд ажлын байран дахь тоосны шинж чанарыг тодорхойлон түүнд тохирсон хяналтын арга хэмжээ авахын зэрэгцээ хамгаалах хэрэгслийг хэрэглүүлэн ажилтнаа хамгаалахыг уриалах нь зүйтэй.