Монгол Улсын хэмжээнд далд аргаар ашиглах 49, ил далд хосолсон аргаар ашиглах боломжтой 16 уурхайн техник, эдийн засгийн үнэлгээг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авчээ. Үүнээс өнгөрсөн оны ашиглалтын үйл ажиллагааны тайлангаар 12 аймагт 37 аж ахуйн нэгж 39 тусгай зөвшөөрөл дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Олборлолт явуулж байгаа ордуудыг ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл, хайлуур жонш хамгийн их тоотой байгаа бол алт удаалжээ. Эдгээрийн араас холимог металл, гянтболд, зэс орж байна.
Хайлуур жоншны 25 далд уурхай Монголд байгааг АМГТГ-аас онцолсон. Үүнээс олборлож байгаа жоншны хэмжээ, баяжуулж буй бүтээгдэхүүнээрээ хамгийн том нь Хэнтий аймаг дахь “Монголросцветмет” ТӨҮГ-ын “Бор Өндөр”- ийн уулын баяжуулах үйлдвэрийн далд уурхай юм. Түүний харьяанд “Зүүн цагаан дэл”-ийн шинээр байгуулж байгаа далд уурхай мөн бий. Гянтболд олборлож буй гурван далд уурхайн нэг нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь Ховд голын гянтболдын уурхай. Тус уурхайг “CC Монголиа” компани эзэмшдэг бөгөөд 2014 оноос олборлолтоо эхлүүлсэн. Өдөрт таван тонн баяжмал гаргах хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй бөгөөд 65-70 хувийн агуулгатай баяжмал үйлдвэрлэж байна.
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. 100 жилийн он тоолол, түүний хөгжил Налайхын уурхайгаас эхлэх бөгөөд анхны далд уурхайн нэг. Нүүрсийг лааны гэрэлд жоотуу, зээтүүгээр ухаж авч байсан улс мөр, түүнийг гэрчлэх баримтыг 1970 онд налуу уурхайнд ажиллаж байсан уурхайчид олж, илрүүлсэн байдаг. Асааж байсан лаа, дэнгийн үлдэгдэл далд уурхай монголчуудын хувьд шинэ зүйл биш гэдгийг нотлон харуулжээ. Налайхын уурхайгаас гадна 1950-иад оноос хойш Их хайрханы уурхай, Бүрэнцогтын гянтболдын уурхай, Бэрхийн хайлуур жоншны уурхай, Баяндүүрэхийн нүүрсний уурхай зэрэг далд аргаар ашиглалт явуулах уурхайнууд ээлж дараалан нээгдсэн байдаг. Бэрхийн далд уурхайд суурилан “Музей-Сургалт-Судалгаа-Аялал жуулчлалын төв” байгуулахаар болсон билээ.