Хятадын Үндэсний статистикийн газрын (2023.01.17)мэдээллээр, өнгөрсөн онд тус улс 1.013 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь 2021 оны үйлдвэрлэлийн хэмжээтэй харьцуулбал 2.1 хувиар буюу 21.73 сая тонноор бага байна. Ингэснээр хоёр дахь жилдээ дараалан Хятадын гангийн үйлдвэрлэл буурчээ.
2022 онд тус улс ган үйлдвэрлэлийнхээ өсөлтийг үргэлжлүүлэн хязгаарлах бөгөөд эрэлт ч мэдэгдэхүйц нэмэгдэхгүй гэж шинжээчид үзэж байна. Зах зээлийн зарим оролцогчид оны эхний хоёр сард үргэлжлэн Хятадад гангийн үйлдвэрлэл буурна гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын өсөлт удааширснаар 2023 онд гангийн эрэлт бага зэрэг буурна гэж тус улсын Төмөр, гангийн холбооны (CISA) дэд ерөнхийлөгч Луо Тижүн жил тутмын бага хурал дээр мэдэгдсэн байна.
NBS-ийн тоо баримтаар, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын шинэ орон сууцны барилга өмнөх оныхоос 44 хувиар буурчээ. 2022 онд тус улсын гангийн эрэлтийн хамгийн чухал хөдөлгөгч хүчин нь шинэ орон сууцны барилга байсан. Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Төв банкнаас үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжих 16 арга хэмжээ зарласан бол арилжааны томоохон банкууд салбарыг бэлэн мөнгөний хомсдолоос ангижруулах 162 тэрбум ам.долларын зээлийн багцыг олгохоо мэдэгдсэн.
2022 оны дэд бүтцэд оруулсан нийт хөрөнгө оруулалт 2021 оныхоос 9.4 хувиар өсжээ. S&P Global-ийн тандалтаар Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалт одоогийн өсөлтийн хурдаа 2023 онд хадгална гэж зах зээлийн оролцогчид найдаж байна.