2023 онд төмөр замаар 35 сая тонноос доошгүй ачаа, 2.4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8 хувиар нэмэгдэнэ. Хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгнө гэж гэж ЗТХЯ-аас мэдээлжээ.
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж, Богдхан төмөр зам төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэх зорилт тавин яамнаас ажиллаж байна.
Мөн холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт нэг мянга 399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна.
Шивээхүрэн-Сэхэ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлэхээр төлөвлөгөөт ажлууд шат дараатай явагдаж байна.
Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам